Тооллого 5:11-31

Тооллого 5:11-31 АБ2013

Тэгээд ЭЗЭН, Мосетэй ярин — Израилийн хөвгүүдтэй ярин тэдэнд ийн хэлтүгэй. “Хэрэв хэн нэгэн хүний эхнэр урван төөрөлдөж нөхөртөө үнэнч бус байсан бол, хэрэв өөр эр түүнтэй хурьцал үйлдсэн ч, энэ явдал нөхрийнх нь нүднээс далдлагдаж, ингэснээр өнөөх эмэгтэй өөрийгөө бузарласан хэдий ч тэр нь илчлэгдээгүй, түүний эсрэг ямар ч гэрч байхгүй мөн тэрээр үйлдэл дээрээ баригдаагүй боловч нөхөрт нь хардах сэтгэл төрж, тэрээр өөрийгөө бузарласан эхнэрээ хардвал, эсвэл эхнэр нь өөрийгөө бузарлаагүй байхад нөхөрт нь хардах сэтгэл төрж эхнэрээ хардвал, тэр хүн эхнэрээ тахилчид авчрах бөгөөд түүний өргөл болох ефагийн аравны нэг арвайн гурилыг авчрах ёстой. Энэ нь хардалтын идээн өргөл бөгөөд хилэнцийг сануулсан сануулгын идээн өргөл учир тэр үүн дээр тос асгаж болохгүй, гүгэл ч тавих ёсгүй. Тахилч өнөөх эмэгтэйг ойртуулж, ЭЗЭНий өмнө түүнийг зогсооно. Тахилч шавар саванд ариун усыг хийгээд, асрын шалан дээрх шорооноос авч түүнийгээ усанд хийнэ. Тахилч тэр эмэгтэйг ЭЗЭНий өмнө зогсоогоод, толгойг нь задгайлж, хардалтын идээн өргөл болох сануулгын идээн өргөлийг гарт нь өгнө. Тахилчийн гарт хараал авчрах гашуун ус байх болой. Тахилч өнөөх эмэгтэйгээр андгайлуулаад, тэр эмэгтэйд «Хэрэв ямар ч эр хүн чамтай унтаагүй бөгөөд чи нөхрийнхөө эсрэг бузар явдалд самуураагүй байх аваас хараал авчрах энэ гашуун уснаас чи чөлөөлөгдөнө. Хэрэв чи нөхрийнхөө эсрэг садарлан, өөрийгөө бузарлаж, нөхрөөс чинь өөр эр хүн чамтай хурьцал үйлдсэн байх аваас (тахилч өнөөх эмэгтэйгээр хараалын тангараг тавиулаад, эмэгтэйд) ЭЗЭН гуяыг чинь хатаан, хэвлийг чинь хөөлгөж ард олны чинь дунд чамайг хараал ба тангараг болгох болтугай. Хараал авчрах энэ ус чиний дотор орж, хэвлийг чинь хөөлгөн, гуяыг чинь хатааг» гэнэ. Өнөөх эмэгтэй «Амен, Амен» гэж хэлэг. Тахилч эдгээр хараалыг хуйлмал номд бичээд, түүнийгээ гашуун усанд угаана. Тэгээд тэр хараал авчрах гашуун усыг эмэгтэйд уулгана. Хараалыг авчрах гашуун ус түүний биед орон, гашууныг бий болгох ажгуу. Тахилч өнөөх эмэгтэйн гараас хардалтын идээн өргөлийг авч, уг идээн өргөлийг ЭЗЭНий өмнө даллан, тахилын ширээнд авчирна. Тахилч дурсгалын хувь болох идээн өргөлөөс атгыг авч, тахилын ширээн дээр шатаан уугиулаад, дараа нь тэр эмэгтэйд усыг уулгана. Эмэгтэйд усыг уулгахад хэрэв тэр эмэгтэй өөрийгөө бузарлан, нөхөртөө үнэнч бус байсан аваас хараал авчрах ус түүний биед орон гашууныг бий болгох бөгөөд түүний хэвлий хөөн, гуя нь хатаж, тэр эмэгтэй ард олныхоо дунд хараал болно. Хэрэв өнөөх эмэгтэй өөрийгөө бузарлаагүй бөгөөд цэвэр байх аваас тэр чөлөөлөгдөж, үр тогтох чадвар нь хэвээрээ байна. Хардалтын хууль энэ юм. Эхнэр нь нөхрийнхөө захиргаан дор байдаг атал самуурч, өөрийгөө бузарлаваас эсвэл нөхөрт нь хардах сэтгэл төрж, тэрээр эхнэрээ хардан эмэгтэйг ЭЗЭНий өмнө зогсоовоос тахилч энэ бүх хуулийг эмэгтэйд хэрэгжүүлэх ажгуу. Тэгээд нөхөр нь хилэнцээс цэвэрлэгдэж, харин эмэгтэй хилэнцээ үүрэх болно” гэж айлдлаа.

Video for Тооллого 5:11-31