Тооллого 27
27
Зелофехадын охид
1Дараа нь Иосефын хүү Манассегийн ургуудаас Манассегийн тач, Махирын дөч, Гилеадын гуч, Хеферийн ач, Зелофехадын охид иржээ. Түүний охидын нэрс нь Махла, Ноа, Хогла, Милка, Тирза нар байв. 2Тэд уулзалтын майхны үүдэнд Мосегийн өмнө, тахилч Елеазарын өмнө, удирдагчид болон даяар хотол түмний өмнө зогсоод
— 3Бидний эцэг цөлд үхсэн хэдий ч Корагийн нөхөдтэй хамт ЭЗЭНий эсрэг цугласан хүмүүсийн дунд тэр байгаагүй. Харин тэр өөрийнхөө гэм нүглээс болж үхсэн бөгөөд хүүгүй байсан. 4Хүүгүй байснаас болж бидний эцгийн нэр бүлийнхээ дотроос яагаад арилах ёстой билээ? Эцгийн маань ах дүүсийн дунд бидэнд өв өгөөч гэв.
5Мосе тэдний хэргийг ЭЗЭНий өмнө аваачив. 6ЭЗЭН, Мосетэй ярин
— 7Зелофехадын охид зөв зохистой юм хэлж байна. Чи тэдэнд эцгийнх нь ах дүүсийн дунд өвлөгдөх эзэмшлийг өгөх ёстой. Чи тэдний эцгийн өвийг тэдэнд шилжүүлэн өгтүгэй.#Тоо 36:2 8Түүнчлэн чи Израилийн хөвгүүдтэй ярин “Хэрэв хүн үхэхдээ хүүгүй байвал, түүний өвийг та нар охинд нь шилжүүлэн өгөгтүн. 9Хэрэв тэр хүн охингүй байх аваас түүний өвийг та нар ах дүү нарт нь өгөгтүн. 10Хэрэв тэр хүн ах дүүгүй бол түүний өвийг та нар эцгийнх нь ах дүү нарт өгөгтүн. 11Хэрэв түүний эцэг нь ах дүүгүй байх аваас түүний өвийг та нар ургийн доторх хамгийн ойрын хамаатанд өгөх бөгөөд тэр нь түүнийг эзэмших болой. Энэ нь Мосед ЭЗЭНий тушаасан ёсоор Израилийн хөвгүүдэд хууль ёсны зарлиг болох ёстой” хэмээн хэл гэв.
Мосегийн залгамжлагч Иошуа
(Дх 31:1–8)
12Дараа нь ЭЗЭН, Мосед
—Энэ Абарим ууланд гарч, Израилийн хөвгүүдэд Миний өгсөн нутгийг харагтун.#Дх 3:23–27, 32:48–52 13Түүнийг харсныхаа дараа чи өөрийн ах Аароны адил эцэг өвгөд уруугаа одох болно. 14Учир нь Зиний цөлд усны дэргэд хотол түмний мэтгэлцэн байх үед тэдний нүдний өмнө Намайг ариунаар харагдуулах Миний тушаалын эсрэг чи тэрсэлсэн гэв. (Энэ нь Зиний цөл дэх Кадешийн дэргэдэх Мерибагийн ус байлаа.)
15ЭЗЭНтэй Мосе ярин
— 16Бүх махбодын сүнснүүдийн Бурхан ЭЗЭН хотол түмний дээр нэг хүнийг томилох болтугай. 17ЭЗЭНий хотол түмэн хоньчингүй хонь мэт болохгүйн тулд тэр хүн тэдний өмнө гарч яван, тэдний өмнө орж ирэх бөгөөд тэднийг удирдан гаргаж мөн удирдан оруулах билээ гэв.#1Ха 22:17; Езк 34:5; Мт 9:36; Мк 6:34 18ЭЗЭН, Мосед
—Нуны хүү Иошуаг ав, түүний дотор сүнс бий. Түүний дээр гараа тавигтун.#Гэт 24:13 19Түүнийг тахилч Елеазар болон даяар хотол түмний өмнө зогсоогоод, тэдний нүдний өмнө түүнд үүргийг даалгагтун. 20Израилийн хөвгүүдийн даяар хотол түмэн түүнд дуулгавартай байхын тулд чи өөрийн алдраас түүнд өгөгтүн. 21ЭЗЭНий өмнө Уримийн шүүлтээр асуух тахилч Елеазарын өмнө тэр зогсоно. Тэр болон түүнтэй хамт Израилийн хөвгүүд буюу хотол түмэн бүхэлдээ түүний тушаалаар гарч, түүний тушаалаар орох болно гэлээ.#Гэт 28:30; 1См 14:41, 28:6 22ЭЗЭНий өөрт нь тушаасан ёсоор Мосе хийжээ. Тэрээр Иошуаг аваад тахилч Елеазар ба даяар хотол түмний өмнө зогсоов. 23Мосегоор дамжуулан ЭЗЭНий айлдсан ёсоор тэр түүн дээр гараа тавин, түүнд тушаав.#Дх 31:23
Одоогоор Сонгогдсон:
Тооллого 27: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.