Тооллого 20:1-13

Тооллого 20:1-13 АБ2013

Нэгдүгээр сард Израилийн хөвгүүд даяар хотол түмэн Зиний цөлд ирж, ард олон Кадешт буудаллав. Мириам тэнд өөд болж, тэндээ тавигдлаа. Хотол түмэнд уух ус тэнд байсангүй, тэгээд тэд Мосе Аарон нарын эсрэг цуглацгаав. Ард олон Мосетой маргалдан —Бидний ах дүүс ЭЗЭНий өмнө мөхөх үед бид ч мөхсөн болоосой! Биднийг болон мал амьтдыг маань энд үхүүлэхээр юунд чи ЭЗЭНий чуулган болох биднийг энэ цөлд авчрав? Биднийг энэ ёрын муу газар авчрахаар юунд чи биднийг Египетээс гаргав? Энэ чинь үр тариа, инжир, усан үзэм, анарын газар нутаг биш, бас энд уух ус ч алга гэцгээв. Тэгэхэд нь Мосе Аарон нар чуулганы дундаас уулзалтын майхны үүдэнд гарч очин, нүүрээрээ унахад ЭЗЭНий цог жавхлан тэдэнд үзэгдлээ. ЭЗЭН, Мосед — Таягаа ав. Чи өөрийн ах Ааронтай хамт даяар хотол түмнийг цуглуулаад, ус гаргуулахаар тэдний нүдний өмнө хадтай яригтун. Ингэж чи тэдэнд хаднаас ус гаргаж, даяар хотол түмэн ба тэдний мал амьтныг услагтун гэв. ЭЗЭНий тушаасан ёсоор Мосе Түүний өмнөөс таяг авав. Мосе Аарон нар хадны өмнө чуулганыг цуглуулаад тэр тэдэнд —Сонсогтун, тэрслэгчид ээ. Бид энэ хаднаас та нарт ус гаргах ёстой юу? гэлээ. Мосе гараа өргөөд, таягаараа хадыг хоёр удаа цохив. Ус арвин ихээр оргилон гарч, хотол түмэн бас тэдний мал амьтад ууцгаав. Харин ЭЗЭН, Мосе Аарон нарт айлдахдаа —Израилийн хөвгүүдийн нүдний өмнө Намайг ариун хэмээн харагдуулахаар та нар Надад итгээгүй учраас Миний тэдэнд өгсөн нутагт энэ чуулганыг та нар аваачихгүй гэв. Энэ ус нь Мерибагийн ус бөгөөд тэнд Израилийн хөвгүүд ЭЗЭНтэй тэрсэлдэж, Тэр тэдэнд үүгээр Өөрийн ариуныг нотолсон юм.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна