Тооллого 18

18
Тахилчид ба левичүүдийн үүрэг
1ЭЗЭН, Ааронд
—Ариун газарт хамаатай хилэнцийг чи, чиний хөвгүүд болон эцгийн чинь бүл чамтай хамт үүрнэ. Тахилчийн үйлчлэлд чинь хамаатай хилэнцийг чи болон чиний хөвгүүд чамтай хамт үүрнэ. 2Түүнчлэн чиний эцгийн овог, чиний ахан дүүс Леви овгийг чи өөртөө авчир. Тэд чамтай хамтарч, чамд үйлчлэг. Харин чи болон хөвгүүд чинь чамтай хамт гэрчлэлийн майхны өмнө байна. 3Тэд чиний үүрэг болон бүх майхны үүрэгт оролцог. Гэвч тэд ариун газрын сав суулга ба тахилын ширээнд ойртох ёсгүй. Эс бөгөөс чи болон тэдний аль аль нь үхэх болно. 4Тэд чамтай хамт байж, уулзалтын майхны үүрэг, майхны бүх үйлчлэлд оролцох ёстой. Харин гаднын хүн чамд ойртох ёсгүй. 5Израилийн хөвгүүдийн дээр хойшид уур хилэн буухгүйн тулд чи ариун газрын үүрэг болон тахилын ширээний үүргийг сахих ёстой. 6Харагтун, чиний ах дүүс болох левичүүдийг Израилийн хөвгүүдийн дундаас Би авав. Тэд уулзалтын майхны үйлчлэлийг гүйцэтгэхээр ЭЗЭНд зориулагдан, чамд өгөгдсөн бэлэг ажгуу. 7Харин чи болон хөвгүүд чинь чамтай хамт тахилын ширээ болон хөшигний доторх юм бүрийн төлөө тахилчийн албыг сахин үйлчлэлийг гүйцэтгэнэ. Би тахилчийн үүргийг та нарт бэлэг болгон соёрхож байна. Харин ойртон ирсэн гаднын хүн үхэх ёстой хэмээлээ.
Тахилчийн хувь
8Дараа нь ЭЗЭН, Ааронтай ярьж
—Харагтун. Би чамд Израилийн хөвгүүдийн ариусган өргөсөн бүх хандивын үүргийг өглөө. Тэдгээрийг Би чамд болон чиний хөвгүүдэд тосолгоо ёсоор мөнхийн хувь болгон өгөв. 9Галд орох ариунаас ариун бэлгүүдээс энэ нь чинийх байх ёстой. Тэдний Надад өгөх ёстой өргөл бүр нь, идээн өргөл бүр нь, нүглийн тахил бүр нь, ялын тахил бүр нь чамд болон чиний хөвгүүдэд ариунаас ариун болой. 10Чи үүнийг ариунаас ариун газар идэх ёстой. Эр хүйстэн бүр үүнийг идэж болно. Энэ нь та нарт ариун байна. 11Бас тэдний өгөх бэлгийн хандив Израилийн хөвгүүдийн бүх даллах өргөлийн хамтаар чинийх юм. Тэдгээрийг Би чамд болон чамтай хамт чиний хөвгүүд, охидод мөнхийн хувь ногдол болгон өгсөн. Чиний гэр бүлийн цэвэр хүн болгон үүнийг идэж болно. 12ЭЗЭНд тэдний өгдөг юмс болох шинэ тосны дээж бүхнийг, шинэ дарс болон үр тарианы дээж бүхнийг, анхны үр жимсийг Би чамд өглөө. 13Тэдний нутаг дахь анхны боловсорсон үр жимс бүхэн буюу ЭЗЭНд авчирдаг бүхэн нь чинийх байх болно. Чиний гэр бүлийн цэвэр хүн бүхэн үүнийг идэж болно. 14Израиль доторх аливаа хориг болсон зүйл чинийх болох ажгуу.#Лев 27:28 15ЭЗЭНд тэдний өргөдөг хүн ч бай, амьтан ч бай, бүх махбодын хэвлийг анх нээгч болгон нь чинийх болог. Гэхдээ хүний ууган үрийг чи золих ёстой бөгөөд бузар амьтдын ууган төлийг ч чи золих ёстой. 16Тэдний төлбөрийн хувьд, чи тэднийг нэг сартайгаас нь эхлэн өөрийн үнэлснээр, ариун газрын шекелийн үнэлгээгээр таван мөнгөн шекелээр золигтун. Тэр нь хорин гера болно. 17Харин үхрийн ууган төл эсвэл хонины ууган төл эсвэл ямааны ууган төлийг чи золих ёсгүй. Тэд ариун билээ. Чи тэдний цусыг тахилын ширээн дээр цацаж, ЭЗЭНд тааламжит үнэр, галан тахил болгон өөхийг нь шатаан уугиулагтун. 18Даллах өргөлийн өвчүү, баруун гуя чинийх болдогтой адил тэдгээрийн мах чинийх болох ёстой. 19ЭЗЭНд Израилийн хөвгүүдийн өргөдөг, ариун бэлгүүдийн бүх хандивыг Би чамд болон чамтай хамт чиний хөвгүүд, охидод мөнхийн хувь ногдол болгон өгсөн. Энэ нь чамд болон чамтай хамт чиний үр удамд өгөх ЭЗЭНий өмнөх мөнхийн давсан гэрээ болой гэв. 20Дараа нь ЭЗЭН, Ааронд айлдсан нь
—Чамд тэдний нутагт ямар ч өв байхгүй, тэдний дундаас ямар ч хувийг чи эзэмшихгүй. Израилийн хөвгүүдийн дунд Би чиний хувь ба чиний өв билээ.
21Харагтун, Левийн хөвгүүдэд Би Израиль дахь бүх арван хувийг өв болгон тэдний гүйцэтгэдэг үйлчлэл болох уулзалтын майхны үйлчлэлийн төлөө өгөв.#Лев 27:30–33; Дх 14:22–29 22Израилийн хөвгүүд гэм нүгэл үүрч үхэхгүйн тулд цаашид уулзалтын майханд ойртох ёсгүй. 23Харин левичүүд уулзалтын майхны үйлчлэлийг гүйцэтгэж, өөрсдийн хилэнцээ өөрсдөө үүрэх ёстой. Израилийн хөвгүүдийн дунд тэдэнд ямар ч өв өгөгдөхгүй байх нь хамаг үеийнхэнд чинь улиран үргэлжлэх зарлиг болой. 24Учир нь Израилийн хөвгүүдийн хандив болгон ЭЗЭНд өргөдөг арван хувийг нь Би левичүүдэд өв болгон өгсөн билээ. Тиймээс Би тэдний тухайд “Израилийн хөвгүүдийн дунд тэдэнд ямар ч өв байхгүй болно” хэмээн айлдав гэв.
25Дараа нь ЭЗЭН, Мосетэй ярин
26Левичүүдтэй ярьж, тэдэнд “Израилийн хөвгүүдээс та нарт өв болгон Миний өгөх арван хувийг та нар тэднээс авахдаа түүнээсээ буюу арван хувиас арван хувийг нь ЭЗЭНд хандив болгон авчир. 27Тэгвэл хандив чинь үтрэмийн үр тариа эсвэл дарс шахуургын бүрэн бүтээгдэхүүн хэмээн та нарт тооцогдох болой. 28Тийнхүү та нар Израилийн хөвгүүдээс хүлээн авсан арван хувиасаа ЭЗЭНд хандивыг бас авчрах болно. Та нар ЭЗЭНий хандивыг тахилч Ааронд өгөх ажгуу. 29Өөрсдийн бүх бэлгээс, тэдгээрийн дээжээс нь, тэдгээрийн ариун хэсгээс нь та нар ЭЗЭНд өгөх ёстой хандив бүрийг авчир” гэж хэл. 30Чи тэдэнд “Та нар түүнээсээ дээжийг нь өргөхөд энэ нь левичүүдэд үтрэмийн бүтээгдэхүүн ба дарс шахуургын бүтээгдэхүүн хэмээн тооцогдох болой. 31Та нар болон танай гэрийнхэн үүнийг хаана ч идэж болно. Учир нь энэ бол уулзалтын майхан дахь та нарын үйлчлэлийн хөлс билээ. 32Та нар түүнээсээ дээжийг нь өргөсөн үед түүнээс болж ямар ч гэм нүгэл үүрэхгүй бөгөөд Израилийн хөвгүүдийн ариун бэлгүүдийг ч бузарлан үхэхгүй” хэмээн хэлэгтүн гэв.

Одоогоор Сонгогдсон:

Тооллого 18: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү