Тооллого 13:17-33

Тооллого 13:17-33 АБ2013

Мосе тэднийг Канаан нутгийг тандуулахаар илгээхдээ тэдэнд —Тийшээ Негев яваад, уулархаг нутагт өгсөж оч. Тэр нутаг ямархуу болохыг, тэнд амьдарч буй ард олон нь хүчтэй юу, дорой юу, тэд цөөн үү эсвэл олон уу гэдгийг хараад ирэгтүн. Тэдний амьдарч буй нутаг нь ямар болох, энэ нь сайн уу эсвэл муу юу? Тэдний амьдардаг хотууд нь ямар болох, тэдгээр нь задгай хуарангууд уу эсвэл бэхлэлтүүд үү? Газар нь ямар болох, үржил шимтэй юу эсвэл тарчиг уу? Тэнд модтой юу эсвэл үгүй юу? Та нар зоригтой байж, уг нутгийн үр жимснээс авчир. Одоо эхний усан үзэм боловсрох үе юм гэлээ. Ингээд тэд өгсөж яваад, Зиний цөлөөс Хаматад хүрэх Рехобыг хүртэлх нутгийг тандав. Тэд Негев уруу явж Хебронд хүрч ирэв. Тэнд Анакийн үр удам болох Ахиман, Шешаи, Талмаи нар амьдарч байв. (Хеброн нь Египет дэх Зоанаас долоон жилийн өмнө баригдсан байжээ.) Дараа нь тэд Ешколын голын хөндийд ирж, тэндээс усан үзмийн ганц хонгорцог бүхий мөчрийг огтлон авч, түүнийгээ хоёр хүний дамжлах дамнуурга дээр тавин авч явав. Тэд бас хэсэг анар болон инжир авч иржээ. Израилийн хөвгүүдийн тэндээс огтолж авсан хонгорцгийн улмаас тэр газар Ешколын хөндий гэж нэрлэгдсэн байлаа. Тэд уг нутгийг тандаад, дөч хоногийн эцэст буцжээ. Тэд явсаар Кадеш дахь Параны цөлд Мосе Аарон нар ба Израилийн хөвгүүдийн даяар хотол түмэн дээр ирж, тэдэнд болон даяар хотол түмэнд хариу үг авчирч, уг нутгийн үр жимсийг тэдэнд үзүүллээ. Тэд түүнд ийнхүү хэлэв. —Таны биднийг илгээсэн нутагт бид очлоо. Тэр нь үнэхээр сүү, зөгийн бал урссан нутаг мөн бөгөөд түүний үр жимс энэ байна. Гэхдээ тэр нутагт амьдарч буй ард түмэн нь хүчирхэг, хотууд нь бэхлэгдсэн агаад маш том юм. Бид тэнд Анакийн үр удмыг үзэв. Амалекчууд Негевийн нутагт амьдарч байна. Хитчүүд, иебусчууд, аморичууд нь уулархаг нутагт амьдарч байна. Канаанчууд далайн эрэг болон Иорданы эрэг хавиар амьдарч байна гэлээ. Гэтэл Калеб ард олныг Мосегийн өмнө намжаагаад —Бид гарцаагүй дийлж чадах учир өгсөж очоод түүнийг эзэлж авцгаая гэв. Харин түүнтэй хамт явж байсан хүмүүс —Тэд биднээс хэтэрхий хүчирхэг тул бид тэр ард түмний өөдөөс өгсөж очиж чадахгүй гэсээр байв. Тийнхүү өөрсдийн тагнасан нутгийн талаар тэд Израилийн хөвгүүдэд базаахгүй мэдээ дэлгэрүүлж —Бидний тагнан туулсан тэр нутаг нь оршин суугчдаа цөлмөж иддэг нутаг бөгөөд тэнд бидний харсан бүх ард түмэн нь хэмжээгүй том хүмүүс юм. Тэнд бид Нефилимийг харсан. (Анакийн хөвгүүд нь Нефилимээс гаралтай байлаа.) Бид өөрсдийнхөө нүдэнд царцаа мэт болсон бөгөөд тэдний нүдэнд ч тийнхүү байлаа гэв.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна