Нехемиа 5

5
Нехемиа дарангуйллыг эсэргүүцэв
1Хүмүүс болон тэдний эхнэрүүд, иудей ахлагч нарынхаа эсрэг чанга дуугарав. 2Нэг хэсэг нь “Бид хөвгүүд, охидтойгоо нийлээд олуул билээ. Тиймээс бид өөрсдийгөө тэжээж амьдрахын тулд үр тариа олж авах шаардлагатай” гэж байхад, 3нөгөөдүүл нь “Өлсгөлөнгийн үеэр, бид үр тариа олж авахын тулд тариан талбайгаа, усан үзмийн талбай, байшингуудаа барьцаалж байна” гэж байв. 4Мөн “Бидний тариан талбай, усан үзмийн талбайд оноогдсон хааны татварыг төлөхийн тулд мөнгө зээлсэн. 5Бие махбод маань бидний ахлагч нарын бие махбодтой адил, хүүхдүүд маань тэдний хүүхдүүдтэй адил бус уу. Гэсэн ч харцгаа, бид болохоор хөвгүүд, охидоо боол болгохоор хүчилж, манай охидын зарим нь аль хэдийнэ боолчлогдож байна. Бид яаж ч чадахгүй байгаа. Учир нь тариан талбай, усан үзмийн талбай маань бусдынх болжээ” гэж хэлэгсэд ч байв. 6Тэднийхээ чанга дуу болон эл үгсийг сонсоод миний уур ихэд хүрэв. 7Тэгээд би өөрөө үүнийг сайтар бодоод, сурвалжтанууд ба түшмэдэд
—Ах дүүсээсээ хүү шаардах ч гэж дээ! хэмээн зэмлэж, тэдний эсрэг их цугларлыг би зарлав.#Гэт 22:25; Лев 25:35–37; Дх 23:19–20 8Би тэдэнд
—Бид үндэстнүүдэд худалдагдсан иудей ах дүүс нараа чадах чинээгээрээ төлөөс гарган чөлөөлсөн атал та нар ах дүүсээ өөрсдийнхөндөө худалдаж байна гэнэ үү? Тэгээд бидний хэн нь хэндээ төлөөс төлөн тэднийг чөлөөлөх болж байна гэсэнд тэд чимээгүй болж, хэлэх үгээ ч олж чадсангүй. 9Би дахин
—Та нарын энэ хийж буй зүйлд чинь сайн юм алга. Та нар дайснуудынхаа болон үндэстнүүдийн дарлалд орох гээ юу. Үүнээс л мултрахын тулд Бурханаас эмээж амьдрах ёстой бус уу? 10Харин би миний ах дүү нар болон үйлчлэгч нар минь ч бас тэдэнд мөнгө ба үр тариаг зээлүүлж байна. Бүгдээрээ энэ өрөө нэхэхээс тэднийг чөлөөлцгөөе. 11Яг энэ өдөр тэдний тариан талбай, усан үзмийн талбай, чидуны цэцэрлэг болон байшингуудыг нь тэдэнд буцааж мөн тэднээс шаардаж байгаа мөнгөний, үр тарианы, шинэ дарсны, тосны өрийг#5:11 өр Еврейд нь энэ тодорхой бус. бүү нэх гэж хэлэв. 12Тэгэхэд тэд
—Бид үүнийг буцааж өгөөд, тэднээс юу ч нэхэхгүй. Бид яг таны хэлсэн ёсоор хийнэ гэв. Тиймээс би тахилчдыг дуудаж, энэ амлалт ёсоор хийнэ гэсэн тангаргийг тэднээс авав. 13Би мөн хувцасныхаа хормойг сэгсэрч,#5:13 хормой сэгсрэх: Тэр үеийн хувцсанд халаас байгаагүй учир жижигхэн уут хавчуулсан даавуун бүс зүүдэг байжээ. Тиймээс хормойгоо сэгсрэх нь бүх зүйлээ алдаж байгаа гэсэн утгатай. энэ амлалтыг биелүүлээгүй хүн бүрийг гэрээс нь, эзэмшлээс нь Бурхан ийнхүү сэгсрэг. Тэр хүн ийнхүү сэгсрэгдэж бүр хоосрог гэв. Тэгэхэд бүх чуулган
—Амен гэв. Тэгээд тэд ЭЗЭНийг магтлаа. Дараа нь хүмүүс амласан ёсоороо үйлдэв.
Нехемиагийн өгөөмөр сэтгэл
14Түүнээс гадна, би Иудагийн нутагт тэдний захирагчаар томилогдсон өдрөөс буюу Хаан Артаксерксийн хорьдугаар оноос гучин хоёрдугаар он хүртэл арван хоёр жилийн турш миний бие болон манай хамаатнууд ч захирагчийн хүнс хангамжаа хүртэл идсэнгүй. 15Харин миний өмнө байсан урьдын захирагчид ард түмнээс#5:15 ЭНО-д өдөрт Еврейд нь энэ үг байхгүй. дөчин мөнгөн шекелээс гадна талх, дарс авч байлаа. Зарц нар нь хүртэл тэднийг ноёлж ард түмэнд давхар ачаа үүрүүлж байжээ. Харин би Бурханаас эмээсэн учир тийн үйлдсэнгүй. 16Чухамдаа би энэ хэрмийн ажилд бүх хүчээ зориулан оролцсон. Бид ямар ч газар худалдаж аваагүй бөгөөд бүх зарц нар минь тэнд ажиллахаар цугласан. 17Түүнээс гадна, эргэн тойронд маань байсан үндэстнүүд дотроос бидэн уруу ирэгсэд болон зуун тавин иудей хүн ба түшмэд миний ширээнд хооллодог байв. 18Өдөр бүрийн хүнсэнд нэг үхэр, зургаан шилмэл хонь төхөөрч байсан төдийгүй, надад мөн шувуудыг бэлтгэдэг байв. Арван хоногт нэг удаа бүх төрлийн дарсыг тулам тулмаар өгч байв. Энэ ард түмний дээрх боолчлол хангалттай хүнд байсан учир энэ бүхэнд би захирагчийнхаа хүнсний ногдлыг шаардаж байгаагүй билээ. 19Энэ ард түмэнд хийсэн бүхий л зүйлийн минь төлөө Бурхан минь, надад сайныг санаач.

Одоогоор Сонгогдсон:

Нехемиа 5: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна