Нехемиа 4:1-16

Нехемиа 4:1-16 АБ2013

Бид хэрмийг сэргээн барьж буйг Санбаллат сонсоод ихэд догшрон уурсаж, иудейчүүдийг доромжлов. Тэр ах дүүсийнхээ болон Самарийн тэргүүнүүдийн өмнө —Энэ дорой иудейчүүд юу хийж байгааг хараач? Сэргээн босгох гээд байгаа юм уу? Тэд тахил өргөх нь ээ? Тэд өдрийн дотор үүнийгээ дуусгаж чадна гэж үү? Тэд овоорсон шорооноос, тэр ч бүү хэл шатсан тууринаас чулуунуудыг дахин сэргээж чадна гэж үү? гэв. Аммон хүн Тобиа түүний ойролцоо байсан бөгөөд тэр —Босгож байгаа юмных нь дээгүүр хэрэв үнэг харайвал тэдний чулуун хэрмийг нураачихна гэж хэлэв. Бурхан минь, сонсооч, бид хэрхэн жигшигдэнэ вэ! Тэдний зүхлийг өөрсдийнх нь толгой дээр буулгаж, олзны нутагт тэднийг олз болгон өгөөч. Барилгачдыг шантруулсан тэдний хилэнцийг бүү уучил, тэдний нүгэл Таны өмнөөс бүү арчигдаг. Тиймээс бид хэрмийг барьсан ба бүх хэрэм өндрийнхөө хагаст л хүрчээ. Учир нь ард түмэн ажиллах зүрхтэй байв. Иерусалимын хэрмийн засвар үргэлжилж, цөмөрхий нь бөглөгдөж эхэлж буйг Санбаллат, Тобиа, арабууд, аммончууд болон ашдодчууд сонсоод ихэд уурсав. Тэд бүгд Иерусалимын эсрэг байлдахаар ирж, тэнд үймээн гаргахаар хамтдаа хуйвалдлаа. Гэвч бид Бурхандаа залбирсан ба тэднийг өдөр, шөнөгүй харуулдах харуул бас гаргав. Харин иудачууд —Ачаа үүрэгчийн хүч сульдаж байна. Нуранги ч их байна. Бид хэрмээ сэргээн барьж дийлэхгүй нь гэж ярьцгаав. Дайснууд маань —Бид тэднийг мэдээгүй, хараагүй байхад тэдний дунд орж, тэднийг алж, ажлыг нь зогсооно гэцгээв. Тэдний ойролцоо амьдардаг иудейчүүд хүртэл ирцгээж —Та нарын эсрэг зүг бүрээс тэд довтолно гэж бидэнд арвантаа хэлэхэд би хүмүүсийг хэрмийн ар талын хамгийн нам хэсгүүд болох задгай газруудад байрлуулж, ураг ургаар нь сэлэм, жад, нумтай зогсоов. Би тэдний айдсыг хараад, босож сурвалжтанууд, захирагчид мөн бусад хүмүүст хандан —Тэднээс бүү айцгаа. Аугаа, аюумшигт ЭЗЭНийг сана. Ах дүүс, хөвгүүд, охид, эхнэрүүд ба ар гэрийнхээ төлөө тулалдацгаа! гэв. Тэдний төлөвлөгөө бидэнд ил болж, Бурхан түүнийг нь тасалдуулсан гэдгийг дайснууд маань мэдсэн үеэс бид бүгд хэрэм уруу, хүн бүр ажилдаа буцав. Тэр өдрөөс хойш миний зарц нарын хагас нь ажиллаж байх үед хагас нь жад, бамбай, нум ба хуяг барьж, ахлагч нар нь Иудагийн бүх гэрийн ард дэмжиж байв.

Нехемиа 4:1-16 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв