Нехемиа 13

13
Харийнхныг гаргав
1Тэр өдөр ард түмнийг чих тавин байхад тэд Мосегийн номоос чангаар уншив. Нэг ч аммон эсвэл моаб хүн хэзээ ч Бурханы чуулганд орж болохгүй гэж түүн дотор бичигдсэнийг олов.#Дх 23:3–5 2Учир нь тэд Израилийн хөвгүүдийг талх устай угтсангүй, харин ч тэднийг хараалгахаар Балаамыг тэдний эсрэг хөлсөлжээ. Харин Бидний Бурхан хараалыг нь ерөөл болгосон юм.#Тоо 22:1–6 3Тиймээс тэд хуулийг сонсоод, бүх харийнхныг Израилиас гаргав.
Нехемиагийн шинэчлэл
4Үүний өмнө манай Бурханы өргөөний өрөөнүүдийг хариуцахаар томилогдсон тахилч Елиашиб, Тобиагийн садан учир 5урьд нь левичүүд, дуучид, хаалгачид, болон тахилчдад өргөсөн хандив, идээн өргөлүүд, гүгэл, сав суулгууд ба ургацын аравны нэг, дарс ба тосыг хадгалж байсан том өрөөг түүнд бэлтгэж өгчээ. 6Харин энэ бүх үеийн туршид би Иерусалимд байсангүй. Учир нь Вавилоны хаан Артаксерксийн#13:6 Артаксеркс: Персийн эзэн хаан. Тэрээр мөн “Вавилоны хаан” гэсэн хэргэмтэй байжээ. гучин хоёрдугаар онд би хаанд бараалхахаар явсан байв. Харин хэсэг хугацааны дараа би явах зөвшөөрөл хаанаас гуйв. 7Тэгээд би Иерусалимд ирээд, Бурханы өргөөний хашаанд Тобиад өрөө бэлтгэж өгсөн муу үйлийг Елиашиб үйлдсэн тухай сонсов. 8Тэгээд би маш их уурлаж, би тэр өрөөнөөс Тобиагийн гэрийн бүх юмсыг гаргаж хаялаа. 9Тэгээд намайг тушаал өгөхөд тэд өрөөнүүдийг цэвэрлэв. Би тийшээ Бурханы өргөөний сав суулгыг идээн өргөлүүд ба гүгэлтэй нь хамт буцааж авчрав.
10Мөн левичүүдийн хувь өөрсдөд нь өгөгдөөгүйгээс болж тэнд үйлчилдэг левичүүд ба дуучид өөр өөрсдийн тариан талбай уруу явцгаасныг би олж мэдэв.#Дх 12:19 11Тэгээд би түшмэдийг зэмлэн
—Бурханы өргөө яагаад орхигдов? гэв. Би тэднийг хамтад нь цуглуулж, албанд нь буцаан тавилаа. 12Тэгээд бүх иудачууд үр тариа, дарс ба тосныхоо аравны нэгийг агуулахуудад авчирцгаав.#Мал 3:10 13Агуулахуудын даамлаар тахилч Шелемиа, гүүш Задок, левичүүдээс Педаиаг мөн тэдэн дээр нэмж Маттаниагийн ач, Заккурын хүү Хананыг би томилов. Учир нь тэд итгэмжтэй хэмээн үзэгддэг байсан ба тэдний үүрэг нь ах дүү нартаа хуваарилах байв. 14Бурхан минь, үүний төлөө надад сайныг санаач. Бурханыхаа өргөө ба түүний үйлчлэлүүдэд зориулан гүйцэтгэсэн үнэнч үйлсийг минь бүү арилгаарай!
Амралтын өдрийг сахих шинэчлэл
15Тэр өдрүүдэд Иудад Амралтын өдрөөр зарим хүмүүс усан үзмийн шахуурга гишгэж, ууттай үр тариа авчран, илжгэндээ дарс, усан үзэм, инжир болон бүх төрлийн ачаа ачаалан, тэднийг Амралтын өдрөөр Иерусалимд авчирч зарж байсныг би үзэв. Тэр үед би тэдэнд хүнс зарж байгааг нь анхааруулав.#Гэт 20:8–10; Дх 5:12–14; Иер 17:21–22 16Мөн тэнд амьдарч байсан Тирийн хүмүүс загас ба бүх төрлийн барааг гаднаас оруулж, тэднийгээ Иудагийн хөвгүүдэд, Иерусалимд ч хүртэл Амралтын өдрөөр зарж байв. 17Тэгэхэд нь би Иудагийн язгууртнуудыг зэмлэн, тэдэнд
—Та нар Амралтын өдрийг бузарласан юу гэгчийн ёрын мууг үйлдэнэ вэ? 18Танай эцгүүд энэ мэтийг үйлдсэнээр Бурхан маань бидэн дээр болон энэ хотын дээр энэ бүх гай гамшгийг авчирсан биш үү? Гэсэн ч та нар Амралтын өдрийг эс ариусгаснаар Израиль дээрх Түүний уур хилэнг нэмэгдүүлж байгаа бус уу? гэв. 19Тэгээд Амралтын өдрийн өмнө дөнгөж харанхуй болмогц#13:19 Еврейчүүдийн хувьд, нар жаргаснаар дараагийн хоног эхэлдэг. Иерусалимын гулдан хаалгуудыг хааж, Амралтын өдөр өнгөртөл онгойлгохгүй байхыг би тушаав. Тэгээд Амралтын өдөр ямар ч ачаа оруулахгүй байхын тулд би зарц нарынхаа заримыг гулдан хаалганууд дээр байлгав. 20Ганц, хоёр удаа худалдаачид ба янз бүрийн барааны наймаачид Иерусалимын гадна шөнийг өнгөрүүлж байв. 21Тэгэхэд би тэдэнд анхааруулж
—Та нар яагаад хэрмийн дэргэд шөнийг өнгөрүүлнэ вэ? Хэрэв та нар дахиад ингэвэл, би та нарын эсрэг хүч хэрэглэнэ гэв. Тэр цагаас хойш тэд Амралтын өдөр ирсэнгүй. 22Мөн өөрсдийгөө ариусган, Амралтын өдрийг ариусгахын тулд хаалга сахихаар ирэхийг би левичүүдэд тушаав. Үүний төлөө мөн надад сайныг санаач! Бурхан минь, хайр энэрлийнхээ аугаа дотор намайг өршөөгөөч!
Харийнхантай урагласныг буруушаав
23Тэр өдрүүдэд иудейчүүд Ашдод, Аммон ба Моабын эмэгтэйчүүдтэй гэрлэснийг би мөн үзэв.#Гэт 34:11–16; Дх 7:1–5 24Тэдний хүүхдүүдийн хувьд, хагас нь Ашдодын хэлээр, эсвэл бусад ард түмний хэлээр ярьдаг байсан бөгөөд тэдний нэг нь ч иуда хэлээр ярьж чадахгүй байв. 25Тиймээс би тэдэнтэй тэрсэлдэн, хараахыг нь харааж, цохихыг нь цохиж, үсийг нь зулгаан байж тэднийг Бурханаар тангараглуулан
—Та нар охидоо тэдний хөвгүүдэд өгөх ёсгүй, тэдний охидыг ч хөвгүүддээ эсвэл өөрсдөдөө авах ёсгүй. 26Израилийн хаан Соломон эдгээр зүйлээр нүгэл үйлдээгүй гэж үү? Хэдийгээр олон үндэстнүүдийн дунд түүн шиг хаан байгаагүй, тэр Бурханаараа хайрлагдан, Бурхан түүнийг бүх Израилийн хаан болгосон боловч харь эмэгтэйчүүд түүнийг ч хүртэл нүгэл үйлдэхэд хүргэсэн.#2См 12:24–25; 1Ха 11:1–8 27Тэгэхэд та нар Бурхандаа үнэнч бус байж, харь эмэгтэйчүүдтэй гэрлэн энэ бүх үлэмжийн мууг хийсэн гэж бид та нарын тухай сонсоно гэж үү? гэв. 28Иехоиадагийн хөвгүүдийн нэг, тэргүүн тахилч Елиашибын хүү хүртэл хорони хүн Санбаллатын хүргэн болсон бөгөөд би түүнийг өөрөөсөө зайлуулав.#Нех 4:1 29Бурхан минь, тахилчлал ба тахилчид, левичүүдийн гэрээг тэд бузарласныг нь санаач. 30Ийнхүү би тэднийг харийн алив бүхнээс ариусгаж, тахилчид ба левичүүдийг өөр өөрийнх нь үүрэгт ажилд томилов. 31Би түлээний хангалт болон анхны үр жимсэнд тодорхой цагийг тогтоов. Бурхан минь, надад сайныг санаач!

Одоогоор Сонгогдсон:

Нехемиа 13: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү