Марк 9:30-50
Марк 9:30-50 АБ2013
Тэндээс гарч, тэд Галилыг дайрч өнгөрөв. Хэн нэгэнд үүнийг мэдэгдэхийг Есүс хүссэнгүй. Учир нь Есүс шавь нартаа зааж, тэдэнд —Хүний Хүү хүмүүсийн гарт тушаагдах гэж байна. Тэд Түүнийг ална. Тэр алагдсанаасаа хойш гурав хоногийн дараа амилах болно гэж хэлэв. Гэвч тэд хэлснийг нь ойлгосонгүй. Түүнээс асуухаас ч эмээцгээв. Тэд Капернаумд иржээ. Айлд байхдаа Есүс —Замдаа та нар юун тухай мэтгэлцээд байв аа? гэж тэднээс асуув. Харин тэд замдаа хэн нь хамгийн агуу нь вэ хэмээн мэтгэлцэж явсан тул дуугүй байлаа. Тэр суугаад, арван хоёроо дуудаж, тэдэнд —Тэргүүнд байхыг хүсэгч нь адагт байж, бүгдийн зарц болог гэж хэлэв. Тэрээр хүүхэд авчраад тэдний дунд зогсоов. Есүс хүүхдийг тэвэрч, тэдэнд — Хэн Миний нэрээр ийм хүүхдийг хүлээн авна, тэр Намайг хүлээн авна. Хэн Намайг хүлээн авна, тэр Намайг бус харин Намайг Илгээгчийг хүлээн авч байгаа юм гэж хэлэв. Иохан Түүнд —Багш аа, Таны нэрээр чөтгөрүүдийг зайлуулж байсан хүнийг бид хараад, түүнийг хориглосон. Тэр биднийг дагаж байгаагүй шүү дээ гэхэд Есүс —Түүнийг бүү хоригло. Нэрээр минь гайхамшгийг үйлдээд, төдхөн Намайг муугаар хэлж чадах хэн ч үгүй. Хэн биднийг үл эсэргүүцнэ, тэр бидний талд. Үнэнээр Би та нарт хэлье. Христийн гэдэг нэрээр хэн та нарт аяга ус өгнө, тэр нь шагналаа эс алдана. Хэн Надад итгэгч энэ балчруудаас нэгийг нь бүдрүүлнэ, тэр хүзүүндээ тээрмийн чулуу зүүгээд тэнгист хаягдсан нь дээр. Гар чинь чамайг бүдрүүлвээс тас цавчиж хая. Унтаршгүй галтай тамд хоёр гартайгаа очсоноос гаргүйгээр аминд орох нь чамд дээр. [Тэнд өт хорхой нь үхэхгүй, гал нь унтрахгүй.] Хөл чинь чамайг бүдрүүлвээс тас цавчиж хая. Тамд хоёр хөлтэй хаягдсанаас хөлгүйгээр аминд орох нь чамд дээр. [Тэнд өт хорхой нь үхэхгүй, гал нь унтрахгүй.] Нүд чинь чамайг бүдрүүлвээс ухаж хая. Хоёр нүдтэйгээ тамд хаягдсанаас өрөөсөн нүдтэйгээр Бурханы хаанчлалд орох нь чамд дээр. Тэнд өт хорхой нь үхэхгүй, гал унтрахгүй. Учир нь хүн бүр галаар давслагдана. Давс сайн боловч хэрэв амтаа алдвал хэрхэн буцааж давслаг болгох билээ? Та нар дотроо давстай бай. Бие биентэйгээ эвтэй байгтун гэж айлдлаа.