МАРK 9:30-50
МАРK 9:30-50 Ариун Библи, 2004 (АБ2004)
Тэндээс гарч, тэд Галилыг дайрч өнгөрөв. Хэн нэгэн нь үүнийг мэдэхийг Есүс хүссэнгүй. Учир нь Есүс шавь нартаа зааж, тэдэнд —Хүний Хүү хүмүүсийн гарт тушаагдана. Тэд Түүнийг ална. Тэр алагдсанаасаа хойш гурав хоногийн дараа амилах болно гэж айлдав. Гэвч шавь нар энэ үгийг нь ойлгосонгүй. Тэд Түүнээс асуухаас ч айж байлаа. Тэд Капернаумд иржээ. Айлд байхдаа Есүс —Замдаа та нар юун тухай маргалдаад байв аа? гэж тэднээс асуув. Гэвч тэд дуугүй байлаа. Учир нь шавь нар нь замдаа хэн хамгийн агуу нь болох талаар хоорондоо маргалджээ. Тэр суугаад, арван хоёрыгоо дуудаж, тэдэнд —Хэрэв хэн нэг нь эхэнд байхыг хүсвэл тэр хүн бүхний сүүлчийн хүн бөгөөд бүгдийн зарц болог гэж айлдав. Тэрээр хүүхэд авчраад, тэдний дунд зогсоов. Есүс хүүхдийг тэвэрч, тэдэнд хандан — Хэн Миний нэрээр ийм хүүхдүүдийн нэгийг хүлээн авна, тэр хүн Намайг хүлээн авна. Хэн Намайг хүлээн авна, тэр хүн Намайг биш харин Намайг илгээгч Түүнийг хүлээн авч байгаа юм гэж айлдав. Иохан Түүнд —Багш аа, Таны нэрээр чөтгөрүүдийг зайлуулж байсан хүнийг бид хараад түүнийг болиулахыг оролдсон. Учир нь тэр биднийг дагаж байгаагүй шүү дээ гэхэд, Есүс —Түүнд бүү саад бол. Миний нэрээр гайхамшгийг бүтээж буй хүн дараа нь удалгүй Намайг муугаар хэлж чадахгүй. Учир нь хэн биднийг үл эсэргүүцнэ, тэр хүн бидний талд байна. Үнэнээр Би та нарт хэлье. Христийн дагалдагчдын хувьд энэ нэрээр чинь хэн та нарт аяга ус өгнө, тэр хүн шагналаа алдахгүй. Хэн [Надад] итгэдэг ийм балчир хүмүүсээс нэгийг бүдрүүлнэ, тэр хүн тээрмийн хүнд чулуу хүзүүндээ зүүж, тэнгист хаягдсан нь түүний хувьд дээр байхсан. Хэрэв гар чинь чамайг бүдрүүлбэл тастаж хая. Унтаршгүй галтай тамд хоёр гартай очсоноос аминд тахир дутуу орох нь чиний хувьд дээр юм. [Тэнд өт хорхой нь үхэхгүй. Гал нь унтрахгүй.] Хэрэв хөл чинь чамайг бүдрүүлбэл тастаж хая. Тамд хоёр хөлтэй хаягдсанаас аминд доголон орох нь чиний хувьд дээр юм. [Тэнд өт хорхой нь үхэхгүй. Гал нь унтрахгүй.] Хэрэв нүд чинь чамайг бүдрүүлбэл ухаж хая. Тамд хоёр нүдтэй хаягдсанаас Бурханы хаанчлалд өрөөсөн нүдтэй орох нь чиний хувьд дээр. Тэнд өт хорхой нь үхэхгүй. Гал нь унтрахгүй. Учир нь хүн бүр галаар давслагдана. Давс нь сайн боловч хэрэв амтгүй болбол та нар түүнийг юугаар дахиж давслаг болгох билээ? Та нар дотроо давстай бай. Бие биетэйгээ эвтэй байгтун гэж айлдлаа.
МАРK 9:30-50 Ариун Библи 2013 (АБ2013)
Тэндээс гарч, тэд Галилыг дайрч өнгөрөв. Хэн нэгэнд үүнийг мэдэгдэхийг Есүс хүссэнгүй. Учир нь Есүс шавь нартаа зааж, тэдэнд —Хүний Хүү хүмүүсийн гарт тушаагдах гэж байна. Тэд Түүнийг ална. Тэр алагдсанаасаа хойш гурав хоногийн дараа амилах болно гэж хэлэв. Гэвч тэд хэлснийг нь ойлгосонгүй. Түүнээс асуухаас ч эмээцгээв. Тэд Капернаумд иржээ. Айлд байхдаа Есүс —Замдаа та нар юун тухай мэтгэлцээд байв аа? гэж тэднээс асуув. Харин тэд замдаа хэн нь хамгийн агуу нь вэ хэмээн мэтгэлцэж явсан тул дуугүй байлаа. Тэр суугаад, арван хоёроо дуудаж, тэдэнд —Тэргүүнд байхыг хүсэгч нь адагт байж, бүгдийн зарц болог гэж хэлэв. Тэрээр хүүхэд авчраад тэдний дунд зогсоов. Есүс хүүхдийг тэвэрч, тэдэнд — Хэн Миний нэрээр ийм хүүхдийг хүлээн авна, тэр Намайг хүлээн авна. Хэн Намайг хүлээн авна, тэр Намайг бус харин Намайг Илгээгчийг хүлээн авч байгаа юм гэж хэлэв. Иохан Түүнд —Багш аа, Таны нэрээр чөтгөрүүдийг зайлуулж байсан хүнийг бид хараад, түүнийг хориглосон. Тэр биднийг дагаж байгаагүй шүү дээ гэхэд Есүс —Түүнийг бүү хоригло. Нэрээр минь гайхамшгийг үйлдээд, төдхөн Намайг муугаар хэлж чадах хэн ч үгүй. Хэн биднийг үл эсэргүүцнэ, тэр бидний талд. Үнэнээр Би та нарт хэлье. Христийн гэдэг нэрээр хэн та нарт аяга ус өгнө, тэр нь шагналаа эс алдана. Хэн Надад итгэгч энэ балчруудаас нэгийг нь бүдрүүлнэ, тэр хүзүүндээ тээрмийн чулуу зүүгээд тэнгист хаягдсан нь дээр. Гар чинь чамайг бүдрүүлвээс тас цавчиж хая. Унтаршгүй галтай тамд хоёр гартайгаа очсоноос гаргүйгээр аминд орох нь чамд дээр. [Тэнд өт хорхой нь үхэхгүй, гал нь унтрахгүй.] Хөл чинь чамайг бүдрүүлвээс тас цавчиж хая. Тамд хоёр хөлтэй хаягдсанаас хөлгүйгээр аминд орох нь чамд дээр. [Тэнд өт хорхой нь үхэхгүй, гал нь унтрахгүй.] Нүд чинь чамайг бүдрүүлвээс ухаж хая. Хоёр нүдтэйгээ тамд хаягдсанаас өрөөсөн нүдтэйгээр Бурханы хаанчлалд орох нь чамд дээр. Тэнд өт хорхой нь үхэхгүй, гал унтрахгүй. Учир нь хүн бүр галаар давслагдана. Давс сайн боловч хэрэв амтаа алдвал хэрхэн буцааж давслаг болгох билээ? Та нар дотроо давстай бай. Бие биентэйгээ эвтэй байгтун гэж айлдлаа.