Марк 9:14-50

Марк 9:14-50 АБ2013

Тэд шавь нар уруу ирээд, тэднийг тойрсон үй олныг болон тэдэнтэй маргалдаж буй хуулийн багш нарыг харав. Тэр даруй бүгд Есүсийг харан ихэд гайхаж, Түүнтэй мэндлэхээр гүйлээ. Есүс тэднээс —Та нар юун тухай тэдэнтэй маргалдана вэ? гэж асуухад хурсан олноос нэг нь Түүнд —Багш аа, би хэлгүйн сүнс шүглэсэн хүүгээ Танд авчирсан юм. Хүүг минь тэр эзэмдэх болгондоо газар шидэж, хүүгийн амнаас хөөс цахран, шүдээ хавирч, хөшчихдөг юм. Тэр сүнсийг зайлуулаач гэж Таны шавь нарт би хэлсэн боловч тэд чадсангүй гэв. Есүс тэдэнд —Итгэлгүй үеийнхээн, хэдий хүртэл Би та нартай хамт байх юм бэ? Хэдий хүртэл Би та нарыг тэвчих юм бэ? Түүнийг Надад аваад ир гэлээ. Тэд хүүг Түүнд авчрав. Есүсийг хармагц, мөнөөх сүнс тэр дор нь хүүг татвалзуулж, газар унагахад тэр хөөс цахруулан хөлбөрөн өнхөрч гарав. Есүс, эцгээс нь —Тэр хэр удаан ийм байсан бэ? гэж асуухад эцэг нь —Багаасаа л. Энэ сүнс хүүг минь хөнөөх гэж үргэлж гал, усанд шиддэг байлаа. Харин Та юуг ч хийж чаддаг бол биднийг өрөвдөж туслаач гэлээ. Есүс түүнд —“Та чаддаг бол” гэв үү? Итгэдэгт нь бүх юм боломжтой гэхэд хүүгийн эцэг —Би итгэж байна. Итгэлгүй байгаад минь туслаач хэмээн чарлав. Есүс ард олны гүйлдэн цуглаж буйг хараад, бузар сүнсийг зандарч, түүнд —Хэлгүй дүлийн сүнс ээ. Би чамд тушааж байна. Түүнээс гар, дахиж түүнд бүү ор гэж хэлэв. Тэр сүнс бархирч, хүүг маш хүчтэй татвалзуулаад, түүнээс гарав. Хүү үхсэн мэт болсонд, олонх нь түүнийг —Тэр үхчихлээ гэжээ. Харин Есүс гараас нь барьж өндийлгөхөд хүү босов. Есүсийг нэгэн айлд орох үед шавь нар нь Түүнээс —Бид яагаад түүнийг хөөн гаргаж чадсангүй вэ? гэж аминчлан асуухад Тэр —Энэ төрөл нь зөвхөн залбирлаар л гарч чадна гэв. Тэндээс гарч, тэд Галилыг дайрч өнгөрөв. Хэн нэгэнд үүнийг мэдэгдэхийг Есүс хүссэнгүй. Учир нь Есүс шавь нартаа зааж, тэдэнд —Хүний Хүү хүмүүсийн гарт тушаагдах гэж байна. Тэд Түүнийг ална. Тэр алагдсанаасаа хойш гурав хоногийн дараа амилах болно гэж хэлэв. Гэвч тэд хэлснийг нь ойлгосонгүй. Түүнээс асуухаас ч эмээцгээв. Тэд Капернаумд иржээ. Айлд байхдаа Есүс —Замдаа та нар юун тухай мэтгэлцээд байв аа? гэж тэднээс асуув. Харин тэд замдаа хэн нь хамгийн агуу нь вэ хэмээн мэтгэлцэж явсан тул дуугүй байлаа. Тэр суугаад, арван хоёроо дуудаж, тэдэнд —Тэргүүнд байхыг хүсэгч нь адагт байж, бүгдийн зарц болог гэж хэлэв. Тэрээр хүүхэд авчраад тэдний дунд зогсоов. Есүс хүүхдийг тэвэрч, тэдэнд — Хэн Миний нэрээр ийм хүүхдийг хүлээн авна, тэр Намайг хүлээн авна. Хэн Намайг хүлээн авна, тэр Намайг бус харин Намайг Илгээгчийг хүлээн авч байгаа юм гэж хэлэв. Иохан Түүнд —Багш аа, Таны нэрээр чөтгөрүүдийг зайлуулж байсан хүнийг бид хараад, түүнийг хориглосон. Тэр биднийг дагаж байгаагүй шүү дээ гэхэд Есүс —Түүнийг бүү хоригло. Нэрээр минь гайхамшгийг үйлдээд, төдхөн Намайг муугаар хэлж чадах хэн ч үгүй. Хэн биднийг үл эсэргүүцнэ, тэр бидний талд. Үнэнээр Би та нарт хэлье. Христийн гэдэг нэрээр хэн та нарт аяга ус өгнө, тэр нь шагналаа эс алдана. Хэн Надад итгэгч энэ балчруудаас нэгийг нь бүдрүүлнэ, тэр хүзүүндээ тээрмийн чулуу зүүгээд тэнгист хаягдсан нь дээр. Гар чинь чамайг бүдрүүлвээс тас цавчиж хая. Унтаршгүй галтай тамд хоёр гартайгаа очсоноос гаргүйгээр аминд орох нь чамд дээр. [Тэнд өт хорхой нь үхэхгүй, гал нь унтрахгүй.] Хөл чинь чамайг бүдрүүлвээс тас цавчиж хая. Тамд хоёр хөлтэй хаягдсанаас хөлгүйгээр аминд орох нь чамд дээр. [Тэнд өт хорхой нь үхэхгүй, гал нь унтрахгүй.] Нүд чинь чамайг бүдрүүлвээс ухаж хая. Хоёр нүдтэйгээ тамд хаягдсанаас өрөөсөн нүдтэйгээр Бурханы хаанчлалд орох нь чамд дээр. Тэнд өт хорхой нь үхэхгүй, гал унтрахгүй. Учир нь хүн бүр галаар давслагдана. Давс сайн боловч хэрэв амтаа алдвал хэрхэн буцааж давслаг болгох билээ? Та нар дотроо давстай бай. Бие биентэйгээ эвтэй байгтун гэж айлдлаа.