МАРK 9:14-50
МАРK 9:14-50 Ариун Библи, 2004 (АБ2004)
Тэд шавь нар уруу буцаж ирээд, тэднийг тойрсон олон хүнийг болон тэдэнтэй маргалдаж буй хуулийн багш нарыг харав. Тэр даруй бүх хүн Есүсийг харж ихэд гайхаж, Түүнтэй мэндлэхээр гүйлээ. Есүс тэднээс —Та нар юунд тэдэнтэй маргалдана вэ? гэж асуухад, цугласан олноос нэг хүн Түүнд —Багш аа, би сүнс шүглэсэн хүүгээ Тан уруу авчирсан юм. Тэр сүнс хүүг минь хэлгүй болгосон. Хүүг минь тэр эзэмдэх болгон түүнийг газар шидэж, хүүгийн амнаас хөөс цахарч, шүдээ хавирч, бие нь хөшчихдөг юм. Тэр сүнсийг зайлуулаач гэж Таны шавь нарт би хэлсэн боловч тэд чадсангүй гэв. Есүс тэдэнд —Ээ, итгэлгүй үеийнхэн, та нартай Би хэдий удаан байх юм бэ? Хэдий хүртэл Би та нарыг тэвчих юм бэ? Хүүгээ Над дээр авчир гэлээ. Тэд хүүг Түүн дээр авчрав. Есүсийг хармагц, тэр даруй мөнөөх сүнс хүүг маш хүчтэй татвалзуулж, газар унагахад тэр амнаасаа хөөс цахруулан хөлбөрөн өнхөрч гарав. Есүс хүүгийн эцгээс —Тэр хэр удаан ийм байдалтай байсан бэ? гэж асуухад, эцэг нь —Багаасаа л ийм байсан. Энэ сүнс хүүг минь хөнөөх гэж үргэлж гал, усанд ч шиддэг байлаа. Харин хэрэв Та юуг ч хийж чаддаг юм бол биднийг өрөвдөж туслаач гэлээ. Есүс түүнд —“Хэрэв Та чаддаг бол” гэв үү? Итгэлтэй хүнд бүх юм боломжтой гэхэд, хүүгийн эцэг тэр дороо хашхирч —Би итгэж байна. Итгэлгүй байгаад минь туслаач гэсэнд, Есүс олон түмнийг хурдан цуглаж байгааг хараад, бузар сүнсийг зэмлэж, түүнд —Хэлгүй, дүлий сүнс ээ. Би чамд тушааж байна. Түүнээс гар. Дахиж түүнд бүү ор гэж айлдав. Тэр сүнс бархирч, хүүг маш хүчтэй татвалзуулан хаяад, түүнээс гарав. Хүү хүүр мэт болсонд олон хүмүүс түүнийг —Тэр үхчихлээ гэжээ. Харин Есүс гараас нь барьж өндийлгөхөд, хүү босов. Есүсийг нэгэн айлд орох үед нь шавь нар нь Түүнээс —Яагаад бид тэр сүнсийг зайлуулж чадсангүй вэ? гэж тусгайлан асуухад, Тэр —Энэ төрөл нь зөвхөн залбирлаар л гарч чадна гэв. Тэндээс гарч, тэд Галилыг дайрч өнгөрөв. Хэн нэгэн нь үүнийг мэдэхийг Есүс хүссэнгүй. Учир нь Есүс шавь нартаа зааж, тэдэнд —Хүний Хүү хүмүүсийн гарт тушаагдана. Тэд Түүнийг ална. Тэр алагдсанаасаа хойш гурав хоногийн дараа амилах болно гэж айлдав. Гэвч шавь нар энэ үгийг нь ойлгосонгүй. Тэд Түүнээс асуухаас ч айж байлаа. Тэд Капернаумд иржээ. Айлд байхдаа Есүс —Замдаа та нар юун тухай маргалдаад байв аа? гэж тэднээс асуув. Гэвч тэд дуугүй байлаа. Учир нь шавь нар нь замдаа хэн хамгийн агуу нь болох талаар хоорондоо маргалджээ. Тэр суугаад, арван хоёрыгоо дуудаж, тэдэнд —Хэрэв хэн нэг нь эхэнд байхыг хүсвэл тэр хүн бүхний сүүлчийн хүн бөгөөд бүгдийн зарц болог гэж айлдав. Тэрээр хүүхэд авчраад, тэдний дунд зогсоов. Есүс хүүхдийг тэвэрч, тэдэнд хандан — Хэн Миний нэрээр ийм хүүхдүүдийн нэгийг хүлээн авна, тэр хүн Намайг хүлээн авна. Хэн Намайг хүлээн авна, тэр хүн Намайг биш харин Намайг илгээгч Түүнийг хүлээн авч байгаа юм гэж айлдав. Иохан Түүнд —Багш аа, Таны нэрээр чөтгөрүүдийг зайлуулж байсан хүнийг бид хараад түүнийг болиулахыг оролдсон. Учир нь тэр биднийг дагаж байгаагүй шүү дээ гэхэд, Есүс —Түүнд бүү саад бол. Миний нэрээр гайхамшгийг бүтээж буй хүн дараа нь удалгүй Намайг муугаар хэлж чадахгүй. Учир нь хэн биднийг үл эсэргүүцнэ, тэр хүн бидний талд байна. Үнэнээр Би та нарт хэлье. Христийн дагалдагчдын хувьд энэ нэрээр чинь хэн та нарт аяга ус өгнө, тэр хүн шагналаа алдахгүй. Хэн [Надад] итгэдэг ийм балчир хүмүүсээс нэгийг бүдрүүлнэ, тэр хүн тээрмийн хүнд чулуу хүзүүндээ зүүж, тэнгист хаягдсан нь түүний хувьд дээр байхсан. Хэрэв гар чинь чамайг бүдрүүлбэл тастаж хая. Унтаршгүй галтай тамд хоёр гартай очсоноос аминд тахир дутуу орох нь чиний хувьд дээр юм. [Тэнд өт хорхой нь үхэхгүй. Гал нь унтрахгүй.] Хэрэв хөл чинь чамайг бүдрүүлбэл тастаж хая. Тамд хоёр хөлтэй хаягдсанаас аминд доголон орох нь чиний хувьд дээр юм. [Тэнд өт хорхой нь үхэхгүй. Гал нь унтрахгүй.] Хэрэв нүд чинь чамайг бүдрүүлбэл ухаж хая. Тамд хоёр нүдтэй хаягдсанаас Бурханы хаанчлалд өрөөсөн нүдтэй орох нь чиний хувьд дээр. Тэнд өт хорхой нь үхэхгүй. Гал нь унтрахгүй. Учир нь хүн бүр галаар давслагдана. Давс нь сайн боловч хэрэв амтгүй болбол та нар түүнийг юугаар дахиж давслаг болгох билээ? Та нар дотроо давстай бай. Бие биетэйгээ эвтэй байгтун гэж айлдлаа.
МАРK 9:14-50 Ариун Библи 2013 (АБ2013)
Тэд шавь нар уруу ирээд, тэднийг тойрсон үй олныг болон тэдэнтэй маргалдаж буй хуулийн багш нарыг харав. Тэр даруй бүгд Есүсийг харан ихэд гайхаж, Түүнтэй мэндлэхээр гүйлээ. Есүс тэднээс —Та нар юун тухай тэдэнтэй маргалдана вэ? гэж асуухад хурсан олноос нэг нь Түүнд —Багш аа, би хэлгүйн сүнс шүглэсэн хүүгээ Танд авчирсан юм. Хүүг минь тэр эзэмдэх болгондоо газар шидэж, хүүгийн амнаас хөөс цахран, шүдээ хавирч, хөшчихдөг юм. Тэр сүнсийг зайлуулаач гэж Таны шавь нарт би хэлсэн боловч тэд чадсангүй гэв. Есүс тэдэнд —Итгэлгүй үеийнхээн, хэдий хүртэл Би та нартай хамт байх юм бэ? Хэдий хүртэл Би та нарыг тэвчих юм бэ? Түүнийг Надад аваад ир гэлээ. Тэд хүүг Түүнд авчрав. Есүсийг хармагц, мөнөөх сүнс тэр дор нь хүүг татвалзуулж, газар унагахад тэр хөөс цахруулан хөлбөрөн өнхөрч гарав. Есүс, эцгээс нь —Тэр хэр удаан ийм байсан бэ? гэж асуухад эцэг нь —Багаасаа л. Энэ сүнс хүүг минь хөнөөх гэж үргэлж гал, усанд шиддэг байлаа. Харин Та юуг ч хийж чаддаг бол биднийг өрөвдөж туслаач гэлээ. Есүс түүнд —“Та чаддаг бол” гэв үү? Итгэдэгт нь бүх юм боломжтой гэхэд хүүгийн эцэг —Би итгэж байна. Итгэлгүй байгаад минь туслаач хэмээн чарлав. Есүс ард олны гүйлдэн цуглаж буйг хараад, бузар сүнсийг зандарч, түүнд —Хэлгүй дүлийн сүнс ээ. Би чамд тушааж байна. Түүнээс гар, дахиж түүнд бүү ор гэж хэлэв. Тэр сүнс бархирч, хүүг маш хүчтэй татвалзуулаад, түүнээс гарав. Хүү үхсэн мэт болсонд, олонх нь түүнийг —Тэр үхчихлээ гэжээ. Харин Есүс гараас нь барьж өндийлгөхөд хүү босов. Есүсийг нэгэн айлд орох үед шавь нар нь Түүнээс —Бид яагаад түүнийг хөөн гаргаж чадсангүй вэ? гэж аминчлан асуухад Тэр —Энэ төрөл нь зөвхөн залбирлаар л гарч чадна гэв. Тэндээс гарч, тэд Галилыг дайрч өнгөрөв. Хэн нэгэнд үүнийг мэдэгдэхийг Есүс хүссэнгүй. Учир нь Есүс шавь нартаа зааж, тэдэнд —Хүний Хүү хүмүүсийн гарт тушаагдах гэж байна. Тэд Түүнийг ална. Тэр алагдсанаасаа хойш гурав хоногийн дараа амилах болно гэж хэлэв. Гэвч тэд хэлснийг нь ойлгосонгүй. Түүнээс асуухаас ч эмээцгээв. Тэд Капернаумд иржээ. Айлд байхдаа Есүс —Замдаа та нар юун тухай мэтгэлцээд байв аа? гэж тэднээс асуув. Харин тэд замдаа хэн нь хамгийн агуу нь вэ хэмээн мэтгэлцэж явсан тул дуугүй байлаа. Тэр суугаад, арван хоёроо дуудаж, тэдэнд —Тэргүүнд байхыг хүсэгч нь адагт байж, бүгдийн зарц болог гэж хэлэв. Тэрээр хүүхэд авчраад тэдний дунд зогсоов. Есүс хүүхдийг тэвэрч, тэдэнд — Хэн Миний нэрээр ийм хүүхдийг хүлээн авна, тэр Намайг хүлээн авна. Хэн Намайг хүлээн авна, тэр Намайг бус харин Намайг Илгээгчийг хүлээн авч байгаа юм гэж хэлэв. Иохан Түүнд —Багш аа, Таны нэрээр чөтгөрүүдийг зайлуулж байсан хүнийг бид хараад, түүнийг хориглосон. Тэр биднийг дагаж байгаагүй шүү дээ гэхэд Есүс —Түүнийг бүү хоригло. Нэрээр минь гайхамшгийг үйлдээд, төдхөн Намайг муугаар хэлж чадах хэн ч үгүй. Хэн биднийг үл эсэргүүцнэ, тэр бидний талд. Үнэнээр Би та нарт хэлье. Христийн гэдэг нэрээр хэн та нарт аяга ус өгнө, тэр нь шагналаа эс алдана. Хэн Надад итгэгч энэ балчруудаас нэгийг нь бүдрүүлнэ, тэр хүзүүндээ тээрмийн чулуу зүүгээд тэнгист хаягдсан нь дээр. Гар чинь чамайг бүдрүүлвээс тас цавчиж хая. Унтаршгүй галтай тамд хоёр гартайгаа очсоноос гаргүйгээр аминд орох нь чамд дээр. [Тэнд өт хорхой нь үхэхгүй, гал нь унтрахгүй.] Хөл чинь чамайг бүдрүүлвээс тас цавчиж хая. Тамд хоёр хөлтэй хаягдсанаас хөлгүйгээр аминд орох нь чамд дээр. [Тэнд өт хорхой нь үхэхгүй, гал нь унтрахгүй.] Нүд чинь чамайг бүдрүүлвээс ухаж хая. Хоёр нүдтэйгээ тамд хаягдсанаас өрөөсөн нүдтэйгээр Бурханы хаанчлалд орох нь чамд дээр. Тэнд өт хорхой нь үхэхгүй, гал унтрахгүй. Учир нь хүн бүр галаар давслагдана. Давс сайн боловч хэрэв амтаа алдвал хэрхэн буцааж давслаг болгох билээ? Та нар дотроо давстай бай. Бие биентэйгээ эвтэй байгтун гэж айлдлаа.