Марк 8:22-38
Марк 8:22-38 АБ2013
Тэднийг Бетсайдад ирэхэд, хүмүүс сохор нэгнийг Түүнд авчирч, гараа түүнд хүргэхийг Есүсээс гуйв. Есүс тэр хүний гараас нь хөтөлж тосгоноос гаргаад, нүд уруу нь нулимсны дараа түүн дээр гараа тавиад түүнээс —Чи ямар нэгэн юм харж байна уу? гэж асуухад нөгөө хүн хараад, —Би хүмүүсийг харж байна. Тэд явж буй мод мэт харагдаж байна гэж хэллээ. Тэгэхээр нь Тэр дахиад гараа нүдэн дээр нь тавьж, түүнд тодоор харуулав. Түүний нүд нь засарч юм бүгдийг тод харах болжээ. Есүс түүнд —Тосгонд бүү оч гээд гэр уруу нь явуулав. Есүс шавь нарынхаа хамт Цезарь Филиппийн тосгод уруу явжээ. Замдаа Тэр шавь нараасаа —Хүмүүс Намайг хэн гэж ярьж байна вэ? гэж асуухад тэд Түүнд —Баптисч Иохан гэдэг. Зарим нь Елиа гэхэд харин зарим нь эш үзүүлэгчдийн нэг гэдэг гэв. Есүс цааш нь тэднээс —Харин та нар Намайг хэн гэж хэлэх вэ? гэхэд Петр —Та бол Христ гэж хэллээ. Тэр Өөрийнх нь тухай хэнд ч ярьж болохгүй хэмээн тэдэнд тушаав. Тэр тэдэнд Хүний Хүү их зовлон амсах ёстойг болон ахлагчид, ахлах тахилч нар хийгээд хуулийн багш нарт ад үзэгдэж алуулах ба гурав хоногийн дараа амилах тухай зааж эхлэв. Есүс энэ үгийг ил шулуухан айлдсанд Петр Түүнийг хажуу тийш аваачаад, зэмлэж эхлэв. Гэтэл Есүс эргэхдээ шавь нараа хараад, Петрийг загнан —Миний араас зайл, Сатан аа. Чи Бурханы юмсыг бус харин хүмүүний юмсыг л бодож байна гэв. Тэрээр хурсан олныг шавь нарынхаа хамт дуудаж тэдэнд хандан —Хэн нэг нь Миний араас дагахыг хүсвэл тэр өөрийгөө үгүйсгэн, загалмайгаа үүрч Намайг дага. Хэн амиа аврахыг хүснэ, тэр түүнийгээ алдана. Харин хэн Миний төлөө, сайнмэдээний төлөө амиа алдана, тэр түүнийгээ аварна. Учир нь хүн бүх ертөнцийг олж авсан ч амиа алдвал ямар ашиг байх билээ? Амиа эргүүлэн авахын тулд оронд нь хүн юугаа өгөх вэ? Завхай, нүгэлт энэ үеийнхэн дотор хэн Надаас болон Миний үгсээс ичнэ, тийм нэгнээс Хүний Хүү ч Эцэгийнхээ цог жавхлан дотор ариун тэнгэрэлч нарын хамт ирэх үедээ мөн ичих болно гэж хэлэв.