Марк 6:33-56
Марк 6:33-56 АБ2013
Хүмүүс тэдний хөдлөхийг хараад, олонх нь таньжээ. Тэд хот бүрээс тийш явган гүйсээр тэднээс урьтаж ирэв. Эрэг дээр очоод Есүс үй олон хүн байхыг харж тэднийг өрөвдөв. Учир нь тэд хоньчингүй хонь мэт байв. Тэр тэдэнд олон зүйлийг зааж эхлэв. Цаг хэдийнээ орой болоход шавь нар нь Түүн дээр ирж —Энэ газар зэлүүд мөн цаг аль хэдийнээ оройтжээ. Хүмүүсийг тараан явуулаач. Тэд ойр орчмын тосгон, сууринд очиж, өөрсдөдөө идэх юм худалдаж аваг гэжээ. Гэтэл Есүс хариуд нь —Та нар тэдэнд идэх юм өг гэв. Шавь нар нь Түүнд —Бид явж, хоёр зуун денараар талх худалдан авч, тэдэнд идэх юм өгөх үү? гэхэд Есүс тэдэнд —Та нарт хэдэн талх байна? Яв, үз гэж айлдлаа. Тэд олж мэдээд —Тав бас хоёр загас байна гэв. Тэдэнд бүх хүнийг хэсэг хэсэг болгон ногоон зүлгэн дээр суулгахыг Тэр тушаав. Тэд зуугаараа, тавиараа хэсэг болон суулаа. Есүс таван талх, хоёр загасыг авч, тэнгэр өөд ширтэн ерөөгөөд, талхыг хувааж, хүмүүст өгүүлэхээр шавь нартаа өгөв. Хоёр загасыг ч бүгдэд нь хуваан хүртээв. Тэд бүгд идэж, цадсан байлаа. Тэгээд тэд үлдсэн цөвдлийг цуглуулахад арван хоёр сагс дүүрэв. Тэнд талх идсэн эрчүүд таван мянга байсан юм. Тэр даруй Тэр хурсан олныг тараангаа шавь нараа завинд суулгаж, нөгөө тал, Бетсайд уруу урьтаж явуулав. Тэднийг явуулсныхаа дараа Тэр залбирахаар уул өөд явжээ. Орой болоход завь нуурын дунд, харин Есүс ганцаараа газар дээр байв. Салхи сөрөн явж байсан тул шавь нар нь сэлүүрдэн хүчээ барж буйг Есүс хараад, шөнийн дөрөв дэх манааны үеэр нууран дээгүүр алхаж, тэднийг зүглэн ирж байв. Тэдний хажуугаар өнгөрөхөөр явж байтал нууран дээгүүр алхаж яваа Түүнийг хараад шавь нар нь хий үзэгдэл байна хэмээн бодож хашхиралдав. Учир нь бүгд Түүнийг хараад түгшицгээжээ. Харин тэр даруй Есүс тэдэнд хандан —Зоригтой бай. Би байна. Бүү ай гэж хэлэв. Тэгээд тэдний байгаа завин дээр Түүнийг гарахад салхи зогслоо. Тэд маш ихээр гайхацгаав. Учир нь тэд талхны явдлыг ойлгоогүй, харин ч зүрх нь хатуу байв. Тэгээд тэд нуурыг гаталж Геннесарет нутагт хүрээд зангуугаа эрэгт хаяв. Тэднийг завинаас буусан даруй хүмүүс Есүсийг таниад тэр хавиар нэг гүйлдэж, Түүнийг байгаа гэж сонссон газарт өвчтэй хүмүүсийг дэвсгэртэй нь авчирч эхлэв. Түүнийг тосгонд ч, хотод ч, хөдөөд ч, хаа ч очсон тэд өвчтэй хүмүүсийг гудамж зээл дээр авчирч байв. Тэд Түүнээс зөвхөн дээлийнх нь хормойд л гар хүрэхийг гуйсан ба хүрсэн бүхэн эдгэрч байлаа.