МАРK 6:33-56
МАРK 6:33-56 Ариун Библи, 2004 (АБ2004)
Хүмүүс тэдний хөдлөхийг хараад, олонх нь таньжээ. Тэд хот бүхнээс хамтдаа тэр зүгт гүйсээр тэднээс урьтаж тэнд хүрэв. Есүс эрэг дээр гарахдаа, үй олон хүнийг хараад тэднийг өрөвдөв. Учир нь хүмүүс хоньчингүй хонь мэт байв. Тэр тэдэнд олон зүйлийг зааж эхлэв. хэдийн цаг орой болоход шавь нар нь Түүн дээр ирж, —Энэ газар зэлүүд. Аль хэдийн орой болчихлоо. Хүмүүсийг явуулъя. Тэд ойр орчмын тосгон, суурин уруу очоод, өөрсдөдөө идэх юм худалдаж аваг гэжээ. Гэтэл Есүс хариуд нь —Та нар тэдэнд идэх юм өг гэв. Шавь нар нь Түүнд —Бид явж, талханд хоёр зуун денар зарцуулж тэдэнд идэх юм өгөх үү? гэхэд, Есүс тэдэнд —Та нарт хэдэн талх байна? Яв, хар гэж айлдлаа. Тэд олж мэдээд, —Таван талх, хоёр загас байна гэв. Бүх хүнийг зүлгэн дээр хэсэг хэсгээр нь суулгахыг тэдэнд Тэр тушаав. Тэд зуугаараа, тавиараа хэсэг болон суулаа. Есүс таван талх, хоёр загасыг авч, тэнгэр өөд ширтэн хүнсийг ерөөгөөд талхыг хувааж, хүмүүст өгүүлэхээр шавь нартаа өгөв. Хоёр загасыг ч бүгдэд нь хуваан хүртээв. Тэд бүгд цөмөөрөө идэж цадсан байлаа. Тэд талхны хэлтэрхий, загасны үлдэгдлийг цуглуулахад арван хоёр сагс дүүрчээ. Тэнд [талх] идсэн таван мянган эрчүүд байсан юм. Цугласан олныг Тэрээр тараан явуулж байх зуураа шавь нараа тэр даруй завинд суулгаж, нуурын нөгөө зүг дэх Бетсайд уруу түрүүлж явуулав. Тэднийг явуулсныхаа дараа Тэр залбирахаар уул өөд явжээ. Орой болоход завь нуурын дунд, харин Есүс ганцаараа газар дээр байв. Салхи сөрөн явж байсан тул шавь нар нь сэлүүрдэн хүчээ барж буйг Тэр хараад, шөнийн дөрөв дэх манааны үед Есүс нууран дээгүүр алхаж, тэднийг зүглэн ирж байв. Тэдний хажуугаар өнгөрөх санаатай явж байтал, шавь нар нь Түүнийг нууран дээгүүр алхаж явахыг хараад, хий үзэгдэл байна хэмээн бодож хашхиралдав. Учир нь Түүнийг бүгд харсан бөгөөд ихэд айжээ. Гэвч тэр даруй Есүс тэдэнтэй ярьж, —Зоригтой бай. Би байна. Бүү ай гэж тэдэнд айлдав. Тэгээд тэдний байгаа завин дээр Түүнийг гарахад салхи зогсов. Шавь нар нь бүр [ихэд] гайхав. Учир нь тэд талхны явдлыг ойлгоогүй, харин ч тэдний зүрх хатуу байв. Тэд хөвсөөр Геннесарет нутагт хүрч зангуугаа эрэг дээр хаяв. Тэднийг завинаас буусан тэр даруй хүмүүс Есүсийг таниад, бүх нутгаар гүйн явж, Түүнийг байгаа гэж сонссон газар уруу өвчтэй хүмүүсийг дэвсгэртэй нь авчирч эхлэв. Түүнийг суурин, хот, тосгон, хаа ч очсон олон түмэн өвчтэй хүмүүсийг олон хөлийн газар авчирч байв. Тэд Есүсээс энэ хүмүүсийг хувцасныхаа хормойд зөвхөн гар хүргүүлээч гэж гуйцгаан, гар хүрсэн болгон эдгэрч байлаа.
МАРK 6:33-56 Ариун Библи 2013 (АБ2013)
Хүмүүс тэдний хөдлөхийг хараад, олонх нь таньжээ. Тэд хот бүрээс тийш явган гүйсээр тэднээс урьтаж ирэв. Эрэг дээр очоод Есүс үй олон хүн байхыг харж тэднийг өрөвдөв. Учир нь тэд хоньчингүй хонь мэт байв. Тэр тэдэнд олон зүйлийг зааж эхлэв. Цаг хэдийнээ орой болоход шавь нар нь Түүн дээр ирж —Энэ газар зэлүүд мөн цаг аль хэдийнээ оройтжээ. Хүмүүсийг тараан явуулаач. Тэд ойр орчмын тосгон, сууринд очиж, өөрсдөдөө идэх юм худалдаж аваг гэжээ. Гэтэл Есүс хариуд нь —Та нар тэдэнд идэх юм өг гэв. Шавь нар нь Түүнд —Бид явж, хоёр зуун денараар талх худалдан авч, тэдэнд идэх юм өгөх үү? гэхэд Есүс тэдэнд —Та нарт хэдэн талх байна? Яв, үз гэж айлдлаа. Тэд олж мэдээд —Тав бас хоёр загас байна гэв. Тэдэнд бүх хүнийг хэсэг хэсэг болгон ногоон зүлгэн дээр суулгахыг Тэр тушаав. Тэд зуугаараа, тавиараа хэсэг болон суулаа. Есүс таван талх, хоёр загасыг авч, тэнгэр өөд ширтэн ерөөгөөд, талхыг хувааж, хүмүүст өгүүлэхээр шавь нартаа өгөв. Хоёр загасыг ч бүгдэд нь хуваан хүртээв. Тэд бүгд идэж, цадсан байлаа. Тэгээд тэд үлдсэн цөвдлийг цуглуулахад арван хоёр сагс дүүрэв. Тэнд талх идсэн эрчүүд таван мянга байсан юм. Тэр даруй Тэр хурсан олныг тараангаа шавь нараа завинд суулгаж, нөгөө тал, Бетсайд уруу урьтаж явуулав. Тэднийг явуулсныхаа дараа Тэр залбирахаар уул өөд явжээ. Орой болоход завь нуурын дунд, харин Есүс ганцаараа газар дээр байв. Салхи сөрөн явж байсан тул шавь нар нь сэлүүрдэн хүчээ барж буйг Есүс хараад, шөнийн дөрөв дэх манааны үеэр нууран дээгүүр алхаж, тэднийг зүглэн ирж байв. Тэдний хажуугаар өнгөрөхөөр явж байтал нууран дээгүүр алхаж яваа Түүнийг хараад шавь нар нь хий үзэгдэл байна хэмээн бодож хашхиралдав. Учир нь бүгд Түүнийг хараад түгшицгээжээ. Харин тэр даруй Есүс тэдэнд хандан —Зоригтой бай. Би байна. Бүү ай гэж хэлэв. Тэгээд тэдний байгаа завин дээр Түүнийг гарахад салхи зогслоо. Тэд маш ихээр гайхацгаав. Учир нь тэд талхны явдлыг ойлгоогүй, харин ч зүрх нь хатуу байв. Тэгээд тэд нуурыг гаталж Геннесарет нутагт хүрээд зангуугаа эрэгт хаяв. Тэднийг завинаас буусан даруй хүмүүс Есүсийг таниад тэр хавиар нэг гүйлдэж, Түүнийг байгаа гэж сонссон газарт өвчтэй хүмүүсийг дэвсгэртэй нь авчирч эхлэв. Түүнийг тосгонд ч, хотод ч, хөдөөд ч, хаа ч очсон тэд өвчтэй хүмүүсийг гудамж зээл дээр авчирч байв. Тэд Түүнээс зөвхөн дээлийнх нь хормойд л гар хүрэхийг гуйсан ба хүрсэн бүхэн эдгэрч байлаа.