Марк 15:21-39
Марк 15:21-39 АБ2013
Хөдөөнөөс ирээд түүгээр өнгөрч явсан Курений Симоныг албадаж Түүний загалмайг үүрүүлэв. Тэр Александр, Руф хоёрын эцэг билээ. Гавалын газар гэсэн утгатай Голгота хэмээх газар Түүнийг тэд авчирлаа. Цэргүүд Есүст мирр хольсон дарсыг өгсөн боловч Тэр авсангүй. Тэд Түүнийг цовдлоод, хэн юу авахаа шодож шавга хаяцгаан, хувцсыг нь хувааж авав. Тэд Түүнийг цовдлоход гуравдугаар цаг байсан юм. Ялынх нь пайзан дээр «Иудейчүүдийн Хаан» гэсэн бичээс байлаа. Цэргүүд Есүстэй хамт хоёр дээрэмчнийг, нэгийг нь баруун, нөгөөг нь зүүн талд нь цовдлов. [«Тэр хилэнцтэнүүдийн хамт тоологдсон» гэсэн Бичвэр биелэгдэв.] Дэргэдүүр нь өнгөрөгсөд толгойгоо сэгсрэн Түүнийг доромжилж, —Өө! Сүмийг нурааж, гурав хоногийн дотор барьдаг Чи, Өөрийгөө авраач! Наад загалмайнаас буугаач гэцгээж байлаа. Ахлах тахилчид ч хуулийн багш нарын хамт мөн адил элэглэн, өөр хоорондоо —Тэр бусдыг аварсан ч Өөрийгөө аварч чадахгүй. Израилийн Хаан энэ Христ одоо загалмайнаас бууг, тэгвэл бид хараад итгэнэ гэж байв. Хамт цовдлогдогсод ч Түүнийг бас доромжилжээ. Зургадугаар цагаас эхлээд нийт нутгийг харанхуй нөмөрч есдүгээр цаг хүрэв. Есдүгээр цагт Есүс чанга дуугаар —Елой, Елой, лема сабахтани? (орчуулбал «Бурхан минь, Бурхан минь, юунд Та Намайг орхив?») гэж хашхирлаа. Тэнд зогсогсдын зарим нь сонсоод, —Хараач, Тэр Елиаг дуудаж байна гэв. Нэг нь гүйж, далайн хөвөнд цагаан цуу шингээгээд хулсны үзүүрт торгоон, Түүнд уулгахаар өгөнгөө, —Елиа Түүнийг буулгаж авахаар ирэх эсэхийг харцгаая гэв. Есүс чанга дуу гаргаад, амьсгал хураав. Сүмийн хөшиг дээрээсээ доош хоёр хуваагдан цуурлаа. Түүний эсрэг талд зогсож байсан зуутын дарга Есүсийг амьсгаа хураахыг хараад —Энэ үнэхээр Бурханы Хүү байжээ гэв.