МАРK 15:21-39
МАРK 15:21-39 Ариун Библи, 2004 (АБ2004)
Хөдөөнөөс ирээд түүгээр өнгөрч явсан (Александр, Руф хоёрын эцэг) Курений Симонд Есүсийн загалмайг үүрэхийг тэд албадав. Тэд Түүнийг Голгота хэмээх газар (орчуулбал «Гавлын Газар») авчирлаа. Цэргүүд Есүст мирртэй дарс өгсөн боловч Тэр авсангүй. Тэд Есүсийг цовдлоод, хэн юу авахаа үзэхээр шодож хувцсыг нь хоорондоо хуваав. Тэд Түүнийг цовдлох үед гуравдугаар цаг байсан юм. Ялынх нь пайзан дээр «Иудейчүүдийн Хаан» гэж бичсэн байлаа. Цэргүүд Есүстэй хамт хоёр дээрэмчнийг, нэгийг нь баруун талд нь, нөгөөг нь зүүн талд нь цовдолжээ. [«Тэр хилэнцэтнүүдийн хамт тоологдсон» гэсэн Судар биелэгдэв.] Түүгээр өнгөрөн явагсад Есүсийг басамжлан доромжилж, толгойгоо сэгсрэн —Өө! Сүмийг устгаад гурван хоногт дахин баригч Та Өөрийгөө авраач! Наад загалмайнаасаа буугаач! гэж байлаа. Мөн түүнчлэн ахлах тахилч нар хуулийн багш нарын хамт Түүнийг элэглэн дооглож, өөр хоорондоо —Тэр бусдыг аварсан. Тэр Өөрийгөө аварч чадахгүй. Израилийн Хаан энэ Христ, одоо загалмайнаасаа буу л даа. Тэгвэл бид хараад, итгэе гэж байв. Есүстэй хамт цовдлогдсон тэр хүмүүс ч мөн адил Түүнийг доромжилж байлаа. Зургадугаар цаг болоход, харанхуй есдүгээр цаг хүртэл бүх газрыг бүрхэв. Есдүгээр цагт Есүс чанга дуугаар —Елой, Елой, лама сабахтани? буюу орчуулбал «Миний Бурхан, Миний Бурхан, юунд Та Намайг орхив?» гэж хашхирлаа. Тэнд зогсож байсан хүмүүсээс зарим нь үүнийг сонсоод, —Хараач, Тэр Елиаг дуудаж байна гэжээ. Нэг нь гүйгээд, далайн хөвөнд цагаан цууг шингээн хулсны үзүүрт тохоод, Түүнд уулгахаар өгөхдөө —Елиа Түүнийг буулгаж авахаар ирэх эсэхийг харцгаая гэв. Есүс чанга дуу гаргаад, эцсийн амьсгалаа хураав. Сүмийн хөшиг дээрээсээ доошоо хоёр хэсэг болон урагдсан байв. Түүний эсрэг талд нь зогсож байсан зуутын дарга Есүсийг эцсийн амьсгалаа хэрхэн авахыг хараад, —Энэ хүн үнэхээр Бурханы Хүү байсан байна гэжээ.
МАРK 15:21-39 Ариун Библи 2013 (АБ2013)
Хөдөөнөөс ирээд түүгээр өнгөрч явсан Курений Симоныг албадаж Түүний загалмайг үүрүүлэв. Тэр Александр, Руф хоёрын эцэг билээ. Гавалын газар гэсэн утгатай Голгота хэмээх газар Түүнийг тэд авчирлаа. Цэргүүд Есүст мирр хольсон дарсыг өгсөн боловч Тэр авсангүй. Тэд Түүнийг цовдлоод, хэн юу авахаа шодож шавга хаяцгаан, хувцсыг нь хувааж авав. Тэд Түүнийг цовдлоход гуравдугаар цаг байсан юм. Ялынх нь пайзан дээр «Иудейчүүдийн Хаан» гэсэн бичээс байлаа. Цэргүүд Есүстэй хамт хоёр дээрэмчнийг, нэгийг нь баруун, нөгөөг нь зүүн талд нь цовдлов. [«Тэр хилэнцтэнүүдийн хамт тоологдсон» гэсэн Бичвэр биелэгдэв.] Дэргэдүүр нь өнгөрөгсөд толгойгоо сэгсрэн Түүнийг доромжилж, —Өө! Сүмийг нурааж, гурав хоногийн дотор барьдаг Чи, Өөрийгөө авраач! Наад загалмайнаас буугаач гэцгээж байлаа. Ахлах тахилчид ч хуулийн багш нарын хамт мөн адил элэглэн, өөр хоорондоо —Тэр бусдыг аварсан ч Өөрийгөө аварч чадахгүй. Израилийн Хаан энэ Христ одоо загалмайнаас бууг, тэгвэл бид хараад итгэнэ гэж байв. Хамт цовдлогдогсод ч Түүнийг бас доромжилжээ. Зургадугаар цагаас эхлээд нийт нутгийг харанхуй нөмөрч есдүгээр цаг хүрэв. Есдүгээр цагт Есүс чанга дуугаар —Елой, Елой, лема сабахтани? (орчуулбал «Бурхан минь, Бурхан минь, юунд Та Намайг орхив?») гэж хашхирлаа. Тэнд зогсогсдын зарим нь сонсоод, —Хараач, Тэр Елиаг дуудаж байна гэв. Нэг нь гүйж, далайн хөвөнд цагаан цуу шингээгээд хулсны үзүүрт торгоон, Түүнд уулгахаар өгөнгөө, —Елиа Түүнийг буулгаж авахаар ирэх эсэхийг харцгаая гэв. Есүс чанга дуу гаргаад, амьсгал хураав. Сүмийн хөшиг дээрээсээ доош хоёр хуваагдан цуурлаа. Түүний эсрэг талд зогсож байсан зуутын дарга Есүсийг амьсгаа хураахыг хараад —Энэ үнэхээр Бурханы Хүү байжээ гэв.