Марк 11:20-33

Марк 11:20-33 АБ2013

Өглөөгүүр тэр хавиар өнгөрөхдөө, нөгөө инжрийн мод үндэснээсээ хатсаныг тэд үзэв. Петр санаж —Багш аа, хараач! Таны хараасан инжрийн мод хатчихаж гэхэд Есүс тэдэнд хариулан —Бурханд итгэгтүн. Үнэнээр Би та нарт хэлье. Хэрэв та нар энэ ууланд “Дээш өргөгдөж тэнгист хаягд” гэж хэлэхдээ зүрхэндээ эргэлзэлгүй, харин хэлж байгаа чинь бүтнэ гэдэгт итгэвэл энэ нь биелэх болно. Тийм учир Би та нарт хэлье. Та нар юуны төлөө залбиран гуйна, түүнийгээ авсан гэдэгтээ итгэгтүн. Тэгвэл тэр чинь ёсоор болно. Та нар залбиран зогсохдоо хэрэв хэн нэгний эсрэг ямар нэгэн юм чамд байгаа бол уучил. Тэгвэл тэнгэр дэх Эцэг чинь мөн та нарын алдааг уучилна. [Харин та нар эс уучилбал тэнгэр дэх Эцэг чинь мөн та нарын алдааг үл уучилна гэв.] Тэд дахин Иерусалимд ирэв. Есүсийг сүм дотор явж байтал ахлах тахилчид, хуулийн багш нар болон ахлагчид хүрч ирээд, Түүнээс —Та ямар эрх мэдлээр эдгээрийг үйлдэнэ вэ? Эдгээрийг үйлдэх эрх мэдлийг хэн Танд өгөв? гэж асуухад Есүс тэдэнд —Би та нараас нэг зүйл асууя. Надад хариул. Тэгвэл Би ямар эрх мэдлээр эдгээрийг үйлдэж байгаагаа та нарт хэлье. Иоханы баптисм тэнгэрээс үү, эсвэл хүмүүсээс үү? Надад хариулаадах гэв. Тэд дундаа эргэцүүлэн ярьж —Хэрэв бид “Тэнгэрээс” гэчихвэл Тэр “Тэгвэл та нар яагаад түүнд итгээгүй юм бэ?” гэнэ. “Хүнээс” гэж хэлэлтэй нь биш гэцгээв. Бүгд л Иоханыг жинхэнэ эш үзүүлэгч гэж үздэг байсан тул тэд ард олноос айж байлаа. Тэгээд тэд Есүст —Бид мэдэхгүй гэж хариулахад нь Есүс —Би ч гэсэн ямар эрх мэдлээр эдгээрийг үйлддэгээ та нарт хэлэхгүй гэв.