Матай 9:1-17
Матай 9:1-17 АБ2013
Тэр завинд сууж, туулан явсаар Өөрийнхөө хотод ирлээ. Үзэгтүн, нэгэн саа өвчтөнийг дэвсгэртэй нь Түүнд авчрахад Есүс тэдний итгэлийг хараад, саа өвчтөнд —Хүү минь, зоригтой бай. Нүгэл чинь уучлагдсан гэв. Үзэгтүн, хуулийн багш нарын зарим нь —Бурханыг энэ доромжилж байна хэмээн боджээ. Есүс тэдний бодлыг мэдээд —Юунд та нар зүрхэндээ ёрын мууг бодно вэ? “Нүгэл чинь уучлагдсан” гэж хэлэх эсвэл “Босоод алх” гэж хэлэхийн аль нь амархан бэ? Харин Хүний Хүү газар дээр нүглийг уучлах эрх мэдэлтэйг та нарт мэдүүлэхийн тулд гээд, Тэрээр саа өвчтөнд —Бос, дэвсгэрээ аваад гэртээ харь гэсэнд мөнөөх нь босож, гэрийнхээ зүг явлаа. Харин хурсан олон үүнийг хараад айн сүрдэж, хүнд ийм эрх мэдэл өгсөн Бурханыг алдаршуулав. Есүс тэндээс гарч явангаа, татварын газар суух Матай гэгч хүнийг харав. Тэр түүнд —Намайг дага гэсэнд тэр босож, Түүнийг дагалаа. Есүсийг айлд ширээнд тухлан байтал, татвар хураагч, нүгэлтнүүд олноороо ирж, Есүс ба шавь нарынх нь хамт тухлан суув. Үүнийг харсан фарисайчууд шавь нарт нь —Яахаараа танай багш татвар хураагч нар ба нүгэлтнүүдийн хамт хооллож байдаг билээ? гэжээ. Харин Есүс үүнийг сонсоод —Эмч эрүүлд нь бус, өвчтэйд нь хэрэгтэй. Харин явж “Би тахилыг бус, энэрлийг хүсдэг” гэсэн нь ямар учиртайг мэд. Учир нь Би зөвтийг бус, харин нүгэлтнүүдийг дуудахаар ирсэн юм гэв. Дараа нь Иоханы шавь нар Түүн дээр ирж —Бид нар бас фарисайчууд байнга мацаг барьдаг. Харин Таны шавь нар яагаад мацаг барьдаггүй юм бэ? гэхэд Есүс тэдэнд хэлсэн нь —Шинэ хүргэний бараа бологчид хүргэнтэйгээ хамт байхдаа гашуудаж болно гэж үү? Гэвч хүргэн тэднээс аваачигдах өдрүүд ирнэ. Тэгэхэд тэд мацаг барина. Хэн ч хуучин дээлэн дээр агчаагүй даавуугаар нөхөөс тавьдаггүй. Тэгвэл нөхөөс дээлийг таталдуулж бүр ихээр урна. Шинэ дарсыг хуучин туламд хийдэггүй. Тэгвээс тулам зад үсэрч дарс асгаран, тулам ч сүйднэ. Харин шинэ дарсыг шинэ туламд хийдэг. Ингэвэл аль аль нь хэвээрээ байх болно.