Матай 6:1-15

Матай 6:1-15 АБ2013

Та нар бусдад харуулах гэж хүмүүсийн өмнө зөвийг үйлдэхээс сэрэмжлэгтүн. Эс тэгвээс тэнгэр дэх Эцэгээс чинь та нарт шагнал олдохгүй. Тиймээс өглөг өгөхдөө, хүмүүсээр хүндлүүлэх гэж синагогт ба гудамжинд хоёр нүүртнүүдийн үйлддэг шиг өмнөө бүрээ бүү тат. Үнэнээр Би та нарт хэлье, тэд шагналаа авчихсан юм. Харин та нар өглөг өгөхдөө, баруун гарынхаа юу хийж буйг зүүндээ бүү мэдэгд. Энэ нь өглөг чинь нууц байхын тулд бөгөөд нууц харагч Эцэг чинь чамд буцааж төлнө. Залбирахдаа хоёр нүүртнүүд шиг бүү бай. Учир нь тэд хүмүүст харагдахын тулд синагогт ба гудамжны буланд зогсоод залбирах дуртай аж. Үнэнээр Би та нарт хэлье, тэд шагналаа авчихсан юм. Харин чи залбирахдаа өрөөндөө орж, үүдээ хаагаад, нууц оршигч Эцэгтээ залбир. Нууц харагч Эцэг чинь чамд буцааж төлнө. Залбирахдаа харийнхан шиг утгагүй хоосон үг бүү давт. Олон үг хэлснийх нь төлөө өөрсдийг нь сонсоно хэмээн тэд боддог юм. Тиймээс тэдэн шиг бүү бай. Эцэг чинь та нарт юу хэрэгтэйг гуйхаас чинь өмнө мэддэг. Тиймд ийнхүү залбир. “Тэнгэр дэх, бидний Аав аа, Таны алдар ариунаар дуурстугай. Таны хаанчлал иртүгэй. Таны таалал тэнгэрт шигээ Газарт бас биелтүгэй. Бидний өдөр тутмын хүнсийг Өнөөдөр бидэнд хайрлаач. Бид өртөнгүүдээ уучилсан адил Өөрсдийн минь өрийг уучлаач. Биднийг уруу татлагад бүү автуулаач, Ёрын муугаас гэтэлгээч. [Хаанчлал, хүч чадал, алдар суу мөнхөд Таных. Амен]” Хэрэв та нар хүмүүсийн алдааг уучилбал тэнгэрлэг Эцэг чинь та нарыг мөн уучилна. Харин та нар хүмүүсийг эс уучилбал Эцэг чинь мөн алдааг чинь эс уучилна.

Матай 6:1-15 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв