МАТАЙ 6:1-15

МАТАЙ 6:1-15 Ариун Библи, 2004 (АБ2004)

Та нар хүмүүст харуулахын тулд тэдний өмнө зөвт байдлаа үйлдэхээс сэрэмжлэгтүн. Эс тэгвээс тэнгэр дэх Эцэгээс тань та нарт шагнал олдохгүй. Тиймээс та нар өглөг өгөхдөө, хүмүүсээр хүндлүүлэхийн тулд синагогт ба гудамжинд хоёр нүүрт хүмүүсийн үйлддэгтэй адил өөрсдийн өмнө бүрээ бүү тат. Үнэнээр Би та нарт хэлье. Тэд шагналаа бүрэн авсан юм. Харин та нар өглөг өгөхдөө, баруун гарынхаа юу хийж буйг зүүн гартаа бүү мэдэгд. Энэ нь өглөг чинь нууц байхын тулд бөгөөд нууцаар харагч Эцэг чинь чамд буцааж төлнө. Залбирахдаа хоёр нүүрт хүмүүс шиг байж болохгүй. Учир нь тэд хүмүүст харагдахын тулд синагогт ба гудамжны буланд зогсоод залбирах дуртай аж. Үнэнээр Би та нарт хэлье, тэд шагналаа бүрэн авсан юм. Харин чи залбирахдаа дотоод өрөөндөө орж хаалгаа хаагаад, нууцаар оршигч Эцэгтээ залбир. Нууцаар харагч Эцэг чинь чамд буцааж төлнө. Залбиран байхдаа харь үндэстнүүд шиг утгагүй хоосон үг бүү давт. Тэд нар олон үг хэлснийх нь төлөө Бурхан өөрсдийг нь сонсоно хэмээн боддог юм. Тиймээс тэдэн шиг байж болохгүй. Эцэг тань та нарт юу хэрэгтэй байгааг гуйхаас чинь өмнө мэддэг. Тиймд ийнхүү залбир. “Тэнгэрт байгаа бидний Эцэг минь, Таны нэр ариунаар дуурсгагдаг. Таны хаанчлал ирэх болтугай. Хүсэл тань тэнгэрт шигээ газар дээр биелэгдэх болтугай. Өдөр тутмын минь талхыг энэ өдөр бидэнд өгөөч. Бид өртөнгүүдээ уучилсны адил бидний өрийг мөн уучлаач. Биднийг сорилтод бүү оруулаач, Харин бузар муугаас гэтэлгээч. [Учир нь хаанчлал, хүч чадал, алдар сүр үүрд Таных. Амен]” Учир нь, хэрэв та нар хүмүүсийн алдааг уучилбал тэнгэрлэг Эцэг тань та нарыг мөн уучилна. Харин хэрэв та нар хүмүүсийг уучлахгүй бол Эцэг тань мөн та нарын алдааг уучлахгүй.

Хуваалцах
МАТАЙ 6 унших

МАТАЙ 6:1-15 Ариун Библи 2013 (АБ2013)

Та нар бусдад харуулах гэж хүмүүсийн өмнө зөвийг үйлдэхээс сэрэмжлэгтүн. Эс тэгвээс тэнгэр дэх Эцэгээс чинь та нарт шагнал олдохгүй. Тиймээс өглөг өгөхдөө, хүмүүсээр хүндлүүлэх гэж синагогт ба гудамжинд хоёр нүүртнүүдийн үйлддэг шиг өмнөө бүрээ бүү тат. Үнэнээр Би та нарт хэлье, тэд шагналаа авчихсан юм. Харин та нар өглөг өгөхдөө, баруун гарынхаа юу хийж буйг зүүндээ бүү мэдэгд. Энэ нь өглөг чинь нууц байхын тулд бөгөөд нууц харагч Эцэг чинь чамд буцааж төлнө. Залбирахдаа хоёр нүүртнүүд шиг бүү бай. Учир нь тэд хүмүүст харагдахын тулд синагогт ба гудамжны буланд зогсоод залбирах дуртай аж. Үнэнээр Би та нарт хэлье, тэд шагналаа авчихсан юм. Харин чи залбирахдаа өрөөндөө орж, үүдээ хаагаад, нууц оршигч Эцэгтээ залбир. Нууц харагч Эцэг чинь чамд буцааж төлнө. Залбирахдаа харийнхан шиг утгагүй хоосон үг бүү давт. Олон үг хэлснийх нь төлөө өөрсдийг нь сонсоно хэмээн тэд боддог юм. Тиймээс тэдэн шиг бүү бай. Эцэг чинь та нарт юу хэрэгтэйг гуйхаас чинь өмнө мэддэг. Тиймд ийнхүү залбир. “Тэнгэр дэх, бидний Аав аа, Таны алдар ариунаар дуурстугай. Таны хаанчлал иртүгэй. Таны таалал тэнгэрт шигээ Газарт бас биелтүгэй. Бидний өдөр тутмын хүнсийг Өнөөдөр бидэнд хайрлаач. Бид өртөнгүүдээ уучилсан адил Өөрсдийн минь өрийг уучлаач. Биднийг уруу татлагад бүү автуулаач, Ёрын муугаас гэтэлгээч. [Хаанчлал, хүч чадал, алдар суу мөнхөд Таных. Амен]” Хэрэв та нар хүмүүсийн алдааг уучилбал тэнгэрлэг Эцэг чинь та нарыг мөн уучилна. Харин та нар хүмүүсийг эс уучилбал Эцэг чинь мөн алдааг чинь эс уучилна.

Хуваалцах
МАТАЙ 6 унших