Матай 24:15-35
Матай 24:15-35 АБ2013
Иймд эш үзүүлэгч Даниелын хэлсэн хоосролын бузрыг та нар ариун газарт зогсохыг харах аваас (уншигч нь ойлгог) Иудейд байгсад нь уулс уруу зугтаг. Дээвэр дээр байгаа нь гэрээсээ юмаа авахаар доош бүү бууг. Талбайд байгаа нь дээлээ авахаар бүү буцаг. Харин тэр өдрүүдэд жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүд золгүй еэ! Зугтах чинь өвөл эсвэл Амралтын өдөр таарахгүйн тулд залбир. Учир нь ертөнцийн эхнээс өнөөг хүртэл болоогүй мөн хэзээ ч болохгүй гамшиг болно. Хэрэв тэр өдрүүдийг богиносгоогүйсэн бол нэг ч махбод аврагдахгүй байх байсан. Харин сонгогдогсдын төлөө тэр өдрүүдийг богиносгоно. Хэрэв хэн нэгэн та нарт “Хараач, Христ энд байна” эсвэл “Тэнд байна” гэвэл бүү итгэ. Хуурамч Христүүд ба хуурамч эш үзүүлэгчид гарч ирж, боломжтой бол сонгогдогсдыг хүртэл төөрөлдүүлэхийн тулд агуу тэмдгүүд, гайхамшгуудыг үйлдэнэ. Үзэгтүн. Би та нарт урьдаас хэлэв. Тиймээс тэд та нарт “Хараач, Тэр цөлд байна” гэвэл бүү оч эсвэл “Хараач, Тэр дотоод өрөөнд байна” гэвэл бүү итгэ. Аянга зүүн зүгээс цахилж, баруун зүг хүртэл гялбуулдаг шиг, Хүний Хүүгийн залрал тийм байх болно. Сэг хаана байна, тэнд тас цуглана. Гамшгийн тэр өдрүүдийн дараа гэнэт нар харанхуйлж, сар гэрлээ эс гарган, одод тэнгэрээс унаж, тэнгэрийн хүчнүүд сэгсрэгдэх болно. Тэгээд Хүний Хүүгийн тэмдэг тэнгэрт илэрхийлэгдэхэд газрын бүх овог гашуудан уйлж, Хүний Хүүг тэнгэрийн үүлэн дунд аугаа сүр хүч, цог жавхлантайгаар залрахыг харна. Тэр тэнгэрэлч нараа их бүрээн дуугаар илгээхэд тэд сонгогдогсдыг нь тэнгэрийн нэг хязгаараас нөгөө хязгаар хүртэл дөрвөн салхинаас цуглуулах болно. Одоо инжрийн модноос сургамж ав. Инжрийн модны мөчир хэдийнээ зөөлөрч, навчсаа дэлгэхэд зун ойртсоныг та нар мэддэг. Түүнчлэн та нар энэ бүхнийг хараад, үүдэн дээр чинь үүний ойрхон байгааг бас мэдэгтүн. Үнэнээр Би та нарт хэлье. Энэ бүхнийг тохиолдохоос нааш энэ үеийнхэн өнгөрөн одохгүй. Тэнгэр газар өнгөрөн одовч, Миний үгс үгүй болохгүй.