Матай 23:23-39
Матай 23:23-39 АБ2013
Хоёр нүүрт фарисайчууд, хуулийн багш та нар золгүй еэ! Та нар гаа, гоньд, зирааны аравны нэгийг өгдөг атлаа хуулийн чухал нөхцлүүд болох шударга ёс, өршөөл, итгэлийг орхигдуулдаг. Чухамдаа бусдыг нь ч орхилгүй, эдгээрийг үйлдэх ёстой байсан юм. Шумуулыг шүүгээд, тэмээг залгичихдаг сохор газарчид аа! Хоёр нүүрт фарисайчууд, хуулийн багш та нар золгүй еэ! Та нар аяга тавагныхаа гадна талыг нь цэвэрлэдэг ч дотор нь дээрэм тонуул, хувийн сонирхол дүүрэн аж. Сохор фарисай та эхлээд аяга, савныхаа дотор талыг цэвэрлэ. Тэгвэл гаднах нь ч мөн цэвэрхэн болно. Хоёр нүүрт фарисайчууд, хуулийн багш та нар золгүй еэ! Та нар цагаанаар будсан булшнууд шиг гаднаа сайхан харагддаг хэдий ч дотроо үхэгсдийн яс болоод бузар бүхнээр дүүрэн аж. Та нар ч гэсэн хүмүүсийн өмнө гаднаа зөвт мэт харагдавч, дотроо хоёр нүүр болон ёс бус явдлаар дүүрэн аж. Хоёр нүүрт фарисайчууд, хуулийн багш та нар золгүй еэ! Та нар эш үзүүлэгчдийн бунханг барьж, зөвтийн хөшөөг чимдэг. Тэгээд “Бид эцэг өвгөдийнхөө үед байсансан бол эш үзүүлэгчдийн цусыг урсгахад, тэдний хамсаатан болохгүй л байсан” гэдэг. Тэгснээрээ та нар өөрсдийгөө эш үзүүлэгчдийн амийг бүрэлгэгсдийн хөвгүүд гэдгээ гэрчилж байна. Та нар өвөг эцгүүдийнхээ гэмийн хэмжээг дүүргэдэг. Могойнууд аа, хорт могойн удам аа, тамын шийтгэлээс та нар яаж зугтаах вэ? Тиймээс, үзэгтүн. Би та нарт эш үзүүлэгчид ба мэргэд, хуулийн багш нарыг илгээж байна. Та нар тэдний заримыг алж, цовдолж, заримыг нь синагогууддаа ташуурдаж, хотоос хотод тэднийг хавчин мөшгөх болно. Зөвт нэгэн Абелын цуснаас авахуулаад сүм, тахилын ширээ хоёрын хооронд та нарын алсан Берехиагийн хүү Зехариагийн цус хүртэлх газар дээр урссан бүх зөвт цус та нар дээр ирнэ. Үнэнээр Би та нарт хэлье. Энэ бүх юм энэ үеийнхэн дээр ирнэ. Иерусалим аа, Иерусалим аа, эш үзүүлэгчдийг алж, өөрт нь илгээгдэгсдийг чулуугаар нүүлгэдэг хот оо. Тахиа дэгдээхэйнүүдээ далавчин дороо бөөгнүүлдэг шиг Би хүүхдүүдийг чинь цуглуулахыг хичнээн ч удаа хүслээ дээ. Харин та нар хүсээгүй. Харагтун, гэр чинь та нарт хоосон үлдэж байна. Учир нь Би та нарт хэлье. “Эзэний нэрээр Ирэгч нь ерөөлтэй еэ!” гэж хэлтлээ та нар Намайг харахгүй.