Матай 23:1-26

Матай 23:1-26 АБ2013

Тэгээд Есүс ард олон болон шавь нартаа айлдсан нь — Мосегийн сууринд хуулийн багш нар ба фарисайчууд сууж байна. Тиймээс тэдний хэлсэн болгоныг та нар үйлд, сахь. Харин тэдний үйл хэргийн дагуу бүү үйлд. Тэд ярьдаг ч түүнийгээ эс үйлддэг. Тэд, үүрэхэд бэрх хүнд ачаа баглаж, хүмүүсийн мөрөн дээр тавьдаг атлаа өөрсдөө үүнд хуруугаа ч хүргэхийг хүсдэггүй. Харин тэд хамаг үйлсээ хүмүүст харуулахын тулд хийдэг бөгөөд тэд магнайн ба гарын сахиусаа өргөсгөж, унжлагаа уртасгадаг. Тэд найр наадмын хойморт, синагогуудад тэргүүн суудалд залрах, гудамж зээл дээр хүндлүүлэн мэндлүүлэх, “Багш аа” гэж хүмүүсээр дуудуулах дуртай аж. Харин та нар “Багш аа” гэж бүү дуудуул. Та нарын багш ганц бөгөөд та нар бүгд ахан дүүс билээ. Газар дээр хэн нэгнийг эцгээ гэж бүү дууд. Учир нь Эцэг чинь ганц бөгөөд тэнгэрт буй. Та нар зааварлагчид гэж бүү дуудуул. Зааварлагч чинь ганц бөгөөд Тэр нь Христ юм. Харин та нарын дундах хамгийн агуу нь та нарын зарц болог. Өөрийгөө өргөмжилдөг бүгд номхруулагдаж, харин өөрийгөө даруу байлгагсад өргөмжлөгдөнө гэв. Хоёр нүүрт фарисайчууд, хуулийн багш та нар харин золгүй еэ! Юу гэвэл та нар хүмүүсээс тэнгэрийн хаанчлалыг хаадаг. Та нар өөрсдөө ч ордоггүй, орох гэснийг нь ч оруулдаггүй. [Хоёр нүүрт фарисайчууд, хуулийн багш та нар золгүй еэ! Та нар удаан залбирах дүр үзүүлж бэлэвсэн эмэгтэйчүүдийн гэрийг цөлмөдөг тул илүү хүнд шийтгэл хүлээнэ.] Хоёр нүүрт фарисайчууд, хуулийн багш та нар золгүй еэ! Та нар ганц хүний ч болов араас тэнгис, газаргүй хөндлөн гулд явсаар шинэ итгэлтэн болгосноороо түүнийг өөрсдөөсөө хоёр дахин дор тамын хүү болгодог юм. Сохор газарчид аа, та нар золгүй еэ! Та нар “Сүмээр тангараглагч нь хамаагүй. Харин сүмийн алтаар тангараглагч нь үүрэгтэй” гэдэг. Мунхаг, сохрууд аа, аль нь чухал вэ? Алт уу эсвэл алтыг ариусгадаг сүм үү? “Тахилын ширээгээр тангараглагч нь огт хамаагүй. Харин дээрх өргөлөөр нь тангараглагч бүр үүрэгтэй” гэдэг. Сохрууд аа, аль нь чухал вэ? Өргөл үү эсвэл өргөлийг ариусгадаг тахилын ширээ юу? Иймээс тахилын ширээгээр тангараглагч нь тахилын ширээгээр болон дээр нь байгаа бүхнээр тангараглаж байгаа юм. Сүмээр тангараглагч нь сүмээр болон тэнд оршдог Түүгээр тангараглаж байгаа юм. Тэнгэрээр тангараглагч нь Бурханы сэнтийгээр болон дээр нь залрагч Түүгээр тангараглаж буй. Хоёр нүүрт фарисайчууд, хуулийн багш та нар золгүй еэ! Та нар гаа, гоньд, зирааны аравны нэгийг өгдөг атлаа хуулийн чухал нөхцлүүд болох шударга ёс, өршөөл, итгэлийг орхигдуулдаг. Чухамдаа бусдыг нь ч орхилгүй, эдгээрийг үйлдэх ёстой байсан юм. Шумуулыг шүүгээд, тэмээг залгичихдаг сохор газарчид аа! Хоёр нүүрт фарисайчууд, хуулийн багш та нар золгүй еэ! Та нар аяга тавагныхаа гадна талыг нь цэвэрлэдэг ч дотор нь дээрэм тонуул, хувийн сонирхол дүүрэн аж. Сохор фарисай та эхлээд аяга, савныхаа дотор талыг цэвэрлэ. Тэгвэл гаднах нь ч мөн цэвэрхэн болно.

Матай 23:1-26 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна