МАТАЙ 23:1-26

МАТАЙ 23:1-26 Ариун Библи, 2004 (АБ2004)

Тэгээд Есүс цугласан олон түмэнд болоод шавь нартаа айлдсан нь — Хуулийн багш нар, фарисайчууд Мосегийн суудалд суужээ. Тиймээс тэдний хэлсэн болгоныг та нар үйлд, сахь. Харин тэдний үйл хэргийн дагуу бүү үйлд. Учир нь тэд ярьдаг ч, түүнийгээ үйлддэггүй. Тэд хүнд ачаанууд баглаж хүмүүсийн мөрөн дээр тавьдаг атлаа өөрсдөө тэр ачаанд хуруугаа ч хүргэхийг хүсдэггүй. Харин тэд хамаг үйлсээ хүмүүст харуулахын тулд хийдэг бөгөөд тэд магнайн ба гарын сахиусаа өргөсгөж, унжлагаа уртасгадаг. Тэд найр наадмын тэргүүн эгнээнд, синагогуудад тэргүүн суудалд суух, зах зээл дээр хүндлүүлэн мэндлүүлэх, “Багш аа” гэж хүмүүсээр дуудуулах дуртай аж. Харин та нар “Багш аа” гэж битгий дуудуул. Та нарын Багш Ганц бөгөөд та нар бүгд ахан дүүс билээ. Газар дээр хэн нэгнийг эцгээ болгож битгий дууд. Учир нь та нарын Эцэг Ганц бөгөөд Тэр тэнгэрт буй. Та нар удирдагчид гэж битгий дуудуул. Та нарын Удирдагч Ганц бөгөөд Тэр нь Христ юм. Харин та нарын дундах хамгийн агуу нь зарц болог. Өөрийгөө өргөмжлөгч нь дорд болгогдох бөгөөд өөрийгөө дорд болгогч нь өргөмжлөгдөх болно. Гэвч хоёр нүүрт хуулийн багш нар болон фарисайчууд та нар золгүй еэ! Юу гэвэл та нар хүмүүсээс тэнгэрийн хаанчлалыг хаадаг. Та нар өөрсдөө ордог ч үгүй, орох хүмүүсийг ч оруулдаггүй байна. [Хоёр нүүрт хуулийн багш нар, фарисайчууд та нар золгүй еэ! Юу гэвэл, та нар бэлэвсэн эмэгтэйчүүдийн гэрийг цөлмөдөг атлаа удаан залбирах дүр үзүүлдэг тул та нар илүү хүнд шийтгэл хүлээнэ.] Хоёр нүүрт хуулийн багш нар, фарисайчууд та нар золгүй еэ! Юу гэвэл, та нар ганц хүнийг ч гэсэн сүсэгтнээ болгохын тулд тэнгис газаргүй хөндлөн гулд явдаг. Түүнийг сүсэгтэн болоход та нар түүнийг өөрсдөөсөө хоёр дахин дор тамын хүү болгодог ажээ. Сохор газарчид аа, та нар золгүй еэ! Та нар “Хэн сүмээр тангараглана, тэр нь юу ч биш. Харин сүмийн алтаар тангараглагч түүнд үүрэг оногддог” гэдэг. Мунхаг, сохор хүмүүс ээ, аль нь илүү чухал вэ? Алт уу, эсвэл алтыг ариусгадаг сүм үү? “Хэн тахилын ширээгээр тангараглана, тэр нь юу ч биш. Харин дээрх өргөлөөр нь тангараглагч түүнд үүрэг оногддог” гэдэг. Сохор хүмүүс ээ, аль нь илүү чухал вэ? Өргөл үү, эсвэл өргөлийг ариусгадаг тахилын ширээ юу? Иймээс тахилын ширээгээр тангараглагч нь тахилын ширээгээр болон дээр нь байгаа бүхнээр тангараглаж байгаа юм. Сүмээр тангараглагч нь сүмээр болон түүн дотор оршдог Түүгээр тангараглаж байгаа юм. Тэнгэрээр тангараглагч нь Бурханы сэнтийгээр болон дээр нь залрагч Түүгээр тангараглаж буй. Хоёр нүүрт хуулийн багш нар, фарисайчууд та нар золгүй еэ! Учир нь та нар гаа, гоньд, зирааны аравны нэгийг өгдөг атлаа хуулийн чухал нөхцлүүд болох шударга ёс, өршөөл, итгэлтэй байдлыг орхигдуулдаг. Чухамдаа бусдыг нь ч орхилгүй, эдгээрийг биелүүлэх ёстой байсан. Шумуулыг шүүгээд тэмээг залгичихдаг сохор газарчид аа! Хоёр нүүрт хуулийн багш нар, фарисайчууд та нар золгүй еэ! Учир нь та нар аяга тавагныхаа гадна талыг нь цэвэрлэдэг хэдий ч дотор нь дээрэм, хувийн сонирхол дүүрэн аж. Сохор фарисай та эхлээд аяга, савныхаа дотор талыг цэвэрлэ. Тэгвэл гаднах нь ч мөн цэвэрхэн болно.

Хуваалцах
МАТАЙ 23 унших

МАТАЙ 23:1-26 Ариун Библи 2013 (АБ2013)

Тэгээд Есүс ард олон болон шавь нартаа айлдсан нь — Мосегийн сууринд хуулийн багш нар ба фарисайчууд сууж байна. Тиймээс тэдний хэлсэн болгоныг та нар үйлд, сахь. Харин тэдний үйл хэргийн дагуу бүү үйлд. Тэд ярьдаг ч түүнийгээ эс үйлддэг. Тэд, үүрэхэд бэрх хүнд ачаа баглаж, хүмүүсийн мөрөн дээр тавьдаг атлаа өөрсдөө үүнд хуруугаа ч хүргэхийг хүсдэггүй. Харин тэд хамаг үйлсээ хүмүүст харуулахын тулд хийдэг бөгөөд тэд магнайн ба гарын сахиусаа өргөсгөж, унжлагаа уртасгадаг. Тэд найр наадмын хойморт, синагогуудад тэргүүн суудалд залрах, гудамж зээл дээр хүндлүүлэн мэндлүүлэх, “Багш аа” гэж хүмүүсээр дуудуулах дуртай аж. Харин та нар “Багш аа” гэж бүү дуудуул. Та нарын багш ганц бөгөөд та нар бүгд ахан дүүс билээ. Газар дээр хэн нэгнийг эцгээ гэж бүү дууд. Учир нь Эцэг чинь ганц бөгөөд тэнгэрт буй. Та нар зааварлагчид гэж бүү дуудуул. Зааварлагч чинь ганц бөгөөд Тэр нь Христ юм. Харин та нарын дундах хамгийн агуу нь та нарын зарц болог. Өөрийгөө өргөмжилдөг бүгд номхруулагдаж, харин өөрийгөө даруу байлгагсад өргөмжлөгдөнө гэв. Хоёр нүүрт фарисайчууд, хуулийн багш та нар харин золгүй еэ! Юу гэвэл та нар хүмүүсээс тэнгэрийн хаанчлалыг хаадаг. Та нар өөрсдөө ч ордоггүй, орох гэснийг нь ч оруулдаггүй. [Хоёр нүүрт фарисайчууд, хуулийн багш та нар золгүй еэ! Та нар удаан залбирах дүр үзүүлж бэлэвсэн эмэгтэйчүүдийн гэрийг цөлмөдөг тул илүү хүнд шийтгэл хүлээнэ.] Хоёр нүүрт фарисайчууд, хуулийн багш та нар золгүй еэ! Та нар ганц хүний ч болов араас тэнгис, газаргүй хөндлөн гулд явсаар шинэ итгэлтэн болгосноороо түүнийг өөрсдөөсөө хоёр дахин дор тамын хүү болгодог юм. Сохор газарчид аа, та нар золгүй еэ! Та нар “Сүмээр тангараглагч нь хамаагүй. Харин сүмийн алтаар тангараглагч нь үүрэгтэй” гэдэг. Мунхаг, сохрууд аа, аль нь чухал вэ? Алт уу эсвэл алтыг ариусгадаг сүм үү? “Тахилын ширээгээр тангараглагч нь огт хамаагүй. Харин дээрх өргөлөөр нь тангараглагч бүр үүрэгтэй” гэдэг. Сохрууд аа, аль нь чухал вэ? Өргөл үү эсвэл өргөлийг ариусгадаг тахилын ширээ юу? Иймээс тахилын ширээгээр тангараглагч нь тахилын ширээгээр болон дээр нь байгаа бүхнээр тангараглаж байгаа юм. Сүмээр тангараглагч нь сүмээр болон тэнд оршдог Түүгээр тангараглаж байгаа юм. Тэнгэрээр тангараглагч нь Бурханы сэнтийгээр болон дээр нь залрагч Түүгээр тангараглаж буй. Хоёр нүүрт фарисайчууд, хуулийн багш та нар золгүй еэ! Та нар гаа, гоньд, зирааны аравны нэгийг өгдөг атлаа хуулийн чухал нөхцлүүд болох шударга ёс, өршөөл, итгэлийг орхигдуулдаг. Чухамдаа бусдыг нь ч орхилгүй, эдгээрийг үйлдэх ёстой байсан юм. Шумуулыг шүүгээд, тэмээг залгичихдаг сохор газарчид аа! Хоёр нүүрт фарисайчууд, хуулийн багш та нар золгүй еэ! Та нар аяга тавагныхаа гадна талыг нь цэвэрлэдэг ч дотор нь дээрэм тонуул, хувийн сонирхол дүүрэн аж. Сохор фарисай та эхлээд аяга, савныхаа дотор талыг цэвэрлэ. Тэгвэл гаднах нь ч мөн цэвэрхэн болно.

Хуваалцах
МАТАЙ 23 унших

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна