Матай 16:1-20

Матай 16:1-20 АБ2013

Фарисай болон садукайчууд ирээд Түүнийг сорьж, тэнгэрээс тэмдэг үзүүлэхийг гуйв. Есүс тэдэнд хариуд нь —Орой болохоор та нар “Тэнгэр улаарч байна, цэлмэг болох нь” гэдэг. Өглөө нь “Тэнгэр улаан, бүрхэг байна, өнөөдөр шуургатай байх нь” гэдэг. Та нар тэнгэрийн байдлыг хэрхэн шинжихийг мэддэг хэрнээ цаг үеийн тэмдгүүдийг ялгаж эс чадна уу? Ёрын муу бөгөөд завхай үеийнхэн тэмдэг эрж хайдаг. Гэвч Ионагийн тэмдгээс өөр тэмдэг өгөгдөхгүй гэж хэлээд Тэр тэднийг орхин явлаа. Шавь нар нь нөгөө талд ирэхдээ талх авчрахаа мартсан ажээ. Есүс тэдэнд —Фарисай ба садукайчуудын хөрөнгөнөөс болгоомжил гэхэд тэд дундаа эргэцүүлэн ярьж —Бид талх авчраагүйгээс боллоо гэцгээв. Есүс үүнийг мэдээд —Өчүүхэн итгэлтнүүд ээ, та нар юунд талхгүй байгаагаа дундаа эргэцүүлэн ярина вэ? Одоо болтол та нар ойлгохгүй, бас санахгүй байна гэж үү? Таван талхаар таван мянгууланг нь хооллоход хичнээн сагс цуглуулсан билээ? Бас долоон талхыг дөрвөн мянгууланд нь хуваагаад хичнээн сагс цуглууллаа? Би та нарт талхны тухай яриагүйг яагаад ойлгодоггүй юм бэ? Харин фарисай ба садукайчуудын хөрөнгөнөөс болгоомжил гэв. Тэгэхэд л тэд Есүс талхны хөрөнгөнөөс биш, харин фарисай ба садукайчуудын сургаалаас болгоомжил гэж айлдсаныг ухаарав. Цезарь Филиппийн нутагт Есүс ирээд шавь нараасаа —Хүмүүс Хүний Хүүг хэн гэж ярьж байна? гэж асуухад Тэд —Зарим нь баптисч Иохан, зарим нь Елиа, харин зарим нь Иеремиа эсвэл эш үзүүлэгчдийн нэг гэдэг гэхэд Тэр —Харин та нар Намайг хэн гэж хэлэх вэ? гэсэнд Симон Петр —Та бол Христ, амьд Бурханы Хүү мөн гэв. Есүс түүнд хариуд нь —Ионагийн хүү Симон оо, чи ерөөлтэй еэ! Учир нь үүнийг чамд мах цус нь биш, харин тэнгэр дэх Эцэг минь илчилсэн юм. Би мөн чамд хэлье. Чи Петр. Энэ хадан дээр Би чуулганаа босгох бөгөөд түүнийг Үхэгсдийн орны хаалга дийлэхгүй. Би чамд тэнгэрийн хаанчлалын түлхүүрийг өгнө. Чи газар дээр юуг холбоно, тэр нь тэнгэрт холбогдоно. Газар дээр юуг тайлна, тэр нь тэнгэрт тайлагдах болно гээд, Тэрээр Христ гэдгийг нь хэнд ч бүү хэл хэмээн шавь нартаа тушаав.