МАТАЙ 16:1-20

МАТАЙ 16:1-20 Ариун Библи, 2004 (АБ2004)

Фарисай болон садукайчууд ирээд Түүнийг сорьж тэнгэрээс тэмдэг үзүүлэхийг гуйв. Есүс тэдэнд хариуд нь —Орой болохоор та нар “Тэнгэр улаарч байна. Цэлмэг болох нь” гэдэг. Өглөө нь “Тэнгэр улаан, бүрхэг байна, өнөөдөр шуургатай байх нь” гэж ярьдаг. Та нар тэнгэрийн байдлыг ялган мэдэж чаддаг хэрнээ цаг үеийн тэмдгүүдийг ялгаж эс чадна уу? Бузар болон завхай үеийнхэн тэмдгийг эрэлхийлдэг. Ионагийн тэмдгээс гадна өөр тэмдэг өгөгдөхгүй гэж хэлээд Тэр тэднийг орхин явлаа. Шавь нар нь нөгөө талд ирэхдээ талх авчрахаа мартсан ажээ. Есүс тэдэнд —Фарисай болон садукайчуудын хөрөнгөнөөс сэрэмжил, болгоомжил гэхэд, тэд өөр хоорондоо —Энэ нь бид талх аваагүйгээс болсон хэрэг гэцгээв. Харин Есүс үүнийг мэдээд —Итгэл багатай хүмүүс ээ, та нар чинь юунд хоорондоо талх байхгүйгээ ярилцана вэ? Одоо хүртэл та нар ойлгож ч, санаж ч чадахгүй байгаа юм уу? Таван талхаар таван мянган хүнийг хооллоход хичнээн сагс цуглуулсан билээ? Эсвэл долоон талхыг дөрвөн мянган хүнд өгч, хичнээн том сагс цуглуулснаа ч санахгүй байна уу? Би та нарт талхны тухай яриагүйг яагаад ойлгодоггүй юм бэ? Харин фарисай болоод садукайчуудын хөрөнгөнөөс болгоомжил гэв. Тэгэхэд л тэд Есүс талхны хөрөнгөнөөс биш, харин фарисай болон садукайчуудын сургаалаас болгоомжил гэж айлдсаныг ухаарав. Есүс Цезарь Филипийн нутагт очих үедээ шавь нараасаа —Хүмүүс Хүний Хүүг хэн гэж ярьж байна? гэж асуув. Тэгэхэд нь тэд —Зарим нь баптисм хүртээгч Иохан, зарим нь Елиа, харин зарим нь Иеремиа эсвэл эш үзүүлэгчдийн нэг гэж ярьдаг гэхэд, Тэр —Харин та нар Намайг хэн гэж хэлэх вэ? гэсэнд, Симон Петр —Та бол Христ, амьд Бурханы Хүү мөн гэв. Есүс түүнд хариуд нь —Бариона Симон оо, чи ерөөлтэй еэ! Учир нь үүнийг чамд мах цус нь биш, харин тэнгэр дэх Миний Эцэг илчилсэн юм. Би мөн чамд хэлье. Чи бол Петр. Энэ хадан дээр Би Өөрийн чуулганыг босгох бөгөөд түүнийг Үхэгсдийн орны хаалга дийлэхгүй. Би чамд тэнгэрийн хаанчлалын түлхүүрийг өгнө. Чи газар дээр юуг холбоно, тэр нь тэнгэрт холбогдоно. Газар дээр юуг тайлна, тэр нь тэнгэрт тайлагдах болно гэлээ. Тэгээд Тэр Өөрийг нь Христ мөн гэдгийг хэнд ч хэлэх ёсгүйг шавь нартаа анхааруулав.

Хуваалцах
МАТАЙ 16 унших

МАТАЙ 16:1-20 Ариун Библи 2013 (АБ2013)

Фарисай болон садукайчууд ирээд Түүнийг сорьж, тэнгэрээс тэмдэг үзүүлэхийг гуйв. Есүс тэдэнд хариуд нь —Орой болохоор та нар “Тэнгэр улаарч байна, цэлмэг болох нь” гэдэг. Өглөө нь “Тэнгэр улаан, бүрхэг байна, өнөөдөр шуургатай байх нь” гэдэг. Та нар тэнгэрийн байдлыг хэрхэн шинжихийг мэддэг хэрнээ цаг үеийн тэмдгүүдийг ялгаж эс чадна уу? Ёрын муу бөгөөд завхай үеийнхэн тэмдэг эрж хайдаг. Гэвч Ионагийн тэмдгээс өөр тэмдэг өгөгдөхгүй гэж хэлээд Тэр тэднийг орхин явлаа. Шавь нар нь нөгөө талд ирэхдээ талх авчрахаа мартсан ажээ. Есүс тэдэнд —Фарисай ба садукайчуудын хөрөнгөнөөс болгоомжил гэхэд тэд дундаа эргэцүүлэн ярьж —Бид талх авчраагүйгээс боллоо гэцгээв. Есүс үүнийг мэдээд —Өчүүхэн итгэлтнүүд ээ, та нар юунд талхгүй байгаагаа дундаа эргэцүүлэн ярина вэ? Одоо болтол та нар ойлгохгүй, бас санахгүй байна гэж үү? Таван талхаар таван мянгууланг нь хооллоход хичнээн сагс цуглуулсан билээ? Бас долоон талхыг дөрвөн мянгууланд нь хуваагаад хичнээн сагс цуглууллаа? Би та нарт талхны тухай яриагүйг яагаад ойлгодоггүй юм бэ? Харин фарисай ба садукайчуудын хөрөнгөнөөс болгоомжил гэв. Тэгэхэд л тэд Есүс талхны хөрөнгөнөөс биш, харин фарисай ба садукайчуудын сургаалаас болгоомжил гэж айлдсаныг ухаарав. Цезарь Филиппийн нутагт Есүс ирээд шавь нараасаа —Хүмүүс Хүний Хүүг хэн гэж ярьж байна? гэж асуухад Тэд —Зарим нь баптисч Иохан, зарим нь Елиа, харин зарим нь Иеремиа эсвэл эш үзүүлэгчдийн нэг гэдэг гэхэд Тэр —Харин та нар Намайг хэн гэж хэлэх вэ? гэсэнд Симон Петр —Та бол Христ, амьд Бурханы Хүү мөн гэв. Есүс түүнд хариуд нь —Ионагийн хүү Симон оо, чи ерөөлтэй еэ! Учир нь үүнийг чамд мах цус нь биш, харин тэнгэр дэх Эцэг минь илчилсэн юм. Би мөн чамд хэлье. Чи Петр. Энэ хадан дээр Би чуулганаа босгох бөгөөд түүнийг Үхэгсдийн орны хаалга дийлэхгүй. Би чамд тэнгэрийн хаанчлалын түлхүүрийг өгнө. Чи газар дээр юуг холбоно, тэр нь тэнгэрт холбогдоно. Газар дээр юуг тайлна, тэр нь тэнгэрт тайлагдах болно гээд, Тэрээр Христ гэдгийг нь хэнд ч бүү хэл хэмээн шавь нартаа тушаав.

Хуваалцах
МАТАЙ 16 унших