Матай 12:22-37
Матай 12:22-37 АБ2013
Тэгээд чөтгөр шүглэсэн мөн сохор, хэлгүй, нэгнийг Түүнд авчирсанд Тэр түүнийг эдгээв. Тийнхүү хэлгүй эр ярьдаг, хардаг болжээ. Хурсан олон бүгд гайхаж —Энэ чинь Давидын Хүү биш үү? гэцгээв. Харин фарисайчууд үүнийг сонсоод —Энэ чинь зөвхөн чөтгөрүүдийн захирагч Беелзебүлээр чөтгөрүүдийг хөөдөг юм байна гэж хэлжээ. Есүс тэдний бодлыг мэдээд, тэдэнд —Аливаа хаанчлал дотроо хуваагдвал сүйрнэ. Аливаа хот эсвэл айл гэр дотроо хуваагдвал оршин тогтнохгүй. Хэрэв Сатан нь Сатанаа зайлуулбал тэр өөрийнхөө эсрэг хуваагдаж буй хэрэг. Тэгвэл түүний хаанчлал хэрхэн тогтнох билээ? Хэрэв Би Беелзебүлээр чөтгөрүүдийг хөөн зайлуулдаг юм бол танай хөвгүүд хэнээр чөтгөрүүдийг зайлуулдаг байх вэ? Тэгэхээр тэд та нарын шүүгчид болно. Гэвч Би Бурханы Сүнсээр чөтгөрүүдийг зайлуулсан. Тиймд Бурханы хаанчлал та нарт ирчихээд байна. Бяртай эрийг эхлээд хүлэхгүй бол хэрхэн гэрт нь орж, эд хөрөнгийг нь дээрэмдэж чадах билээ? Тэгж байж л гэрийг нь дээрэмдэнэ шүү дээ. Надтай хамт байдаггүй нь Миний эсрэг байна. Надтай хамт хураалцдаггүй нь тараагч нэгэн мөн. Тиймээс Би та нарт хэлье. Хүмүүсийн аливаа нүгэл хийгээд доромжлол нь уучлагдана. Харин Сүнсийг доромжлох нь үл уучлагдана. Хүний Хүүгийн эсрэг үг хэлдэг хэн боловч уучлагдах болно. Харин Ариун Сүнсний эсрэг хэлсэн хэн ч энэ ба ирэх үед ч эс уучлагдана. Мод сайн аваас үр жимс нь сайн, мод муу аваас үр жимс нь муу. Учир нь мод үр жимсээрээ танигдана. Хорт могойн удам аа! Та нар ёрын муу атлаа сайныг ярьж яаж чадна вэ? Учир нь зүрхнийхээ бялхалаар ам ярьдаг. Сайн хүн сайн баялгаасаа сайныг гаргадаг, муу хүн муу баялгаасаа муу муухайг л гаргадаг. Би та нарт хэлье. Бодлогогүй хэлсэн үг бүрийнхээ төлөө хүмүүс шүүлтийн өдөр тайлагнах болно. Учир нь чи үгсээрээ зөвтгөгдөнө мөн үгсээрээ яллагдана гэв.