МАТАЙ 12:22-37
МАТАЙ 12:22-37 Ариун Библи 2013 (АБ2013)
Тэгээд чөтгөр шүглэсэн мөн сохор, хэлгүй, нэгнийг Түүнд авчирсанд Тэр түүнийг эдгээв. Тийнхүү хэлгүй эр ярьдаг, хардаг болжээ. Хурсан олон бүгд гайхаж —Энэ чинь Давидын Хүү биш үү? гэцгээв. Харин фарисайчууд үүнийг сонсоод —Энэ чинь зөвхөн чөтгөрүүдийн захирагч Беелзебүлээр чөтгөрүүдийг хөөдөг юм байна гэж хэлжээ. Есүс тэдний бодлыг мэдээд, тэдэнд —Аливаа хаанчлал дотроо хуваагдвал сүйрнэ. Аливаа хот эсвэл айл гэр дотроо хуваагдвал оршин тогтнохгүй. Хэрэв Сатан нь Сатанаа зайлуулбал тэр өөрийнхөө эсрэг хуваагдаж буй хэрэг. Тэгвэл түүний хаанчлал хэрхэн тогтнох билээ? Хэрэв Би Беелзебүлээр чөтгөрүүдийг хөөн зайлуулдаг юм бол танай хөвгүүд хэнээр чөтгөрүүдийг зайлуулдаг байх вэ? Тэгэхээр тэд та нарын шүүгчид болно. Гэвч Би Бурханы Сүнсээр чөтгөрүүдийг зайлуулсан. Тиймд Бурханы хаанчлал та нарт ирчихээд байна. Бяртай эрийг эхлээд хүлэхгүй бол хэрхэн гэрт нь орж, эд хөрөнгийг нь дээрэмдэж чадах билээ? Тэгж байж л гэрийг нь дээрэмдэнэ шүү дээ. Надтай хамт байдаггүй нь Миний эсрэг байна. Надтай хамт хураалцдаггүй нь тараагч нэгэн мөн. Тиймээс Би та нарт хэлье. Хүмүүсийн аливаа нүгэл хийгээд доромжлол нь уучлагдана. Харин Сүнсийг доромжлох нь үл уучлагдана. Хүний Хүүгийн эсрэг үг хэлдэг хэн боловч уучлагдах болно. Харин Ариун Сүнсний эсрэг хэлсэн хэн ч энэ ба ирэх үед ч эс уучлагдана. Мод сайн аваас үр жимс нь сайн, мод муу аваас үр жимс нь муу. Учир нь мод үр жимсээрээ танигдана. Хорт могойн удам аа! Та нар ёрын муу атлаа сайныг ярьж яаж чадна вэ? Учир нь зүрхнийхээ бялхалаар ам ярьдаг. Сайн хүн сайн баялгаасаа сайныг гаргадаг, муу хүн муу баялгаасаа муу муухайг л гаргадаг. Би та нарт хэлье. Бодлогогүй хэлсэн үг бүрийнхээ төлөө хүмүүс шүүлтийн өдөр тайлагнах болно. Учир нь чи үгсээрээ зөвтгөгдөнө мөн үгсээрээ яллагдана гэв.
МАТАЙ 12:22-37 Ариун Библи, 2004 (АБ2004)
Тэгээд Түүн уруу чөтгөрт эзэмдүүлсэн сохор, хэлгүй нэгнийг авчирсанд, Тэр түүнийг эдгээв. Тийнхүү хэлгүй эр ярьдаг, хардаг болжээ. Олон түмэн бүгдээрээ ихэд гайхан, —Энэ хүн чинь Давидын Хүү биш үү? гэцгээж эхлэв. Харин фарисайчууд үүнийг сонсоод, —Энэ хүн чинь зөвхөн чөтгөрүүдийн захирагч Беелзебулээр л чөтгөрүүдийг хөөн зайлуулдаг гэж хэлсэнд, Есүс тэдний бодлыг мэдээд, тэдэнд хандан, —Аливаа хаанчлал дотроо хуваагдвал сүйрнэ. Аливаа хот, эсвэл гэр дотроо хуваагдвал оршин тогтнохгүй. Хэрэв Сатан нь Сатаныгаа зайлуулбал, тэр өөрийнхөө эсрэг хуваагдаж байгаа хэрэг болох нь. Тэгвэл түүний хаанчлал хэрхэн тогтнох билээ? Хэрэв Би Беелзебулээр чөтгөрүүдийг хөөн зайлуулдаг юм бол, танай хөвгүүд хэнээр чөтгөрүүдийг зайлуулдаг байх вэ? Тэгэхээр тэд та нарын шүүгч болно. Харин хэрвээ Би Бурханы Сүнсээр чөтгөрүүдийг зайлуулдаг бол Бурханы хаанчлал та нарт ирчихээд байна. Бяртай эрийг эхлээд хүлэхгүй бол хэн түүний гэрт нь ороод эд хөрөнгийг нь булааж чадах билээ? Хүлсний дараа л гэрийг нь дээрэмдэнэ шүү дээ. Надтай хамт байдаггүй хүн Миний эсрэг байна. Надтай хамт хураалцдаггүй хүн бол тараагч нэгэн мөн. Тиймээс Би та нарт хэлье. Хүмүүсийн аливаа нүгэл хийгээд доромжлол нь уучлагдана. Харин Сүнсний эсрэг доромжлол уучлагдахгүй. Хүний Хүүгийн эсрэг үг хэлдэг хэн боловч уучлагдах болно. Харин Ариун Сүнсний эсрэг ярьдаг хэн ч энэ үед ч, ирэх үед ч уучлагдахгүй. Эсвэл мод нь сайн бол үр жимс нь сайн, мод нь муу бол үр жимс нь муу ажээ. Учир нь модыг үр жимсээр нь таньдаг. Хорт могойн удам аа! Та нар өөдгүй хорон атлаа сайныг ярьж яаж чадна вэ? Учир нь зүрхний бялхалаас ам ярьдаг. Сайн хүн өөрийн сайн баялгаас сайныг гаргадаг, муу хүн өөрийн муу баялгаас мууг л гаргадаг. Би та нарт хэлье. Бодлогогүй хэлсэн үг бүрийнхээ төлөө хүмүүс шүүлтийн өдөр тайлагнах болно. Учир нь чи үгсээрээ зөвтгөгдөнө, мөн чи үгсээрээ яллагдана гэв.