Матай 12:1-8
Матай 12:1-8 АБ2013
Тэр үед Есүс нэгэн Амралтын өдөр, тариан талбай дундуур явж байлаа. Шавь нар нь өлсөөд тариан түрүүг шувтран идэж эхлэв. Гэтэл фарисайчууд хараад, Түүнд —Хараач, Таны шавь нар Амралтын өдөр хууль бусыг үйлдлээ гэцгээв. Харин Есүс тэдэнд хэлсэн нь —Давид болон түүнтэй хамт байгсад өлсөхдөө юу хийснийг та нар уншаагүй гэж үү? Бурханы өргөөнд Давид орж, зөвхөн тахилч нараас өөр хэн ч идэж үл болох тавиг талхыг тэр ч мөн нөхөд нь ч идсэн шүү дээ. Амралтын өдөр тахилч нар сүм дотор Амралтын өдрийг зөрчсөн ч гэм зэмгүй гэснийг та нар хуулиас уншаагүй гэж үү? Харин Би та нарт хэлье. Сүмээс илүү аугаа Нэгэн энд байна. Хэрэв та нар “Би тахилыг бус, энэрлийг хүсдэг” гэсэн нь ямар утгатай болохыг ойлгосон бол гэмгүй хүнийг буруутгахгүй байх байсан. Учир нь Хүний Хүү Амралтын өдрийн ч Эзэн мөн гэв.