Матай 12:1-21

Матай 12:1-21 АБ2013

Тэр үед Есүс нэгэн Амралтын өдөр, тариан талбай дундуур явж байлаа. Шавь нар нь өлсөөд тариан түрүүг шувтран идэж эхлэв. Гэтэл фарисайчууд хараад, Түүнд —Хараач, Таны шавь нар Амралтын өдөр хууль бусыг үйлдлээ гэцгээв. Харин Есүс тэдэнд хэлсэн нь —Давид болон түүнтэй хамт байгсад өлсөхдөө юу хийснийг та нар уншаагүй гэж үү? Бурханы өргөөнд Давид орж, зөвхөн тахилч нараас өөр хэн ч идэж үл болох тавиг талхыг тэр ч мөн нөхөд нь ч идсэн шүү дээ. Амралтын өдөр тахилч нар сүм дотор Амралтын өдрийг зөрчсөн ч гэм зэмгүй гэснийг та нар хуулиас уншаагүй гэж үү? Харин Би та нарт хэлье. Сүмээс илүү аугаа Нэгэн энд байна. Хэрэв та нар “Би тахилыг бус, энэрлийг хүсдэг” гэсэн нь ямар утгатай болохыг ойлгосон бол гэмгүй хүнийг буруутгахгүй байх байсан. Учир нь Хүний Хүү Амралтын өдрийн ч Эзэн мөн гэв. Есүс тэндээс явж, синагогт нь орлоо. Үзэгтүн, хатангир гартай нэгэн хүн тэнд байжээ. Тэд Есүсийг буруутгахаар —Амралтын өдөр эдгээх нь хуульд нийцэх үү? гэж асуухад, Тэр тэдэнд —Та нарын хэн нэгэн нь ганц хоньтой байгаад, тэр нь Амралтын өдөр нүхэнд уначихвал тэр нэгэн хонио барьж аваад тэндээс гаргахгүй гэж үү? Тэгвэл хүн хониноос аль хэр эрхэм билээ? Тиймээс Амралтын өдөр сайныг үйлдэх нь хуульд нийцнэ гээд, мөнөөх хүнд —Гараа сунга гэсэнд тэр сунгамагц гар нь нөгөөтэйгөө адил зүгээр болов. Харин фарисайчууд гарч, Түүнийг хэрхэн хөнөөх талаар Түүний эсрэг зөвлөлдөв. Есүс харин үүнийг мэдэнгүүтээ тэндээс холдов. Түүнийг үй олноороо дагаж байлаа. Тэр тэднийг бүгдийг нь эдгээгээд, Өөрийг нь илчилж болохгүйг тэдэнд сануулав. Энэ нь эш үзүүлэгч Исаиагаар хэлүүлсэн нь биелэгдэхийн тулд бөгөөд тэр ийн хэлсэн байна. «Миний сонгосон Зарц, Сэтгэлд минь нийцсэн Хайртыг минь харагтун. Би Түүний дээр Сүнсээ байлгана. Тэрээр харийнханд Шударга ёсыг тунхаглана. Тэр мэтгэлцэхгүй, хашхирахгүй Гудамжнуудад хэн ч дууг нь сонсохгүй. Тэрээр шударга ёсыг ялалтад хүргэтэл Бяцарсан зэгсийг хугалахгүй, Бүдгэрсэн дэнг бөхөөхгүй. Түүний нэрд харийнхан найдах болно.»