МАТАЙ 12:1-21
МАТАЙ 12:1-21 Ариун Библи, 2004 (АБ2004)
Тухайн үед нэгэн амралтын өдөр, тариан талбайн дундуур Есүс явж байв. Шавь нар нь өлсгөлөн байсны улмаас тариан түрүүг шувтран идэж эхлэв. Гэтэл үүнийг фарисайчууд хараад, Түүнд —Хараач, Таны шавь нар амралтын өдөр хууль бус юм үйлдэж байна гэцгээв. Харин Есүс тэдэнд хэлсэн нь —Давид болон түүнтэй хамт байгсад нь өлссөн үедээ юу хийснийг та нар уншаагүй юу? Давид Бурханы гэрт орж, зөвхөн тахилч нараас өөр хэн ч идэж үл болох ариусгасан талхнаас тэр болон түүнтэй хамт байгсад нь идсэн шүү дээ. Амралтын өдөр тахилч нар сүм дотор Амралтын өдрийг зөрчсөн ч гэм зэмгүй гэснийг та нар Хуулиас уншаагүй гэж үү? Харин Би та нарт хэлье. Сүмээс илүү аугаа Нэгэн энд байна. Хэрэв та нар “Би тахилыг бус, энэрлийг хүсдэг” гэсэн нь ямар утгатай болохыг ойлгосон бол гэмгүй хүнийг буруутгахгүй байх байсан. Учир нь Хүний Хүү нь Амралтын өдрийн Эзэн мөн. Есүс тэндээс явж, тэдний синагогт орлоо. Хатангир гартай нэгэн хүн тэнд байжээ. Тэд Есүсийг буруутгахаар —Амралтын өдөр эдгээх нь хуульд нийцэх үү? гэж асуухад, Тэр тэдэнд —Хэрэв та нарын дундаас хэн нэгэн нь ганцхан хоньтой байгаад тэр нь Амралтын өдөр нүхэнд уначихвал, хонио барьж, тэндээс гаргана биз дээ? Тэгвэл хүн хониноос аль хир эрхэм билээ? Тиймээс Амралтын өдөр сайныг үйлдэх нь хуульд нийцнэ гээд, мөнөөх хүнд хандан —Гараа сунга гэсэнд, тэр хүн сунгамагц гар нь нөгөө гарынхаа адил зүгээр болов. Харин фарисайчууд гарч, Түүнийг хэрхэн хөнөөх талаар хамтдаа Түүний эсрэг зөвлөлдөв. Харин Есүс үүнийг мэдэнгүүтээ тэндээс холдов. Түүнийг олон хүн дагаж байлаа. Тэр тэднийг бүгдийг нь эдгээгээд, Өөрийг нь мэдүүлж болохгүйг тэдэнд сануулав. Энэ нь эш үзүүлэгч Исаиагаар хэлүүлсэн нь биелэгдэхийн тулд бөгөөд тэр ийн хэлсэн байна. «Миний сонгосон Зарц, сэтгэлд минь нийцсэн Миний Хайртыг харагтун. Би Түүний дээр Өөрийн Сүнсээ байлгана. Тэр нь харь үндэстэнд шударга ёсыг тунхаглах болно. Тэр мэтгэлцэхгүй, хашхирахгүй бөгөөд Гудамжнуудад хэн ч Түүний дууг сонсохгүй. Тэр шударга ёсыг ялалтад хүргэтэл бяцлагдсан хулсыг хугалахгүй, сүүмэлзэх зулыг ч бөхөөхгүй. Түүний нэрэнд харь үндэстнүүд найдах болно».
МАТАЙ 12:1-21 Ариун Библи 2013 (АБ2013)
Тэр үед Есүс нэгэн Амралтын өдөр, тариан талбай дундуур явж байлаа. Шавь нар нь өлсөөд тариан түрүүг шувтран идэж эхлэв. Гэтэл фарисайчууд хараад, Түүнд —Хараач, Таны шавь нар Амралтын өдөр хууль бусыг үйлдлээ гэцгээв. Харин Есүс тэдэнд хэлсэн нь —Давид болон түүнтэй хамт байгсад өлсөхдөө юу хийснийг та нар уншаагүй гэж үү? Бурханы өргөөнд Давид орж, зөвхөн тахилч нараас өөр хэн ч идэж үл болох тавиг талхыг тэр ч мөн нөхөд нь ч идсэн шүү дээ. Амралтын өдөр тахилч нар сүм дотор Амралтын өдрийг зөрчсөн ч гэм зэмгүй гэснийг та нар хуулиас уншаагүй гэж үү? Харин Би та нарт хэлье. Сүмээс илүү аугаа Нэгэн энд байна. Хэрэв та нар “Би тахилыг бус, энэрлийг хүсдэг” гэсэн нь ямар утгатай болохыг ойлгосон бол гэмгүй хүнийг буруутгахгүй байх байсан. Учир нь Хүний Хүү Амралтын өдрийн ч Эзэн мөн гэв. Есүс тэндээс явж, синагогт нь орлоо. Үзэгтүн, хатангир гартай нэгэн хүн тэнд байжээ. Тэд Есүсийг буруутгахаар —Амралтын өдөр эдгээх нь хуульд нийцэх үү? гэж асуухад, Тэр тэдэнд —Та нарын хэн нэгэн нь ганц хоньтой байгаад, тэр нь Амралтын өдөр нүхэнд уначихвал тэр нэгэн хонио барьж аваад тэндээс гаргахгүй гэж үү? Тэгвэл хүн хониноос аль хэр эрхэм билээ? Тиймээс Амралтын өдөр сайныг үйлдэх нь хуульд нийцнэ гээд, мөнөөх хүнд —Гараа сунга гэсэнд тэр сунгамагц гар нь нөгөөтэйгөө адил зүгээр болов. Харин фарисайчууд гарч, Түүнийг хэрхэн хөнөөх талаар Түүний эсрэг зөвлөлдөв. Есүс харин үүнийг мэдэнгүүтээ тэндээс холдов. Түүнийг үй олноороо дагаж байлаа. Тэр тэднийг бүгдийг нь эдгээгээд, Өөрийг нь илчилж болохгүйг тэдэнд сануулав. Энэ нь эш үзүүлэгч Исаиагаар хэлүүлсэн нь биелэгдэхийн тулд бөгөөд тэр ийн хэлсэн байна. «Миний сонгосон Зарц, Сэтгэлд минь нийцсэн Хайртыг минь харагтун. Би Түүний дээр Сүнсээ байлгана. Тэрээр харийнханд Шударга ёсыг тунхаглана. Тэр мэтгэлцэхгүй, хашхирахгүй Гудамжнуудад хэн ч дууг нь сонсохгүй. Тэрээр шударга ёсыг ялалтад хүргэтэл Бяцарсан зэгсийг хугалахгүй, Бүдгэрсэн дэнг бөхөөхгүй. Түүний нэрд харийнхан найдах болно.»