Лук 5:27-39
Лук 5:27-39 АБ2013
Дараа нь Тэр гарч яван татварын газар суух, татвар хураагч Леви гэгч хүнийг хараад, —Намайг дага гэж түүнд хэлэхэд тэр бүхнээ орхин босож, Түүнийг дагалаа. Есүст зориулж Леви гэртээ том цайллага хийв. Тэнд олон татвар хураагчид болон өөр хүмүүс тэдэнтэй хамт ширээнд тухлан сууж байжээ. Фарисайчууд, тэдний хуулийн багш нар Түүний шавь нарт дургүйлхэн —Та нар чинь яагаад татвар хураагч нар ба нүгэлтнүүдийн хамт идэж ууж байдаг билээ? гэхэд Есүс тэдэнд —Эмч эрүүлд нь бус, өвчтэйд нь хэрэгтэй. Би зөвтийг бус, харин нүгэлтнүүдийг гэмшилд дуудахаар ирсэн юм гэв. Тэд Түүнд —Иоханы шавь нар ба фарисайчуудын шавь нар байнга мацаг барьж залбиралаа өргөдөг. Харин Таных идэж, ууцгаах юм гэсэнд Есүс тэдэнд —Шинэ хүргэнийг байхад та нар бараа бологчдоор нь мацаг бариулж болохгүй биз дээ? Харин хүргэн тэднээс аваачигдах өдрүүд ирнэ. Тэр өдрүүдэд тэд мацаг барина гэв. Тэгээд Тэр мөн тэдэнд нэгэн сургаалт зүйрлэлээр —Хэн ч шинэ дээлээсээ нөхөөс урж аваад, хуучин дээлээ нөхдөггүй. Тэгвэл тэр шинээ ч урах болно. Шинэ нь хуучинд үл зохино. Хэн ч шинэ дарсыг хуучин туламд хийдэггүй. Тэгвэл шинэ дарс тулмыг зад татна. Дарс асгарч, тулам ч сүйднэ. Харин шинэ дарсыг шинэ туламд л хийх ёстой. Хуучин дарс уусан хэн ч шинийг нь хүсдэггүй агаад “Хуучин нь аятайхан” гэх бус уу гэж тэдэнд айлдав.