ЛУК 5:27-39
ЛУК 5:27-39 Ариун Библи 2013 (АБ2013)
Дараа нь Тэр гарч яван татварын газар суух, татвар хураагч Леви гэгч хүнийг хараад, —Намайг дага гэж түүнд хэлэхэд тэр бүхнээ орхин босож, Түүнийг дагалаа. Есүст зориулж Леви гэртээ том цайллага хийв. Тэнд олон татвар хураагчид болон өөр хүмүүс тэдэнтэй хамт ширээнд тухлан сууж байжээ. Фарисайчууд, тэдний хуулийн багш нар Түүний шавь нарт дургүйлхэн —Та нар чинь яагаад татвар хураагч нар ба нүгэлтнүүдийн хамт идэж ууж байдаг билээ? гэхэд Есүс тэдэнд —Эмч эрүүлд нь бус, өвчтэйд нь хэрэгтэй. Би зөвтийг бус, харин нүгэлтнүүдийг гэмшилд дуудахаар ирсэн юм гэв. Тэд Түүнд —Иоханы шавь нар ба фарисайчуудын шавь нар байнга мацаг барьж залбиралаа өргөдөг. Харин Таных идэж, ууцгаах юм гэсэнд Есүс тэдэнд —Шинэ хүргэнийг байхад та нар бараа бологчдоор нь мацаг бариулж болохгүй биз дээ? Харин хүргэн тэднээс аваачигдах өдрүүд ирнэ. Тэр өдрүүдэд тэд мацаг барина гэв. Тэгээд Тэр мөн тэдэнд нэгэн сургаалт зүйрлэлээр —Хэн ч шинэ дээлээсээ нөхөөс урж аваад, хуучин дээлээ нөхдөггүй. Тэгвэл тэр шинээ ч урах болно. Шинэ нь хуучинд үл зохино. Хэн ч шинэ дарсыг хуучин туламд хийдэггүй. Тэгвэл шинэ дарс тулмыг зад татна. Дарс асгарч, тулам ч сүйднэ. Харин шинэ дарсыг шинэ туламд л хийх ёстой. Хуучин дарс уусан хэн ч шинийг нь хүсдэггүй агаад “Хуучин нь аятайхан” гэх бус уу гэж тэдэнд айлдав.
ЛУК 5:27-39 Ариун Библи, 2004 (АБ2004)
Дараа нь Тэр гарч яван, татвар хураагч Леви гэгч хүнийг татварын газар суухыг хараад, —Намайг дага гэж түүнд хэлэхэд тэр хамаг юмаа ардаа орхин босож, Түүнийг дагалаа. Леви Есүст зориулж гэртээ том зоог барив. Тэнд олон татвар хураагчид болон өөр хүмүүс тэдэнтэй хамт ширээнд тухлан сууж байжээ. Фарисайчууд, мөн тэдний хуулийн багш нар —Та нар чинь яагаад татвар хураагчид болон нүгэлтнүүдийн хамт идэж, ууж байдаг билээ? гэж Түүний шавь нарт дургүйцэн хэлэхэд Есүс тэдэнд —Эрүүл хүмүүст бус, өвчтэй хүмүүст эмч хэрэгтэй. Би зөвт хүнийг бус, харин нүгэлтнүүдийг гэмшилд дуудахаар ирсэн юм гэв. Тэд Түүнд —Иоханы шавь нар байнга мацаг барьж, залбирлаа өргөдөг. Фарисайчуудын шавь нар ч мөн адил үйлддэг. Харин Таных идэж, ууцгаах юм гэсэнд Есүс тэдэнд —Шинэ хүргэнийг байхад та нар хүргэний бараа бологчдыг мацаг бариулж болохгүй биз дээ? Харин тэр өдрүүд ирнэ. Шинэ хүргэн тэднээс аваачигдах өдрүүдэд тэд мацаг барина гэв. Тэгээд Тэр мөн тэдэнд хандан нэгэн сургаалт зүйрлэлээр —Хэн ч шинэ дээлээсээ урж аваад, хуучин дээлээ нөхдөггүй. Тэгвэл тэр шинээ ч урах болно. Шинэ нь хуучинд үл зохино. Хэн ч шинэ дарсыг хуучин тулманд хийдэггүй. Тэгвэл шинэ дарс тулмаа зад тавина. Дарс асгарч, тулам ч хэрэггүй болно. Харин шинэ дарсыг шинэ тулманд л хийх ёстой. Хуучин дарс уучихаад хэн ч шинийг хүсдэггүй шүү дээ. Учир нь тэр “Хуучин нь сайн” гэнэ гэж тэдэнд айлдав.