Лук 23

23
Пилатын өмнө хүргүүлэв
(Мт 27:1–2,11–14; Мк 15:1–5; Иох 18:28–38)
1Тэгээд тэд бүгд босож, Түүнийг Пилатын өмнө хүргүүлэв. 2Тэд Есүсийг буруутгаж эхлэн
—Энэ хүн манай үндэстнийг төөрөгдүүлэн, Цезарьт татвар төлөхийг хорьж, Өөрийгөө Христ, Хаан гэж байхыг нь бид харсан гэсэнд 3Пилат Түүнээс
—Та иудейчүүдийн Хаан юм уу? гэж асуухад Тэр хариуд нь
—Та ч хэлж байна гэв. 4Пилат ахлах тахилч нар болон хурсан олонд
—Би энэ хүнээс ямар ч гэм бурууг олсонгүй гэж хэлэв. 5Харин тэд
—Тэр Галилаас эхлэн энэ газрыг хүртэл, Иудейн бүх нутгаар сургаалаа заан ард олныг өдөөн хатгаж байна гэж шаардангуй хэлж байв.
Херодын өмнө
6Пилат үүнийг сонсоод
—Энэ хүн чинь Галилынх уу? гэж асуув. 7Түүнийг Херодын эрх мэдэлд харьяалагддаг гэдгийг мэдмэгцээ, тэр үед Иерусалимд байсан Херодод илгээжээ. 8Херод Есүсийг хараад ихэд баярлав. Тэрээр Есүсийн тухай сонсож, Түүнээс ямар нэгэн тэмдгийг харна хэмээн найдаж байсан тул Есүсийг харахыг удтал хүсэж байжээ. 9Тэгээд Түүнээс баахан асуулт асуув. Гэвч Тэр түүнд юу ч хариулсангүй. 10Тэнд зогсож байсан ахлах тахилч нар, хуулийн багш нар Түүнийг хатуу ширүүнээр буруутгаж байлаа. 11Херод цэргүүдийнхээ хамт Түүнийг доромжлон гутааж, дооглон тохуурхаад, гоёмсог нөмрөг нөмөргөж, Пилатад буцааж хүргүүлэв. 12Тэр өдөр Херод, Пилат хоёр нөхөд болцгоожээ. Урьд нь тэд хоорондоо дайсагналцдаг байв.
Есүст үхэх ял оноосон нь
(Мт 27:15–26; Мк 15:6–15; Иох 18:39—19:16)
13Ахлах тахилч нар, захирагчид болон ард олныг Пилат дуудаад, 14тэдэнд
—Ард олныг бослогод өдөөн турхирагч гэж энэ хүнийг та нар над дээр авчирсан. Харагтун, та нарын өмнө Түүнийг байцаагаад, Түүний эсрэг та нарын мэдүүлээд байгаа гэм бурууг энэ хүнээс би ер олсонгүй. 15Херод хаан ч олоогүй тул Түүнийг бидэн уруу буцааж ирүүлжээ. Харагтун, үхвэл зохих хэрэг Тэр ер хийгээгүй юм байна. 16Иймд Түүнийг би цээрлүүлээд суллая гэжээ. 17[Пилат баярын үеэр нэг хоригдлыг ард олонд суллаж өгөх үүрэгтэй байв.]#23:17 ЗБ-т энэ эшлэл байхгүй. (Мк 15:6 үз.) 18Гэтэл цугласан олон бүгдээрээ
—Наад хүнээ ав. Харин бидэнд Барабыг суллаж өг гэж хашхиралдав. 19(Бараб нь хотод бослого гаргаж, хүн алсан хэргээр шоронд хоригдоод байжээ.) 20Пилат Есүсийг суллахыг хүсэж, тэдэнд дахин үгээ хэлэв. 21Гэвч тэд
—Түүнийг цовдол, цовдол хэмээн хашхиралдсаар байлаа. 22Пилат гурав дахь удаагаа тэдэнд
—Яагаад? Тэр ямар муу юм хийсэн юм бэ? Үхэх шалтаг болчихоор бурууг би Түүнээс олсонгүй. Тиймээс Түүнийг би цээрлүүлээд суллая гэхэд 23харин ч тэд чанга чанга хашхиран Түүнийг цовдлохыг шаардсаар, тэдний дуу хоолой ч дийлэв. 24Тийнхүү Пилат шаардлагыг нь биелүүлэхээр шийджээ. 25Тэгээд бослого гаргаж хүн алсан хэргээр шоронд хоригдсон хүнийг тэдний гуйсны дагуу суллаж, харин Есүсийг тэдний мэдэлд тушаав.
Есүсийг цовдолсон нь
(Мт 27:32–44; Мк 15:21–32; Иох 19:17–27)
26Тэд Есүсийг аваад явж байхдаа хөдөөнөөс ирсэн Курений Симоныг барьж, түүнд загалмайг үүрүүлэн, Есүсийн араас явуулав. 27Үй олон хүн, эмэгтэйчүүд Түүний төлөө гашуудан уйлж, цээжээ дэлсэн хойноос нь дагаж явлаа. 28Харин Есүс тэдэн уруу эргэж
—Иерусалимын охид оо, Миний төлөө уйлахаа боль. Харин өөрсдийнхөө төлөө, хүүхдүүдийнхээ төлөө уйл. 29Үзэгтүн. “Хүүсэр эмэгтэй болон хэзээ ч хүүхэд тээж байгаагүй хэвлий, мөн хэзээ ч хөхүүлж байгаагүй хөх нь ерөөлтэй еэ!” гэж хэлэгдэх өдрүүд ирж байна. 30Тэгээд тэд уулсад хандан “Бидэн дээр унаач”, толгодод “Биднийг нөмрөөч” гэх болно.#Хос 10:8; Илч 6:16 31Хэрэв тэд эдгээр ногоон модонд үйлддэг бол хуурай хувхай модонд энэ нь юу болох билээ? гэв.
32Өөр хоёр гэмт хэрэгтэнг Түүнтэй хамт алахаар авч явлаа. 33Тэд Гавал хэмээх газар хүрч ирээд, тэнд Түүнийг гэмт хэрэгтнүүдийн хамт, нэгийг нь баруун, нөгөөг нь зүүн талд нь цовдлов. 34Есүс
—Аав аа, тэднийг уучлаач. Учир нь тэд юу хийж байгаагаа мэдэхгүй байна гэв.#23:34 ЗБ-т энэ хэсэг байхгүй. Тэд шавга хаяцгаан, Түүний хувцсыг хуваан авчээ.#Дуу 22:18 35Ард олон энэ бүхнийг ширтэн зогслоо. Захирагчид хүртэл Түүнийг тохуурхан
—Тэр бусдыг аварсан. Хэрэв Тэр Бурханы Христ, Түүний Сонгогдсон Нэгэн#Дуу 22:7 мөн юм бол Өөрийгөө авраг гэж байв. 36Цэргүүд хүртэл Түүнийг дооглон, дэргэд нь ирээд Түүнд цагаан цуу өгч#Дуу 69:21
37Чи иудейчүүдийн Хаан мөн юм бол Өөрийгөө авраач гэж байв. 38Бас Түүний дээр «Энэ бол иудейчүүдийн Хаан» гэсэн бичээс байлаа. 39Тэнд өлгөгдсөн гэмт хэрэгтнүүдийн нэг нь Түүнийг доромжилж
—Та чинь Христ биш бил үү? Өөрийгөө, бас биднийг авраач! гэв. 40Харин нөгөө нь түүнийг зэмлэн
—Чи адилхан ялд унасан атлаа Бурханаас айхгүй байна уу? 41Бид үйлдсэн хэргийнхээ төлөө зохих хариуг л авсан. Харин энэ хүн ямар ч буруу юм үйлдээгүй шүү гээд 42тэр
—Есүс ээ, Та Өөрийнхөө хаанчлалд очихдоо намайг санаарай гэв. 43Тэгтэл Есүс түүнд
—Үнэнээр Би чамд хэлье. Өнөөдөр чи Надтай хамт Диваажинд байх болно гэлээ.
Есүсийн үхэл
(Мт 27:45–56; Мк 15:33–41; Иох 19:28–30)
44Энэ үед зургадугаар цагаас есдүгээр цаг хүртэл нийт нутгийг харанхуй нөмрөв. 45Нар халхлагдаж, сүмийн хөшиг хоёр хэсэг болон цуурлаа.#Гэт 26:31–33 46Есүс
—Аав аа, Таны гарт Би сүнсээ даатгая гэж чанга дуугаар хашхирлаа. Үүнийг хэлээд Тэр амьсгал хураав.#Дуу 31:5 47Энэ үйл явдлыг харсан зуутын дарга Бурханыг магтан
—Энэ үнэхээр гэмгүй хүн байжээ гэв. 48Юу болохыг харахаар тэнд хамтдаа ирсэн ард олон болсон явдлыг хараад, цээжээ дэлссээр буцан явж байв. 49Есүсийг Галилаас дагасан эмэгтэйчүүд мөн Түүнийг таньдаг бүх хүн энэ бүхнийг алсаас ширтэн зогслоо.#Лк 8:2–3
Есүсийг оршуулсан нь
(Мт 27:57–61; Мк 15:42–47; Иох 19:38–42)
50Үзэгтүн, Зөвлөлийн гишүүн Иосеф гэгч сайн, зөвт нэгэн байв. 51Тэр тэдний шийдвэр, үйл хэрэгтэй санал зөрсөн юм. Иосеф иудейчүүдийн хот болох Ариматын хүн байсан бөгөөд Бурханы хаанчлалыг хүлээж байжээ. 52Тэр Пилатад бараалхаж Есүсийн цогцсыг гуйв. 53Тэгээд цогцсыг нь буулган авч, маалинган даавуунд ороогоод, хаданд ухаж янзалсан булшинд тавив. Тэнд хэнийг ч ер тавьж байгаагүй ажээ. 54Энэ нь Амралтын өдөр эхлэхийн өмнөх бэлтгэлийн өдөр байсан юм. 55Есүстэй хамт Галилаас ирсэн эмэгтэйчүүд нь дагаж, булш болон Түүний цогцсыг тэнд хэрхэн тавихыг харав. 56Тэд буцаж ирээд, анхилуун үнэртэн ба үнэрт тос бэлджээ.#Гэт 20:10; Дх 5:14 Амралтын өдөр тэд тушаалын дагуу амрав.

Одоогоор Сонгогдсон:

Лук 23: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

Лук 23-д зориулсан видео