Лук 17:27-37
Лук 17:27-37 АБ2013
Ноаг бүхээгт орох өдрийг хүртэл хүмүүс идэж ууж, гэрлэж, нөхөрт гарцгааж байлаа. Тэгтэл үер буун тэднийг бүгдийг нь хөнөөв. Лотын өдрүүдэд ч мөн л ийм юм болсон. Тэд идэж ууцгааж, худалдаж худалдан авч, тариалж, барьж байгуулцгааж байлаа. Харин Лотыг Содомоос гарах өдөр тэнгэрээс гал хүхэр бууж тэднийг бүгдийг нь хөнөөв. Хүний Хүү илчлэгдэх өдөр ч мөн тийм байх болно. Тэр өдөр дээвэр дээр байгаа нь гэр доторх эд хөрөнгөө авахаар доош бүү бууг. Үүнчлэн талбайд байгаа нь бүү буцаг. Лотын эхнэрийг санагтун. Хэн амиа хадгалахыг хичээнэ, тэр түүнийгээ алдана. Хэн амиа алдана, тэр түүнийгээ хадгална. Би та нарт хэлье. Тэр шөнө нэг оронд байх хоёр хүний нэгийг нь авч, нөгөөг нь үлдээнэ. Нэг дор буудай тээрэмдэгч хоёр эмэгтэйн нэгийг нь авч, нөгөөг нь үлдээнэ. [Талбайд байх хоёр эрийн нэгийг нь авч, нөгөөг нь үлдээнэ гэв.] Тэд Түүнд —Эзэн, хаана? гэхэд Тэр —Сэг хаана байна, тэнд тас цуглана гэжээ.