Лук 15:1-32

Лук 15:1-32 АБ2013

Татвар хураагчид ба нүгэлтнүүд бүгд Түүнийг сонсохоор ойртоцгооход, фарисайчууд болон хуулийн багш нар дургүйцэн дүнгэнэлдэж —Энэ хүн нүгэлтнүүдийг хүлээн авч тэдэнтэй хамт хооллодог гэхэд нь ийм сургаалт зүйрлэл тэдэнд айлдав. — Зуун хоньтой байтал нэг нь алдагдахад ерэн есөн хонио бэлчээрт орхин, алдагдсан нэгийг нь олтлоо араас нь явахгүй хүн та нарт байна уу? Тэгээд хонио олбол тэр баяртайгаар мөрөндөө тэгнэн, гэртээ ирж, анд нөхдөө болон хөршүүдээ хамтад нь дуудан цуглуулаад, тэдэнд “Би алдагдсан хонио олсон тул надтай хамт баярлагтун!” гэнэ. Би та нарт хэлье. Мөн үүний адил, гэмших шаардлагагүй ерэн есөн зөвтөөс илүүгээр гэмшсэн нэг нүгэлтний төлөө тэнгэрт илүү их баяр хөөр болох болно. — Нэгэн эмэгтэйд арван мөнгөн зоос байжээ. Хэрэв нэг зоосоо алдчихвал дэнлүүгээ асаан, гэрээ шүүрдэж өнөөхөө олтлоо ихэд шаргуу хайхгүй гэж үү? Тэр эмэгтэй алдсан зоосоо олмогцоо, анд нөхөд, хөршүүдээ хамтад нь дуудан цуглуулаад “Би алдсан зоосоо олсон тул надтай хамт баярлагтун!” гэнэ. Би та нарт хэлье. Мөн үүний адил, нэг нүгэлтэн гэмшвэл Бурханы тэнгэрэлч нарын оршихуйд баяр хөөр болно гэв. Тэр —Хоёр хүүтэй нэг хүн байжээ. Бага хүү нь эцэгтээ “Аав аа, эд хөрөнгөнөөсөө ногдох хувийг минь надад өгөөч” гэхэд эцэг нь хоёр хүүдээ хөрөнгөө хувааж өгөв. Хэдхэн өдрийн дараа бага хүү нь хамаг юмаа хамаад, алс холын орныг зорин оджээ. Тэнд тэр дур зоргоороо амьдарч, эд хөрөнгөө үрэн таран хийв. Түүнийг бүх юмаа барж дуусахад тэрхүү нутагт нь ч сүрхий өлсгөлөн болж, тэр юм юмаар гачигдаж эхлэв. Тэгээд тэр явж, уг нутгийн нэгэн иргэнийг бараадах болж, мөнөөх нь гахайгаа хариулуулахаар түүнийг явуулдаг байлаа. Гахайн идэж байсан буурцгаар ходоодоо дүүргэхийг тэр хүсэмжлэвч хэн ч түүнд юу ч өгсөнгүй. Тийнхүү тэр ухааран “Эцгийн минь хөлсөлсөн хүмүүсийн хичнээн нь ч талхаар элбэг дэлбэг байдаг билээ дээ. Гэтэл би энд өлсөж үхэх нь. Би босоод эцэгтээ очъё. Тэгээд түүнд «Аав аа, би тэнгэрийн эсрэг, таны өмнө нүгэл үйлджээ. Би цаашид таны хүү гэгдэх нь зохисгүй, харин намайг хөлснийхөө нэг хүн болгооч» гэж хэлье” гэв. Тэгээд тэр босож, эцэг уруугаа явжээ. Харин эцэг нь түүнийг холоос харж ихэд өрөвдөн гүйж ирээд, тэвэрч үнсэв. Хүү нь түүнд “Аав аа, би тэнгэрийн эсрэг, таны өмнө нүгэл үйлджээ. Би цаашид таны хүү гэгдэх нь зохисгүй” гэв. Харин эцэг нь боолууддаа “Хамгийн сайхан хувцас хурдан авчирч, түүнийг хувцасла. Гарт нь бөгж зүү, хөлд нь гутал өмсгө. Тарган тугал авчирч нядал. Бүгдээрээ найрлаж цэнгэе. Учир нь энэ хүү минь үхсэн боловч амь оржээ. Тэр алдагдсан боловч олдлоо” гэв. Тэд найрлан цэнгэлдэж эхлэв. Ууган хүү нь талбай дээрээ байжээ. Тэр буцаж гэртээ ойртон ирэхдээ дуу хуур, бүжиглэх чимээг сонсоод, зарц нарынхаа нэгийг дуудаж, юу болоод байгааг асуув. Тэр түүнд “Дүү чинь ирсэн. Таны эцэг түүнийг эсэн мэнд эргэж ирсэнд тарган тугал нядлуулав” гэжээ. Харин ууган хүү нь уурлаад, дотогш орохыг ч хүссэнгүй. Тэгтэл эцэг нь гарч ирээд түүнийг аргадан гуйж эхлэв. Хүү нь түүнд “Хар, олон жилийн турш би танд зарагдаж байна. Би хэзээ ч таны тушаасныг зөрчиж байгаагүй. Гэвч анд нөхөдтэйгөө баярлах үед минь та ганц ишиг ч надад өгч байгаагүй. Харин хөрөнгийг чинь янхнуудтай нийлж цөлмөсөн энэ хүүгээ ирэхэд нь түүнд зориулж тарган тугал нядалж байдаг” гэхэд эцэг нь “Хүү минь, чи үргэлж надтай хамт байсан. Минийх гэсэн бүхэн чинийх шүү дээ. Харин энэ дүү чинь үхсэн байсан. Гэтэл амилжээ. Алдагдсан боловч олдлоо. Иймээс бид баярлан цэнгэх ёстой” гэв гэжээ.

Лук 15:1-32 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна