Леви 9

9
Тахилчийн үйлчлэл эхэлсэн нь
1Найм дахь өдөр Мосе, Аароныг, түүний хөвгүүдийг мөн Израилийн ахмадуудыг дуудав. 2Тэрээр Ааронд
—Нүглийн тахилд зориулан өөртөө согоггүй эр бяруу, шатаалт тахилд согоггүй хуц авч, ЭЗЭНий өмнө өргөгтүн. 3Тэгээд Израилийн хөвгүүдэд “Нүглийн тахилд ямаан сүргээс нэг ухныг мөн шатаалт тахилд согоггүй бяруу, хурга хоёрыг 4мөн эвийн тахилуудад ЭЗЭНий өмнө өргөхөөр бух, хуцыг мөн тосоор багсарсан идээн өргөлийг авагтун. Учир нь өнөөдөр ЭЗЭН та нарт үзэгдэх болно” гэж хэлтүгэй. 5Ийнхүү Мосегийн тушаасныг тэд уулзалтын майхны өмнө авчирч, даяар хотол түмэн ойртон ирж, ЭЗЭНий өмнө зогсоцгоов. 6Мосе
—ЭЗЭНий алдар та нарт үзэгдэхийн тулд ЭЗЭНий хийгтүн хэмээн та нарт тушаасан зүйл энэ болой гэв. 7Тэгээд Мосе, Ааронд
—ЭЗЭНий тушаасан ёсоор тахилын ширээнд ойртон ирж, нүглийн тахилаа болон шатаалт тахилаа гүйцэтгэн өөртөө болон ард олондоо эвлэрүүллийг хийгээд мөн ард олны өргөлийг өргөн тэдэнд эвлэрүүллийг хийгтүн гэлээ.#Евр 7:27
8Иймээс Аарон тахилын ширээнд ойртон ирж, өөрт нь зориулагдсан, нүглийн тахил болох бярууг нядлав. 9Аароны хөвгүүд түүнд цусыг нь авчрахад, тэрээр цусанд хуруугаа дүрж, тахилын ширээний эврүүд дээр нялж, цусыг тахилын ширээний суурь уруу асгав. 10Харин нүглийн тахилын өөх, бөөр, өнчин элгийг Мосед ЭЗЭНий тушаасан ёсоор тахилын ширээн дээр шатааж, 11мах болон арьсыг нь тэрээр хуарангийн гадна галд шатаав.
12Тэрээр шатаалт тахилыг нядлав. Аароны хөвгүүд түүнд цусыг нь өгөхөд тэр үүнийг тахилын ширээг тойруулан цацав. 13Тэд хэсэглэн эвдчихсэн шатаалт тахилыг толгойнх нь хамт түүнд өгснийг тэрээр тахилын ширээн дээр шатаав. 14Харин гэдэс дотор болон мөчүүдийг нь угаагаад, шатаалт тахилын хамт тахилын ширээн дээр шатаав.
15Тэрээр ард олны өргөлийг өргөн ард олны төлөөх нүглийн тахилын ямааг авч нядлан өмнөхтэй адил түүнийг нүглийн учир өргөв. 16Тэрээр шатаалт тахилыг өргөж, түүнийг тогтоосон журмын дагуу гүйцэтгэв. 17Тэр идээн өргөлийг авчирч, түүнээс атга дүүрнийг аваад, тахилын ширээн дээр өглөөний шатаалт тахилтай хамт шатаав.
18Тэгээд ард олонд зориулагдсан, эвийн тахилуудын нядлах тахил болох бух, хуцыг тэр нядалжээ. Аароны хөвгүүд түүнд цусыг нь өгсөнд, тэрээр тахилын ширээг тойруулан цацав.#Лев 3:1–11 19Бух болон хуцын өөх буюу сүүл, гадар өөх, бөөр, өнчин элгийг тэд аван 20өөхийг өвчүүнүүд дээр тавьж, тэрээр өөхийг тахилын ширээн дээр шатаав. 21Харин өвчүүнүүд болон баруун гуяыг Мосегийн тушаасан ёсоор Аарон, ЭЗЭНий өмнө даллах өргөл болгон даллав.
22Аарон ард олон уруу гараа өргөж, тэднийг ерөөв. Тэгээд нүглийн тахил, шатаалт тахил, эвийн тахил зэргийг хийж дуусгаад доош буулаа.#Тоо 6:22–26 23Мосе, Аарон нар уулзалтын майханд ороод, дараа нь гарч ирэн ард олныг ерөөлөө. Тэгэхэд ЭЗЭНий алдар хамаг ард олонд үзэгдэж, 24ЭЗЭНий өмнөөс гал гарч, тахилын ширээн дээрх шатаалт тахил болон өөхийг шатаажээ. Бүх ард олон үүнийг хармагцаа хашхиралдан нүүрээрээ унав.

Одоогоор Сонгогдсон:

Леви 9: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна