Леви 2

2
Идээн өргөл
1Хэн нэг нь ЭЗЭНд өргөл болгон идээн өргөлийг өргөх аваас өргөл нь сайн гурилынх байх бөгөөд тэр үүн дээр тос асган, дээр нь гүгэл тавиг. 2Тэр үүнийгээ Аароны тахилч хөвгүүдэд авчран, сайн гурилаас атга дүүрнийг, тосноос нь гүгэлтэй нь аваг. Тахилч үүнийг бэлгэдлийн хувь болгон тахилын ширээн дээр шатаах бөгөөд энэ нь ЭЗЭНд тааламжит үнэрт галан тахил болой. 3Харин идээн өргөлийн үлдэгдэл нь Аарон болон түүний хөвгүүдэд ногдох бөгөөд энэ нь ЭЗЭНд өргөх галан тахилууд дотроос ариунаас ариун нь бөлгөө.
4Чи зууханд жигнэсэн идээн өргөлийг өргөх аваас энэ нь тосоор багсарсан сайн гурилан исгээгүй боов эсвэл тосоор тосолсон исгээгүй бин байх болой. 5Хэрэв өргөл чинь хайруулын таваг дээр хийсэн идээн өргөл байх аваас энэ нь исгээгүй, тосонд багсарсан сайн гурилынх байх ёстой. 6Түүнийг жижиглэн хугалж, дээр нь тос асга. Энэ нь идээн өргөл болой. 7Хэрэв өргөл чинь саванд бэлтгэсэн идээн өргөл байх аваас үүнийг тостой сайн гурилаар хийсэн байх ёстой. 8Та нар эдгээр зүйлээр хийсэн идээн өргөлийг ЭЗЭНд авчран тахилчид өргө. Тэр үүнийг тахилын ширээнд аваачна. 9Тахилч идээн өргөлөөс бэлгэдлийн хувийг авч, үүнийгээ тахилын ширээн дээр шатаах бөгөөд энэ нь ЭЗЭНд тааламжит үнэр, галан тахил болой. 10Идээн өргөлийн үлдэгдэл нь Аарон болон түүний хөвгүүдэд ногдох бөгөөд энэ нь ЭЗЭНд өргөх галан тахилууд дотроос ариунаас ариун нь бөлгөө.
11ЭЗЭНд та нарын авчрах ямар ч идээн өргөл хөрөнгөөр исгэсэн байх ёсгүй. Учир нь та нар ямар ч хөрөнгө ба зөгийн балыг галан тахил болгон ЭЗЭНд зориулан шатаах ёсгүй.
12Та нар анхны үр жимсний өргөлийг ЭЗЭНд өргөхдөө үүнийгээ харин тахилын ширээн дээр тааламжит үнэр болгон өргөх ёсгүй. 13Идээн өргөл болгоноо давсаар амтал. Идээн өргөлд чинь Бурханы гэрээний давс бүү дутагдаг. Бүх өргөлөө та нар давстай өргөгтүн.
14Та нар дээж үр жимсний идээн өргөлийг ЭЗЭНд өргөх аваас гал дээр хуурсан шинэ тариан түрүү, үйрүүлсэн шинэ үрийг үр жимсний идээн өргөлдөө өргө. 15Түүн дээр тос асган, дээр нь гүгэл тавь. Энэ нь идээн өргөл болой. 16Тахилч түүний бэлгэдлийн хувь болох үйрүүлсэн шинэ үр ба тосыг бүх гүглийн хамт ЭЗЭНд өргөх галан тахил болгон шатааг.

Одоогоор Сонгогдсон:

Леви 2: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

Леви 2-д зориулсан видео