Леви 19:1-18

Леви 19:1-18 АБ2013

ЭЗЭН, Мосед айлдахдаа — Израилийн хөвгүүдийн даяар хотол түмэнтэй ярин “Та нарын Бурхан ЭЗЭН Би ариун учраас та нар ариун байгтун. Та нарын хүн нэгбүр эх, эцгээсээ эмээж, Миний Амралтын өдрийг сахигтун. Би та нарын Бурхан ЭЗЭН билээ. Шүтээнүүдэд бүү ханд, өөрсдөдөө зориулж цутгамал бурхдыг бүү хий. Би та нарын Бурхан ЭЗЭН билээ. ЭЗЭНд эвийн тахилын нядлах тахилыг тахихдаа та нар үүнийгээ хүлээн авагдахуйцаар тахигтун. Үүнийг өргөсөн тэр өдрөө болон дараагийн өдөр нь идэх ёстой. Гэвч гурав дахь хоног хүртэл үлдсэнийг галд шатаах ёстой. Хэрэв үүнийг гурав дахь хоног дээр идэх аваас тэр нь бузар агаад хүлээн авагдахгүй. Үүнийг идсэн нь ЭЗЭНий ариун зүйлийг гутаасан учраас хилэнцээ үүрнэ. Тэр хүн ард олноосоо таслагдах болой. Та нар газрынхаа ургацыг хураахдаа талбайнхаа өнцөг булан хүртэл гүйцэд хураах ёсгүй. Мөн ургацынхаа гээгдсэн үлдэгдлийг ч түүж цуглуулах ёсгүй. Мөн усан үзмийн талбайнхаа үлдэгдлийг бүү түү, усан үзмийн талбайнхаа унасан жимсийг ч бүү цуглуул. Эдгээрийг та нар ядуус болон ирмэл хүмүүст зориулан үлдээгтүн. Би та нарын Бурхан ЭЗЭН. Та нар хулгай бүү хий, бүү залилан мэхэл, бие биенээ бүү хуур. Миний нэрээр хуурамчаар бүү тангарагла, Бурханыхаа нэрийг ч бүү гутаа. Би ЭЗЭН. Хөршөө бүү мөлж, бүү дээрэмд. Хөлсний хүний цалин хөлс өглөө болтол бүхэл шөнөжингөө чамд үлдэх ёсгүй. Чи дүлий хүнийг бүү хараа, сохор хүний урд бүдрүүлэх зүйл бүү тавь, харин Бурханаасаа эмээ. Би ЭЗЭН. Шүүх дээр шударга бусаар бүү үйлд. Ядуусыг бүү өөгшүүл, баячуудын нүүрэн дээр бүү долигоно, харин хөршөө зөвөөр шүү. Ард олныхоо дунд хов зөөж бүү яв. Хөршийнхөө амь цусны эсрэг бүү зогс. Би ЭЗЭН. Ах дүүгээ зүрхэндээ бүү үзэн яд. Хөршөө шулуухан зэмлэ. Тэгвэл чи өөрөө гэм нүгэл үүрэхгүй. Чи ард олныхоо хөвгүүдийн эсрэг бүү хонзогно, аливаа зэвүүцлийг бүү хадгал. Харин хөршөө өөрийн адил хайрла. Би ЭЗЭН.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна