ЛЕВИТ 19:1-18

ЛЕВИТ 19:1-18 Ариун Библи, 2004 (АБ2004)

Тэгээд ЭЗЭН Мосед айлдан — Израилийн хөвгүүдийн бүх цуглаантай ярин тэдэнд ийн хэлэгтүн. “Та нар ариун байгтун. Учир нь та нарын Бурхан ЭЗЭН Би ариун болой. Та нар хүн нэг бүр өөрийн эх, эцгийг хүндэтгэн, Миний Амралтын өдрийг сахигтун. Би бол ЭЗЭН, та нарын Бурхан. Шүтээнүүд уруу бүү ханд. Өөрсдөдөө зориулж цутгамал бурхдыг бүү хийгтүн. Би бол ЭЗЭН, та нарын Бурхан. ЭЗЭНд эвийн тахилын өргөлийг өргөхдөө та нар түүнийг өөрсдийгөө хүлээн авахуулахаар өргөгтүн. Энэ нь өргөгдсөн тэр өдрөө болон дараагийн өдөр нь идэгдэх ёстой. Гэвч гурав дахь хоног хүртэл үлдсэн нь галд шатаагдах ёстой. Тиймээс хэрэв энэ нь гурав дахь хоногт идэгдэх аваас тэр нь бузар болоод, хүлээн авагдахгүй. Түүнийг идсэн хүн бүр нь өөрийн гэм бурууг үүрнэ. Учир нь тэр ЭЗЭНий ариун зүйлийг гутаасан болой. Тэр хүн өөрийн ард олноос таслагдах болно. Та нар газрынхаа ургацыг хураахдаа талбайнхаа өнцөг булангуудыг нь хүртэл хураах ёсгүй. Ургацынхаа гээгдсэн үлдэгдлийг ч цуглуулах ёсгүй. Усан үзмийн талбайнхаа үлдэгдлийг түүлгүй, усан үзмийн талбайнхаа унасан жимсийг ч бүү цуглуул. Тэдгээрийг та нар ядууст болон гадныханд зориулан үлдээгтүн. Би бол ЭЗЭН, та нарын Бурхан. Та нар хулгай бүү хий. Хуурамчаар бүү үйлд. Бие биеэ бүү хуур. Миний нэрээр хуурамчаар тангарагласнаараа өөрийн Бурханы нэрийг бүү гутаа. Би бол ЭЗЭН. Өөрийн хөршийг бүү дарла, түүнийг бүү дээрэмд. Хөлсний хүний цалин нь бүхэл шөнөжингөө, өглөөг болтол чамд байж болохгүй. Чи дүлий хүнийг бүү хараа. Сохор хүний урд бүдрүүлэх зүйлийг бүү тавь. Харин өөрийн Бурханыг хүндэтгэ. Би бол ЭЗЭН. Шүүх дээр шударга бусаар бүү үйлд. Ядуусыг өөгшүүлэлгүй, баячуудад долигнолгүй, харин хөршөө шударгаар шүү. Ард олныхоо дунд хов зөөгч мэт бүү яв. Хөршийнхөө амийн эсрэг бүү үйлд. Би бол ЭЗЭН. Нутгийнхаа залууг зүрхэндээ бүү үзэн яд. Хөршөө шулуухан зэмлэж болох боловч түүнээс болж нүгэлд орооцолдож болохгүй. Чи өөрийн ард олны хөвгүүдийн эсрэг өс хонзонг бүү ав, аливаа зэвүүцлийг ч бүү хадгал. Харин хөршөө өөрийн адил хайрла. Би бол ЭЗЭН.

Хуваалцах
ЛЕВИТ 19 унших

ЛЕВИТ 19:1-18 Ариун Библи 2013 (АБ2013)

ЭЗЭН, Мосед айлдахдаа — Израилийн хөвгүүдийн даяар хотол түмэнтэй ярин “Та нарын Бурхан ЭЗЭН Би ариун учраас та нар ариун байгтун. Та нарын хүн нэгбүр эх, эцгээсээ эмээж, Миний Амралтын өдрийг сахигтун. Би та нарын Бурхан ЭЗЭН билээ. Шүтээнүүдэд бүү ханд, өөрсдөдөө зориулж цутгамал бурхдыг бүү хий. Би та нарын Бурхан ЭЗЭН билээ. ЭЗЭНд эвийн тахилын нядлах тахилыг тахихдаа та нар үүнийгээ хүлээн авагдахуйцаар тахигтун. Үүнийг өргөсөн тэр өдрөө болон дараагийн өдөр нь идэх ёстой. Гэвч гурав дахь хоног хүртэл үлдсэнийг галд шатаах ёстой. Хэрэв үүнийг гурав дахь хоног дээр идэх аваас тэр нь бузар агаад хүлээн авагдахгүй. Үүнийг идсэн нь ЭЗЭНий ариун зүйлийг гутаасан учраас хилэнцээ үүрнэ. Тэр хүн ард олноосоо таслагдах болой. Та нар газрынхаа ургацыг хураахдаа талбайнхаа өнцөг булан хүртэл гүйцэд хураах ёсгүй. Мөн ургацынхаа гээгдсэн үлдэгдлийг ч түүж цуглуулах ёсгүй. Мөн усан үзмийн талбайнхаа үлдэгдлийг бүү түү, усан үзмийн талбайнхаа унасан жимсийг ч бүү цуглуул. Эдгээрийг та нар ядуус болон ирмэл хүмүүст зориулан үлдээгтүн. Би та нарын Бурхан ЭЗЭН. Та нар хулгай бүү хий, бүү залилан мэхэл, бие биенээ бүү хуур. Миний нэрээр хуурамчаар бүү тангарагла, Бурханыхаа нэрийг ч бүү гутаа. Би ЭЗЭН. Хөршөө бүү мөлж, бүү дээрэмд. Хөлсний хүний цалин хөлс өглөө болтол бүхэл шөнөжингөө чамд үлдэх ёсгүй. Чи дүлий хүнийг бүү хараа, сохор хүний урд бүдрүүлэх зүйл бүү тавь, харин Бурханаасаа эмээ. Би ЭЗЭН. Шүүх дээр шударга бусаар бүү үйлд. Ядуусыг бүү өөгшүүл, баячуудын нүүрэн дээр бүү долигоно, харин хөршөө зөвөөр шүү. Ард олныхоо дунд хов зөөж бүү яв. Хөршийнхөө амь цусны эсрэг бүү зогс. Би ЭЗЭН. Ах дүүгээ зүрхэндээ бүү үзэн яд. Хөршөө шулуухан зэмлэ. Тэгвэл чи өөрөө гэм нүгэл үүрэхгүй. Чи ард олныхоо хөвгүүдийн эсрэг бүү хонзогно, аливаа зэвүүцлийг бүү хадгал. Харин хөршөө өөрийн адил хайрла. Би ЭЗЭН.

Хуваалцах
ЛЕВИТ 19 унших