Леви 14

14
Арьсны халдварт өвчнөөс цэвэрших
1ЭЗЭН, Мосед айлдахдаа
2Арьсны халдварт өвчтөнийг цэвэршүүлэх өдрийн хууль энэ болой. Түүнийг тахилч уруу авчирч,#Мт 8:4; Мк 1:44; Лк 5:14, 17:14 3тахилч хуарангаас гадагш гарна. Ингээд тахилчийн үзэхэд хэрэв арьсны халдварт өвчтөний арьсны халдварт өвчин эдгэсэн байх аваас 4хоёр амьд цэвэр шувуу, хуш мод, улаан хүрэн утас, балуун зэргийг цэвэршигчийн төлөө авч явахыг тахилч тушаана. 5Нэг шувууг урсгал усны дээгүүр, шавар саванд нядлахыг тахилч тушаагаад, 6харин өөрөө амьд шувууг хуш мод, улаан хүрэн утас, балуунтай хамт авч, эдгээрийг болон амьд шувууг урсгал усны дээгүүр нядлагдсан шувууны цусанд дүрнэ. 7Тэгээд арьсны халдварт өвчнөөс цэвэршигч уруу үүнийг долоон удаа цацаад, тэр хүнийг цэвэр хэмээн тодорхойлно. Амьд шувууг хээр талд суллан тавина. 8Ингээд цэвэршигч нь хувцсаа угаан бүх үсээ хусаж, усанд орж цэвэр болно. Тэгээд тэр хуаранд орж, долоо хоногийн турш майхныхаа гадна байг. 9Долоо дахь өдөр тэрээр бүх үсээ хусна. Тухайлбал толгойн үс, сахал, хөмсөг төдийгүй хамаг үсээ хусаад, хувцсаа угаан усанд биеэ угааж цэвэр болно.
10Найм дахь өдөр нь тэрээр согоггүй хоёр эр хурга, согоггүй нэг охин төлөг болон идээн өргөлд зориулан тосонд багсарсан ефагийн аравны гурав хэмжээтэй сайн гурил, нэг лог тос авчрах бөгөөд 11цэвэршигчийг цэвэр гэсэн тахилч эдгээр зүйлийг түүнтэй хамт ЭЗЭНий өмнө, уулзалтын майхны үүдэнд авчраг. 12Тэгээд тахилч нэг эр хургыг нэг лог тостой хамт авчран ялын тахилд өргөөд, эдгээрийг даллах өргөл болгон ЭЗЭНий өмнө даллах болой. 13Тэрээр нүглийн болон шатаалт тахил нядалдаг газар буюу ариун газарт эр хургыг нядална. Учир нь нүглийн тахилын адил ялын тахил нь тахилчийнх бөгөөд ариунаас ариун болой. 14Тахилч ялын тахилын цуснаас авч, цэвэршигчийн баруун чихний гэдсэнд, баруун гарынх нь эрхий хуруу, баруун хөлийнх нь эрхий хуруунд түрхэнэ. 15Тахилч нэг лог тосноос авч, зүүн гарынхаа алганд цутгаад, 16баруун гарынхаа хурууг зүүн алган дахь тосонд дүрж, тосыг хуруугаараа ЭЗЭНий өмнө долоон удаа цацна. 17Тахилч алган дахь үлдсэн тосноосоо цэвэршигчийн баруун чихний гэдсэнд, баруун гарынх нь эрхий хуруу, баруун хөлийнх нь эрхий хуруунд, ялын тахилын цусан дээгүүр давхар түрхэнэ. 18Харин тахилчийн алганд үлдсэн тосыг цэвэршигчийн толгой дээр асгана. Ийнхүү тахилч түүнд ЭЗЭНий өмнө эвлэрүүллийг хийнэ. 19Тахилч нүглийн тахил өргөж, бузраасаа цэвэршиж байгаа нэгэнд эвлэрүүллийг хийнэ. Тэгээд тэрээр шатаалт тахилыг нядалж, 20тахилын ширээн дээр шатаалт тахил болон идээн өргөлийг өргөнө. Ийнхүү тахилч түүнд эвлэрүүллийг хийж, тэр хүн цэвэр болно.
21Гэвч тэр хүн ядуу бөгөөд үүнийг олж авах чадалгүй байх аваас тэрээр өөртөө эвлэрүүллийг хийлгэх даллах өргөлд зориулан нэг эр хургыг ялын тахил, идээн өргөлд зориулан тосонд багсарсан ефагийн аравны нэгэн сайн гурил, нэг лог тос авах ёстой. 22Мөн гарынхаа олж авах чадлын хэрээр хоёр хүүрзгэнэ эсвэл хоёр өсвөр тагтаа авах ёстой бөгөөд нэг нь нүглийн тахил, нөгөө нь шатаалт тахил болой. 23Тэгээд найм дахь өдөр тэрээр эдгээрийг цэвэршилдээ зориулан ЭЗЭНий өмнө уулзалтын майхны үүдэнд тахилчид авчрах болой. 24Тахилч ялын тахилын хурга, нэг лог тосыг авч, даллах өргөл болгон ЭЗЭНий өмнө даллана. 25Тэрээр ялын тахилын хургыг нядалж ялын тахилын цуснаас аваад, цэвэршигчийн баруун чихний гэдсэнд, баруун гарынх нь эрхий хуруу, баруун хөлийнх нь эрхий хуруун дээр түрхэнэ. 26Тахилч зүүн гарынхаа алганд тосноос хийгээд, 27баруун гарынхаа хуруугаар зүүн алган дахь тосноос долоон удаа ЭЗЭНий өмнө цацна. 28Тахилч алгандаа байгаа тосноос цэвэршигчийн баруун чихний гэдсэнд, баруун гарынх нь эрхий хуруу, баруун хөлийнх нь эрхий хуруун дээр, ялын тахилын цусан дээр давхар түрхэнэ. 29Тэгээд ЭЗЭНий өмнө эвлэрүүллийг хийхийн тулд алгандаа үлдсэн тосыг тахилч цэвэршигчийн толгой дээр асгана. 30Тэрээр олж авах боломжийнхоо хэрээр нэг хүүрзгэнэ эсвэл өсвөр тагтаа нэгийг өргөнө. 31Гарынхаа олж авах чадлын хэрээр, нэгийг нь нүглийн тахил, нөгөөг нь шатаалт тахил болгон идээн өргөлийн хамт өргөх болой. Ийнхүү цэвэршигчид зориулан тахилч ЭЗЭНий өмнө эвлэрүүллийг хийнэ. 32Энэ нь цэвэршилд зориулах чадал боломж хомс, арьсны халдварт өвчний шархтай нэгний тухай хууль болой гэв.
33ЭЗЭН, Мосе Аарон нартай цааш нь ярин айлдахдаа
34Миний та нарт эзэмшил болгон өгөх Канаан нутагт та нар орохдоо, та нарын эзэмших нутагт Би аливаа байшинд хөгцний толбыг тавихад 35тэр байшинг өмчлөгч нэгэн нь ирж, тахилчид “Байшинд минь толботой адил зүйл надад харагдав” гэж хэлэх ёстой. 36Тэгэхэд байшин доторх бүх зүйлийг бузарт тооцохгүйн тулд уг толбыг үзэхээр тахилч дотогш орохын өмнө байшинг суллахыг тушаана. Үүний дараа тахилч байшинг үзэхээр дотогш орно. 37Тэрээр толбыг харахад хэрэв байшингийн ханан дээрх толбо ногоовтор эсвэл улбар хонхор бөгөөд хананд гүн суусан харагдах аваас 38тахилч байшингийн үүдэнд гарч, уг байшинг долоо хоногоор тусгаарлана. 39Тахилч долоо дахь өдөр буцаж ирээд, сайтар ажиглана. Хэрэв уг толбо байшингийн ханан дээгүүр тархсан байх аваас 40толбо суусан чулуунуудыг салган авч хотын гадна бузар газарт хаяхыг тахилч тушаана. 41Тэр байшинг дотор талаас нь бүхэлд нь хусуулаад, хусаж авсан шохойг хотын гадна бузар газарт овоолон асгана. 42Тэгээд өөр чулуунуудыг авч, тэдгээр чулууны оронд байрлуулж, өөр шохойг авч, байшинг дахин шохойдох ёстой.
43Харин чулуунуудыг нь салган байшинг хусаад, дахин шохойдсоны дараа уг толбо байшинд дахин гарч ирэх аваас 44тахилч дотогш орж, сайтар ажиглана. Хэрэв байшинд толбо тархсан байх аваас энэ нь байшин доторх хортой хөгц бөгөөд байшин бузар болой. 45Уг байшин, түүний чулуу, мод болон бүх шаваасыг нь буулгаж, хотын гадна бузар газарт зөөн аваачих ёстой. 46Тусгаарлаж байх үед байшинд орсон хэн боловч үдэш болтол бузар байна. 47Байшин дотор хэвтсэн хэн боловч хувцсаа угаах ёстой. Уг байшин дотор идсэн хэн боловч хувцсаа угаах ёстой.
48Харин тахилч дотогш орж үзэхэд, харагтун, байшинг дахин шохойдсоны дараа байшинд уг толбо тархаагүй байх аваас толбо дахин гарч ирээгүй тул тахилч тэр байшинг цэвэр гэж тодорхойлно. 49Уг байшинг цэвэршүүлэхийн тулд тэрээр хоёр шувуу, хуш мод, улаан утас, балууныг аваад, 50нэг шувууг урсгал усны дээгүүр шавар саванд нядалж, 51хуш мод, балуун, улаан утсыг амьд шувуутай хамт авч, нядлуулсан шувууны цусанд болон урсгал усанд дүрж байшин уруу долоон удаа цацна. 52Ийнхүү шувууны цус, урсгал ус, амьд шувуу, хуш мод, балуун, улаан утсаар уг байшинг тэр цэвэршүүлнэ. 53Харин амьд шувууг хотоос гадагш хээр талд суллаж тавина. Ийнхүү байшинд зориулан эвлэрүүллийг хийх бөгөөд энэ нь цэвэр болно гэв.
54Энэ нь арьсны халдварт өвчний аливаа шинж тэмдгийн хууль бөгөөд үүнд хамуу, 55хувцас эсвэл байшинд гарах хөгц, 56гөвдрүү, яр, тод толбо хамаатай. 57Эдгээрийг ямар үед бузар, ямар үед цэвэр гэдгийг заах хууль энэ болой. Энэ нь арьсны халдварт өвчний хууль юм.

Одоогоор Сонгогдсон:

Леви 14: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

Леви 14-д зориулсан видео