Иов 21

21
Иовын хариу: Гэмтнүүд шийтгэлгүй үлдэх юм
1Тэгэхэд Иов хариулан
2—Хэлэх үгийг минь анхааралтай сонс,
энэ нь та нарын тайвшрал болог!
3Тэвч намайг, би ярья,
Тэгээд ярьсны минь дараа тохуурхацгаа.
4Мөхөх хүмүүст би гомдоллоо юу?
Мөн би тэвчээргүй байж эс болно уу?
5Хараач намайг, тэгээд цочирд,
Гараараа амаа тагла!
6Бодох бүрдээ би айдас хүйдэст автаж,
бие минь салганана.
7Яагаад гэм буруутнууд амьдарсаар,
өндөр наслан эрх мэдэл нь юунд нэмэгдэж байна вэ?
8Үр удам нь бараа сүрэнд нь батжиж
Үр хүүхдүүд нь нүднийх нь өмнө байцгаана.
9Гэр орон нь айдсаас ангид,
Бурханы саваа ч тэдний дээр алга.
10Бух нь зогсолтгүй хээлтүүлж,
Үнээ мал нь ч зулбалгүй тугаллана.
11Тэд бяцхан үрсээ сүрэг мэт гадагш гаргана,
Тэдний үр хүүхдүүд нь үсрэн цовхчино.
12Хуур, босоо ятганд тэд дуулж,
лимбэний эгшигт цэнгэн баярлана.
13Тэд өдрүүдээ элбэг дэлбэг өнгөрүүлээд
Амар тайвнаар Үхэгсдийн орон уруу оддог.
14Тэд Бурханд “Биднээс холд!
Таны замыг мэдэх хүсэл ч бидэнд алга.
15Төгс Хүчит Нэгэн гэж юу болоод бид
Түүнд үйлчлэх ёстой билээ?
Түүнээс гуйвал бидэнд ямар ашигтай юм бэ?” гэцгээдэг.
16Харагтун, дэвжил бадрал нь
тэдний амжилт бус уу?
Тийм гэм буруутнуудын төлөвлөгөө
миний хувьд жигшүүртэй!
17Гэм буруутны дэнлүү унтрах нь хэр олон бэ?
Гай зовлон нь тэдний дээр хэр олон унадаг вэ?
Бурхан уурандаа зовлон зүдүүрийг хэр олон өгдөг вэ?
18Тэд салхины өмнөх сүрэл мэт
эсвэл шуурганд хийсэж үгүй болдог тарианы хальс мэт болох нь хэр олон бэ?
19“Бурханаас хүмүүний цөв мууг үр хүүхдүүдэд нь хураадаг” гэж чи хэлдэг.
Өөрт нь харин мэдүүлэхийн тулд Бурхан түүнд буцааж тооцог!
20Өөрийнх нь нүд ялзралаа харж,
тэрээр Төгс Хүчит Нэгэний уур хилэнгээс ууг!
21Учир нь түүний саруудын тоо гүйцэхэд
өөрийнхөө дараа тэрээр гэр орондоо яаж санаа тавих юм бэ?
22Бурхан өндөрт байгсдыг шүүн шийтгэдэг байхад
хэн Түүнд билэг ухааныг зааж чадах вэ?
23Нэг нь бүрэн тэнхээтэй,
маш уужуу болоод амгалан байхдаа өөд болдог.
24Түүний гуя нь өөхтэй
түүний яс нь чөмөгтэй хэвээр байдаг.
25Өөр нэг нь сайныг огт амсалгүй, сэтгэлийн гашуундаа үхдэг.
26Тэд хамтдаа шороон дотор хэвтэж,
тэднийг өт шавна.
27Харагтун, санаа бодлуудыг чинь болон
намайг буруутгах гэсэн явуулгыг чинь би мэднэ.
28Та нар “Сурвалжит хүний гэр орон хаа байна вэ?
Гэм буруутны амьдрах майхан хаана байна вэ?” гэдэг.
29Та нар аянчин хүмүүсээс асуугаагүй юм уу?
Та нар тэдний гэрчлэлийг хүлээн аваагүй юу?
30Хорон муу хүн гамшгийн өдөр хэлтэрч,
хилэнгийн өдөрт тэд хамгаалагддаг гэдгийг!
31Хэн түүний замыг нүүрэн дээр нь хэлж,
хэн үйлдсэн зүйлийг нь түүнтэй тооцох вэ?
32Түүнийг булшинд хүргэгдэх үед нь ч
Бунхан дээр нь харуул байх болно.
33Хөндийн шавар ч түүнийг зөөлөн нөмөрнө.
Түүний араас бүх хүн дагах агаад,
Урд нь бас тоолшгүй олон нь алхалжээ.
34Тэгэхээр та нар намайг хоосноор хэрхэн тайтгаруулах вэ?
Тэнд худал хуурмагаас өөр үлдэх юм хариултад чинь алга гэв.

Одоогоор Сонгогдсон:

Иов 21: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна