Иохан 10:7-30

Иохан 10:7-30 АБ2013

Тэгээд Есүс дахин тэдэнд —Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Хонины үүд нь Би байгаа юм. [Надаас урьд] ирэгсэд бүгд хулгайч, дээрэмчид юм. Харин хоньд тэднийг сонсоогүй. Үүд нь Би байгаа юм. Надаар орсон нь аврагдах болно. Орж гарч бэлчээр олно. Хулгайч зөвхөн хулгайлан, алж, сүйтгэхээр ирдэг. Би тэднийг амьтай, бялхсан амьтай байлгахын тулд ирсэн билээ. Сайн хоньчин нь Би байгаа юм. Сайн хоньчин хоньдынхоо төлөө амиа өгдөг. Хөлсний хүн бол хоньчин биш, хоньд ч түүнийх биш учир чоно ирэхийг хараад тэрээр хоньдыг орхин зугтдаг. Чоно хоньдыг цөлмөж, тараадаг. Тэр хөлсний хүн бөгөөд хоньдод санаа тавьдаггүй тул зугтдаг. Сайн хоньчин нь Би байгаа юм. Би Өөрийнхийгөө мэдэх бөгөөд Өөрийнхөн минь Намайг мэднэ. Үүнчлэн Би Эцэгээ мэдэхийн адил Эцэг минь Намайг мэддэг юм. Би хоньдын төлөө амиа өгнө. Энэ хашаан дахь хоньдоос өөр хоньд Надад бий. Би тэднийг бас авчрах ёстой. Тэд дууг минь сонсоно. Тэгээд тэд нэг хоньчинтой нэг сүрэг болно. Тиймээс Эцэг Намайг хайрладаг. Учир нь Би амиа буцааж авахын тулд амиа өгнө. Хэн ч амийг минь Надаас авахгүй. Харин Би Өөрөө түүнийг өгнө. Амиа өгөх эрх мэдэл Надад бий, буцааж авах эрх мэдэл нь ч бий. Энэ тушаалыг Би Эцэгээсээ хүлээн авсан юм гэв. Энэ үгнээс болж иудейчүүдийн дунд дахин хагарал гарчээ. Тэдний олонх нь —Түүнд чөтгөр шүглэж. Тэр солиотой юм байна. Та нар юунд Түүнийг сонсоно вэ? гэлээ. Зарим нь —Чөтгөр шүглэгчийн үг энэ биш ээ. Сохрын нүдийг чөтгөр нээж чадах уу? гэж байлаа. Сүмийг Шинэтгэн ариусгасны баяр Иерусалимд болж байлаа. Тэгэхэд өвөл байв. Есүс сүм дотор Соломоны танхимд явж байжээ. Тэгтэл иудейчүүд Түүнийг тойрч, Түүнд —Та хэдий болтол биднийг эргэлзүүлэх юм бэ? Та Христ мөн юм бол бидэнд шуудхан хэл гэсэнд Есүс тэдэнд —Би та нарт хэлсэн. Та нар итгэдэггүй. Эцэгийнхээ нэрээр үйлдсэн үйлс минь Намайг гэрчилдэг. Харин та нар хоньд минь биш учир итгэдэггүй. Миний хоньд дууг минь сонсдог. Би тэднийг таньдаг бөгөөд тэд Намайг дагадаг юм. Би тэдэнд мөнх амийг өгнө. Тэд хэзээ ч мөхөхгүй бөгөөд тэднийг хэн ч гараас минь булаахгүй. Тэднийг Надад өгсөн Эцэг минь бүхнээс аугаа бөгөөд тэднийг хэн ч Эцэгийн гараас булааж чадахгүй. Би болон Эцэг нэг юм гэж айлдлаа.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна