ИОХАН 10:7-30
ИОХАН 10:7-30 Ариун Библи, 2004 (АБ2004)
Тэгээд Есүс дахин тэдэнд —Үнэнээр, үнэнээр Би та нарт хэлье. Би бол хонины үүд. [Надаас урьд] ирэгсэд бүгд хулгайч, дээрэмчид юм. Харин хонин сүрэг тэднийг сонсоогүй. Би бол үүд мөн. Хэрэв хүн Надаар орвол, тэр аврагдах болно. Орж, гарч, тэжээлээ олно. Хулгайч зөвхөн хулгайлан, алж, сүйтгэхээр ирдэг. Би тэднийг амьтай, бялхсан амьтай байлгахын тулд ирсэн юм. Би бол сайн хоньчин мөн. Сайн хоньчин хоньдынхоо төлөө амиа өгдөг. Хөлсний хүн бол хоньчин биш, хонин сүрэг ч түүнийх биш учир чоно ирэхийг хараад тэрээр хонин сүргийг орхин зугтдаг. Чоно хоньдыг цөлмөж, тараадаг. Тэр хөлсний хүн бөгөөд хонин сүрэгт санаа тавьдаггүй тул зугтдаг. Би бол сайн хоньчин мөн. Би Өөрийнхийгөө мэдэх бөгөөд Өөрийнхөн минь Намайг мэднэ. Би Эцэгээ мэдэхийн адил Эцэг минь Намайг мэддэг юм. Би хоньдын төлөө Өөрийн амийг өгнө. Энэ хашаан дахь хонин сүргээс өөр хонин сүрэг Надад бий. Би тэднийг бас авчрах ёстой. Тэд Миний дууг сонсоно. Тэгээд тэд нэг хоньчинтой нэг хонин сүрэг болно. Тиймээс Эцэг Намайг хайрладаг. Учир нь Би Өөрийн амийг буцааж авахын тулд амиа өгнө. Хэн ч Миний амийг Надаас авахгүй. Харин Би Өөрийн санаагаар түүнийг өгнө. Амиа өгөх эрх мэдэл Надад бий. Буцааж авах эрх мэдэл ч Надад бий. Энэ тушаалыг Би Эцэгээсээ хүлээн авсан юм гэв. Энэ үгнээс болж иудейчүүдийн дунд дахин хагарал гарчээ. Тэдний олонх нь —Түүнд чөтгөр шүглэж. Тэр солиотой юм. Та нар юунд Түүнийг сонсоно вэ? гэлээ. Зарим нь —Эдгээр үгс нь чөтгөр шүглэсэн хүнийх биш. Чөтгөр сохрын нүдийг нээж чадах уу? хэмээн ярьж байлаа. Иерусалимд сүмийг Шинэтгэн ариусгасны баяр болж байлаа. Тэгэхэд өвөл байв. Есүс сүм дотор Соломоны танхимд явж байжээ. Тэгтэл иудейчүүд Түүнийг тойрч, Түүнд —Та хэдий болтол биднийг эргэлзүүлэх юм бэ? Хэрэв Та Христ мөн юм бол, бидэнд шуудхан хэлээч гэсэнд Есүс тэдэнд —Би та нарт хэлсэн. Та нар итгэдэггүй. Эцэгийнхээ нэрээр үйлдсэн Миний үйлс Намайг гэрчилдэг. Харин та нар Миний хонин сүрэг биш учир итгэдэггүй. Миний хонин сүрэг дууг минь сонсдог. Би тэднийг мэддэг бөгөөд тэд Намайг дагадаг юм. Би тэдэнд мөнх амийг өгнө. Тэд хэзээ ч мөхөхгүй бөгөөд тэднийг хэн ч Миний гараас булаахгүй. Тэднийг Надад өгсөн Миний Эцэг бүхнээс аугаа бөгөөд тэднийг хэн ч Эцэгийн гараас булааж чадахгүй. Би болон Эцэг нэг юм гэж айлдлаа.
ИОХАН 10:7-30 Ариун Библи 2013 (АБ2013)
Тэгээд Есүс дахин тэдэнд —Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Хонины үүд нь Би байгаа юм. [Надаас урьд] ирэгсэд бүгд хулгайч, дээрэмчид юм. Харин хоньд тэднийг сонсоогүй. Үүд нь Би байгаа юм. Надаар орсон нь аврагдах болно. Орж гарч бэлчээр олно. Хулгайч зөвхөн хулгайлан, алж, сүйтгэхээр ирдэг. Би тэднийг амьтай, бялхсан амьтай байлгахын тулд ирсэн билээ. Сайн хоньчин нь Би байгаа юм. Сайн хоньчин хоньдынхоо төлөө амиа өгдөг. Хөлсний хүн бол хоньчин биш, хоньд ч түүнийх биш учир чоно ирэхийг хараад тэрээр хоньдыг орхин зугтдаг. Чоно хоньдыг цөлмөж, тараадаг. Тэр хөлсний хүн бөгөөд хоньдод санаа тавьдаггүй тул зугтдаг. Сайн хоньчин нь Би байгаа юм. Би Өөрийнхийгөө мэдэх бөгөөд Өөрийнхөн минь Намайг мэднэ. Үүнчлэн Би Эцэгээ мэдэхийн адил Эцэг минь Намайг мэддэг юм. Би хоньдын төлөө амиа өгнө. Энэ хашаан дахь хоньдоос өөр хоньд Надад бий. Би тэднийг бас авчрах ёстой. Тэд дууг минь сонсоно. Тэгээд тэд нэг хоньчинтой нэг сүрэг болно. Тиймээс Эцэг Намайг хайрладаг. Учир нь Би амиа буцааж авахын тулд амиа өгнө. Хэн ч амийг минь Надаас авахгүй. Харин Би Өөрөө түүнийг өгнө. Амиа өгөх эрх мэдэл Надад бий, буцааж авах эрх мэдэл нь ч бий. Энэ тушаалыг Би Эцэгээсээ хүлээн авсан юм гэв. Энэ үгнээс болж иудейчүүдийн дунд дахин хагарал гарчээ. Тэдний олонх нь —Түүнд чөтгөр шүглэж. Тэр солиотой юм байна. Та нар юунд Түүнийг сонсоно вэ? гэлээ. Зарим нь —Чөтгөр шүглэгчийн үг энэ биш ээ. Сохрын нүдийг чөтгөр нээж чадах уу? гэж байлаа. Сүмийг Шинэтгэн ариусгасны баяр Иерусалимд болж байлаа. Тэгэхэд өвөл байв. Есүс сүм дотор Соломоны танхимд явж байжээ. Тэгтэл иудейчүүд Түүнийг тойрч, Түүнд —Та хэдий болтол биднийг эргэлзүүлэх юм бэ? Та Христ мөн юм бол бидэнд шуудхан хэл гэсэнд Есүс тэдэнд —Би та нарт хэлсэн. Та нар итгэдэггүй. Эцэгийнхээ нэрээр үйлдсэн үйлс минь Намайг гэрчилдэг. Харин та нар хоньд минь биш учир итгэдэггүй. Миний хоньд дууг минь сонсдог. Би тэднийг таньдаг бөгөөд тэд Намайг дагадаг юм. Би тэдэнд мөнх амийг өгнө. Тэд хэзээ ч мөхөхгүй бөгөөд тэднийг хэн ч гараас минь булаахгүй. Тэднийг Надад өгсөн Эцэг минь бүхнээс аугаа бөгөөд тэднийг хэн ч Эцэгийн гараас булааж чадахгүй. Би болон Эцэг нэг юм гэж айлдлаа.