Иохан 10:22-39

Иохан 10:22-39 АБ2013

Сүмийг Шинэтгэн ариусгасны баяр Иерусалимд болж байлаа. Тэгэхэд өвөл байв. Есүс сүм дотор Соломоны танхимд явж байжээ. Тэгтэл иудейчүүд Түүнийг тойрч, Түүнд —Та хэдий болтол биднийг эргэлзүүлэх юм бэ? Та Христ мөн юм бол бидэнд шуудхан хэл гэсэнд Есүс тэдэнд —Би та нарт хэлсэн. Та нар итгэдэггүй. Эцэгийнхээ нэрээр үйлдсэн үйлс минь Намайг гэрчилдэг. Харин та нар хоньд минь биш учир итгэдэггүй. Миний хоньд дууг минь сонсдог. Би тэднийг таньдаг бөгөөд тэд Намайг дагадаг юм. Би тэдэнд мөнх амийг өгнө. Тэд хэзээ ч мөхөхгүй бөгөөд тэднийг хэн ч гараас минь булаахгүй. Тэднийг Надад өгсөн Эцэг минь бүхнээс аугаа бөгөөд тэднийг хэн ч Эцэгийн гараас булааж чадахгүй. Би болон Эцэг нэг юм гэж айлдлаа. Иудейчүүд Түүн уруу чулуудахаар дахин чулуу шүүрцгээв. Есүс тэдэнд —Олон сайн үйлсийг Эцэгээсээ Би та нарт үзүүлсэн. Тэдгээрийн алинаас нь болж та нар Над уруу чулуу шиднэ вэ? гэхэд иудейчүүд Түүнд —Сайн үйлийн чинь төлөө биш, харин Бурханыг доромжилсны чинь төлөө бид Тан уруу чулуу шиднэ. Учир нь Та хүн байж, Өөрийгөө Бурхан болгож байна гэв. Есүс тэдэнд —Танай хуульд “Бурхад билээ та нар гэж Би айлдсан” гэж бичигдсэн байдаг биш үү? Бурханы үг авсан хүмүүсийг тэрээр бурхад гэж нэрлэсэн бол (Бичвэр нь зөрчигдөхгүй), Эцэгийн ариусгасан, ертөнцөд илгээсэн Нэгэнийг “Би Бурханы Хүү байна” гэснээс нь болж “Бурханыг доромжлогч” гэж та нар хэлж байна уу? Би Эцэгийнхээ үйлсийг эс үйлдвээс Надад бүү итгэ. Харин Би тэдгээрийг үйлдвэл та нар Надад итгэхгүй байлаа ч тэдгээр үйлсэд итгэ. Тэгвэл Миний дотор Эцэг, Эцэгийн дотор Би буйг та нар мэдэж, ойлгоно гэж айлдав. Тиймээс тэд дахин Түүнийг барихыг завдсан боловч Есүс тэдний гараас мултрав.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна