ИОХАН 10:22-39

ИОХАН 10:22-39 Ариун Библи 2013 (АБ2013)

Сүмийг Шинэтгэн ариусгасны баяр Иерусалимд болж байлаа. Тэгэхэд өвөл байв. Есүс сүм дотор Соломоны танхимд явж байжээ. Тэгтэл иудейчүүд Түүнийг тойрч, Түүнд —Та хэдий болтол биднийг эргэлзүүлэх юм бэ? Та Христ мөн юм бол бидэнд шуудхан хэл гэсэнд Есүс тэдэнд —Би та нарт хэлсэн. Та нар итгэдэггүй. Эцэгийнхээ нэрээр үйлдсэн үйлс минь Намайг гэрчилдэг. Харин та нар хоньд минь биш учир итгэдэггүй. Миний хоньд дууг минь сонсдог. Би тэднийг таньдаг бөгөөд тэд Намайг дагадаг юм. Би тэдэнд мөнх амийг өгнө. Тэд хэзээ ч мөхөхгүй бөгөөд тэднийг хэн ч гараас минь булаахгүй. Тэднийг Надад өгсөн Эцэг минь бүхнээс аугаа бөгөөд тэднийг хэн ч Эцэгийн гараас булааж чадахгүй. Би болон Эцэг нэг юм гэж айлдлаа. Иудейчүүд Түүн уруу чулуудахаар дахин чулуу шүүрцгээв. Есүс тэдэнд —Олон сайн үйлсийг Эцэгээсээ Би та нарт үзүүлсэн. Тэдгээрийн алинаас нь болж та нар Над уруу чулуу шиднэ вэ? гэхэд иудейчүүд Түүнд —Сайн үйлийн чинь төлөө биш, харин Бурханыг доромжилсны чинь төлөө бид Тан уруу чулуу шиднэ. Учир нь Та хүн байж, Өөрийгөө Бурхан болгож байна гэв. Есүс тэдэнд —Танай хуульд “Бурхад билээ та нар гэж Би айлдсан” гэж бичигдсэн байдаг биш үү? Бурханы үг авсан хүмүүсийг тэрээр бурхад гэж нэрлэсэн бол (Бичвэр нь зөрчигдөхгүй), Эцэгийн ариусгасан, ертөнцөд илгээсэн Нэгэнийг “Би Бурханы Хүү байна” гэснээс нь болж “Бурханыг доромжлогч” гэж та нар хэлж байна уу? Би Эцэгийнхээ үйлсийг эс үйлдвээс Надад бүү итгэ. Харин Би тэдгээрийг үйлдвэл та нар Надад итгэхгүй байлаа ч тэдгээр үйлсэд итгэ. Тэгвэл Миний дотор Эцэг, Эцэгийн дотор Би буйг та нар мэдэж, ойлгоно гэж айлдав. Тиймээс тэд дахин Түүнийг барихыг завдсан боловч Есүс тэдний гараас мултрав.

Хуваалцах
ИОХАН 10 унших

ИОХАН 10:22-39 Ариун Библи, 2004 (АБ2004)

Иерусалимд сүмийг Шинэтгэн ариусгасны баяр болж байлаа. Тэгэхэд өвөл байв. Есүс сүм дотор Соломоны танхимд явж байжээ. Тэгтэл иудейчүүд Түүнийг тойрч, Түүнд —Та хэдий болтол биднийг эргэлзүүлэх юм бэ? Хэрэв Та Христ мөн юм бол, бидэнд шуудхан хэлээч гэсэнд Есүс тэдэнд —Би та нарт хэлсэн. Та нар итгэдэггүй. Эцэгийнхээ нэрээр үйлдсэн Миний үйлс Намайг гэрчилдэг. Харин та нар Миний хонин сүрэг биш учир итгэдэггүй. Миний хонин сүрэг дууг минь сонсдог. Би тэднийг мэддэг бөгөөд тэд Намайг дагадаг юм. Би тэдэнд мөнх амийг өгнө. Тэд хэзээ ч мөхөхгүй бөгөөд тэднийг хэн ч Миний гараас булаахгүй. Тэднийг Надад өгсөн Миний Эцэг бүхнээс аугаа бөгөөд тэднийг хэн ч Эцэгийн гараас булааж чадахгүй. Би болон Эцэг нэг юм гэж айлдлаа. Иудейчүүд Түүн уруу чулуудахаар дахин чулуу шүүрцгээв. Есүс тэдэнд —Эцэгээсээ олон сайн үйлсийг Би та нарт үзүүлсэн. Тэдгээрийн алинаас нь болж та нар Над уруу чулуу шиднэ вэ? гэхэд иудейчүүд Түүнд —Сайн үйлсийн чинь төлөө биш, харин Бурханыг доромжилсны чинь төлөө бид Тан уруу чулуу шиднэ. Учир нь Та хүн байж, Өөрийгөө Бурхан болгож байна гэв. Есүс тэдэнд —Танай Хуульд “Та нар бол бурхад юм гэж Би айлдсан” гэж бичигдсэн байдаг биш үү? Хэрэв Тэр Бурханы үг авсан хүмүүсийг бурхад хэмээн нэрлэсэн бол (Судар нь зөрчигдөхгүй), Эцэгийн ариусгасан, ертөнцөд илгээсэн Нэгэнийг “Би Бурханы Хүү байна” гэснээс болж та нар “Та Бурханыг доромжлогч” гэж хэлж байна уу? Хэрэв Би Өөрийн Эцэгийн ажлуудыг хийхгүй байвал, Надад бүү итгэ. Харин хэрэв Би тэдгээрийг хийвэл, та нар Надад итгэхгүй байлаа ч тэдгээр ажлуудад итгэ. Тэгвэл Миний дотор Эцэг байгааг, Эцэгийн дотор Би байгааг та нар мэдэж, ойлгоно гэж айлдав. Тиймээс тэд дахиж Түүнийг барихаар завдсан боловч, Есүс тэдний гарт орсонгүй.

Хуваалцах
ИОХАН 10 унших