Иеремиа 39
39
Иерусалимын уналт
1Иудагийн хаан Зедекиагийн есдүгээр оны аравдугаар сард Вавилоны хаан Небухаднезар болон бүх цэрэг нь Иерусалимын эсрэг ирж, түүнийг бүслэв. 2Зедекиагийн арван нэг дэх оны дөрөвдүгээр сард, тэр сарын есөнд хотын хэрэм цөмлөгджээ. 3Тэгэхэд Вавилоны хааны бүх түшмэд болох Нергал-сар-езер, Самгар-небу, ахлах тайган Сар-сехим, тэргүүн мэргэч Нергал-сар-езер#39:3 Эдгээр эрсийн нэр цол нь тодорхой бус. болон Вавилоны хааны хамаг үлдсэн түшмэд орж ирэн Дунд дааман хаалганы дэргэд сууцгаав. 4Иудагийн хаан Зедекиа болон бүх дайчин эрс тэднийг хараад, хааны цэцэрлэгийн замаар хоёр хэрмийн хоорондох хаалгаар дамжин хотоос шөнөөр зугтан гарчээ. Тэрээр Арабагийн замаар явав. 5Гэвч халдеичуудын цэргүүд тэднийг мөшгөн хөөж, Иерихогийн талд Зедекиаг гүйцэж барьсан бөгөөд тэд түүнийг бариад, Хаматын нутаг дахь Риблад буй Вавилоны хаан Небухаднезар дээр аваачсан ба тэрээр түүнд ял оноов. 6Дараа нь Вавилоны хаан, Зедекиагийн хөвгүүдийг Риблад нүднийх нь өмнө алав. Вавилоны хаан бас Иудагийн бүх дээдсийг алав. 7Тэрээр Зедекиагийн нүдийг ухаж хаяад, түүнийг Вавилонд аваачихаар хүрэл дөнгөөр дөнгөлжээ. 8Халдеичууд мөн хааны өргөө болон хүмүүсийн гэрийг галдан шатааж, Иерусалимын хэрмийг нураав. 9Хотод үлдсэн ард түмний үлдэгдлүүдийг урвасан буюу түүн уруу оргосон хүмүүстэй мөн үлдсэн бусад хүмүүстэй хамт ахлах хамгаалагч Небузарадан, Вавилон уруу цөллөгт аваачив. 10Харин юу ч үгүй хамгийн ядуу зарим хүн ахлах хамгаалагч Небузарадан Иудагийн нутагт хойноо үлдээж, тэдэнд тэр өдөр усан үзмийн ба тариалангийн талбайнуудыг өгөв.
Иеремиаг суллав
11Вавилоны хаан Небухаднезар ахлах хамгаалагч Небузараданы гараар Иеремиагийн талаар тушаал буулгахдаа
— 12Түүнийг аваад асрамжилж, түүнд ямар ч муу юм бүү хий. Харин тэр чамд юу гэж хэлсний дагуу түүнд үйлд гэв. 13Тиймээс харуулын ахмад Небузарадан ахлах тайган Небушазбан, тэргүүн мэргэч Нергал-сар-езер болон Вавилоны хааны бүх удирдагчид хүн илгээв. 14Тэд илгээж, харуулын хашаанаас Иеремиаг гарган авав. Тэд түүнийг гэрт нь аваачуулахаар Шафаны ач, Ахикамын хүү Гедалиад хариуцуулав. Ингэж тэрээр хүмүүсийн дунд үлджээ.
15Иеремиаг харуулын хашаанд хоригдон байх үед ЭЗЭНий үг түүнд ирж, 16“Явж, етиоп хүн Ебед-мелехтэй ярьж, «Түг түмдийн ЭЗЭН, Израилийн Бурхан ингэж айлдаж байна. “Үзэгтүн, Би энэ хотын сайн сайхны төлөө бус, гай гамшгийн төлөө Өөрийн үгсийг авчруулж, тэр өдөр тэдгээр нь чиний өмнө биелэгдэх болно. 17Гэвч Би чамайг тэр өдөр аварна” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Чи өөрийн айдаг хүмүүсийн гарт өгөгдөхгүй. 18Учир нь Би чамайг заавал аварна. Чи илдэнд унахгүй. Харин чи Надад итгэж найдсан тул амиа олз болгон авна” гэж ЭЗЭН тунхаглаж байна» гэж хэлээрэй” гэв.
Одоогоор Сонгогдсон:
Иеремиа 39: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.