Иеремиа 36

36
Хуйлмал номыг ЭЗЭНий өргөөнд уншив
1Иудагийн хаан, Иосиагийн хүү Иехоиакимын дөрөвдүгээр онд ЭЗЭНээс Иеремиад энэ үг ирж#2Ха 24:1; 2Шс 36:5–7; Дан 1:1–2
2Хуйлмал ном авч, Миний чамд айлдсан өдрөөс буюу Иосиагийн өдрүүдээс авахуулан энэ өдрийг хүртэл Израиль, Иуда болон бүх үндэстний талаар Миний чамд айлдсан бүх үгийг түүн дээр бич. 3Өөр дээр нь авчрах гэж Миний төлөвлөдөг бүх гай гамшгийг Иудагийн гэр сонсож магад. Ингэснээр хүн бүр муу замаасаа эргэх юм. Тэгээд Би тэдний хилэнц ба нүглийг уучилна гэжээ. 4Дараа нь Иеремиа, Нериагийн хүү Барухыг дуудсан бөгөөд Барух хуйлмал бичиг дээр Иеремиад ЭЗЭНий айлдсан бүх үгийг Иеремиагаар хэлүүлж бичив. 5Иеремиа, Барухад тушааж
—Би хориотой. Би ЭЗЭНий өргөөнд орж болохгүй. 6Тиймээс чи явж, миний хэлж бичүүлсэн хуйлмал бичиг дээрээс ЭЗЭНий өргөөн дэх хүмүүст мацаг барих өдөр ЭЗЭНий үгсийг уншиж өг. Мөн чи тэднийг хотуудаасаа ирдэг бүх Иудад унших ёстой. 7Тэдний гуйлт ЭЗЭНий өмнө ирж, хүн нэгбүр нь муу замаасаа эргэж магад. Учир нь энэ ард түмний эсрэг ЭЗЭНий зарласан уур хилэн агуу гэлээ. 8Нериагийн хүү Барух ЭЗЭНий өргөөнд ЭЗЭНий үгсийг номоос уншин эш үзүүлэгч Иеремиагийн түүнд тушаасан бүхний дагуу үйлдэв. 9Иудагийн хаан, Иосиагийн хүү Иехоиакимын тавдугаар оны есдүгээр сард Иерусалим дахь бүх хүн болон Иудагийн хотуудаас Иерусалимд ирсэн бүх хүн ЭЗЭНий өмнө мацаг барихыг тунхаглав. 10Тэгэхэд Барух, ЭЗЭНий өргөөний Шинэ хаалганы үүдэн дээр, дээд хашаанд, гүүш Шафаны хүү Гемариагийн танхимд буюу ЭЗЭНий өргөөнөө Иеремиагийн үгсийг номоос бүх хүнд уншиж өгөв.
Хуйлмал номыг гүүшийн танхимд уншив
11Шафаны ач, Гемариагийн хүү Микаиа ЭЗЭНий бүх үгийг номоос сонсоод, 12тэрээр хааны өргөө уруу, гүүшийн танхимд очив. Үзэгтүн, бүх түшмэл болох гүүш Елишама, Шемаиагийн хүү Делаиа, Ахборын хүү Елнатан, Шафаны хүү Гемариа, Хананиагийн хүү Зедекиа болон бүх түшмэл тэнд сууж байв. 13Барухыг номоос хүмүүст уншиж өгөхөд өөрийн сонссон бүх үгээ Микаиа тэдэнд мэдээлэв. 14Тэгээд бүх түшмэл Кушийн гуч, Шелемиагийн ач, Нетаниагийн хүү Иехудийг Барух уруу явуулж, “Чи хүмүүст уншсан хуйлмал номоо гартаа аваад, ир” гэж хэлүүлэв. Тийн Нериагийн хүү Барух хуйлмал номыг гартаа аваад тэдэн дээр ирэв. 15Тэд түүнд
—Сууж, бидэнд түүнийг уншина уу гэж хэлээд, Барух тэдэнд түүнийг уншиж өгөв. 16Тэд бүх үгийг сонсоод, эмээн бие биенээ харж, Барухад
—Бид эдгээр бүх үгийг хаанд заавал мэдэгдэнэ гэцгээв. 17Тэд Барухаас
—Бидэнд хэлээч, чи эдгээр бүх үгийг хэрхэн бичсэн юм бэ? Түүгээр хэлүүлж бичсэн үү? гэж асуув. 18Тэгэхэд Барух тэдэнд
—Тэрээр надад эдгээр бүх үгийг хэлж, би тэднийг номон дээр бэхээр бичив гэв. 19Тэгээд түшмэд Барухад
—Яв, Иеремиа та хоёр нуугд. Хаана байгаагаа хэнд ч бүү мэдэгд гэцгээв.
Иехоиаким хуйлмал номыг шатаав
20Ингээд тэд ордон дахь хаан уруу явсан боловч хуйлмал номоо гүүш Елишамагийн танхимд хадгалж, бүх үгийг хаанд мэдээлэв. 21Дараа нь хаан хуйлмал номыг авахуулахаар Иехудийг явуулсанд тэрээр гүүш Елишамагийн танхимаас түүнийг гаргаж авав. Иехуди түүнийг хаанд болон хааны хажууд зогсож байсан бүх түшмэлд уншиж өгөв. 22Хаан өмнө нь хоовонд асаж буй галтай өвлийн ордондоо есдүгээр сард сууж байлаа. 23Иехудийг гурав, дөрвөн багана унштал, хаан түүнийг гүүшийн хутгаар огтлоод хоовон дахь галд хуйлмал номыг шатаж дуустал хоовон дахь гал уруу шидэв. 24Гэлээ ч хаан болон эдгээр бүх үгийг сонссон бүх зарц нь айсан ч үгүй, хувцсаа урсан ч үгүй. 25Елнатан, Делаиа болон Гемариа нар хуйлмал номыг шатаахгүй байхыг хаанаас гуйсан боловч тэрээр тэднийг сонссонгүй. 26Хаан өөрийн хүү Иерахмеел, Азриелын хүү Сераиа болон Абдеелын хүү Шелемиад гүүш Барух ба эш үзүүлэгч Иеремиаг баривчлахыг тушаасан боловч ЭЗЭН тэднийг нуув.
Иеремиа дахин бичив
27Тэгтэл, хуйлмал ном болон Иеремиагаар хэлүүлж Барухын бичсэн үгсийг шатаасны дараа ЭЗЭНий үг Иеремиад ирж, 28“Ондоо хуйлмал номыг дахин авч, Иудагийн хаан Иехоиакимын шатаасан эхний хуйлмал номд байсан урьдын бүх үгийг түүн дээр бич. 29Иудагийн хаан Иехоиакимын талаар чи «ЭЗЭН ингэж айлдаж байна. “Чи энэ номыг “Яагаад Вавилоны хаан лавтайяа ирж, энэ нутгийг устгаж, хүн ба адгуус амьтныг энд байхгүй болгоно” гэж бичив? гэж хэлэн шатаав.” 30Тиймээс Иудагийн хаан Иехоиакимын талаар ЭЗЭН ингэж айлдаж байна. “Түүнд Давидын сэнтийд залрах хэн ч үгүй байх бөгөөд үхсэн бие нь өдрийн бүгчим халуун болон шөнийн хүйтэн жаварт хаягдах болно. 31Би мөн түүнийг, үр удмыг нь бас зарц нарыг нь тэдний хилэнцийн төлөө шийтгэж, тэдэн дээр болон Иерусалимын оршин суугчид, Иудагийн хүмүүс дээр тэдэнд Өөрийн тунхагласан бүх гай гамшгийг авчирна. Харин тэд сонсоогүй” хэмээв» гэж хэл” гэв. 32Тэгээд Иеремиа ондоо хуйлмал номыг авч, түүнийг Нериагийн хүү гүүш Барухад өгсөнд тэрээр түүн дээр Иудагийн хаан Иехоиакимын галд шатаасан номын бүх үгийг Иеремиагаар хэлүүлж бичив. Тэдэн дээр олон төстэй үг нэмэгдлээ.

Одоогоор Сонгогдсон:

Иеремиа 36: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү