Иеремиа 13
13
Маалинган бүс
1ЭЗЭН надад “Явж, өөртөө маалинган бүс худалдан аваад бүсэлхийгээрээ бүсэл, харин түүнийг усанд бүү хийгээрэй” гэж айлдав. 2Тиймээс би ЭЗЭНий үгийн дагуу бүс худалдан авч, бүсэлхийгээрээ бүслэв. 3Тэгтэл ЭЗЭНий үг надад хоёр дахиа ирж, 4“Худалдаж аваад бүсэлхийдээ бүсэлсэн бүсээ аваад, босож Евфрат уруу яв. Түүнийг тэнд хадны завсар нуу” гэж айлдав. 5Тиймээс, ЭЗЭНий надад тушаасны дагуу би явж, түүнийг Евфратын хажууд нуув. 6Олон өдрийн дараа ЭЗЭН надад “Босож, Евфрат уруу явж, нуу гэж Миний чамд тушаасан бүсийг тэндээс ав” гэж айлдлаа. 7Тэгээд би Евфрат уруу явж, ухаж нуусан газраасаа бүсээ авлаа. Үзэгтүн, өнөөх бүс үжирч, бүрмөсөн хэрэггүй болсон байв. 8Тэгтэл ЭЗЭНий үг надад ирж, айлдахдаа 9“ЭЗЭН ингэж айлдаж байна. “Яг үүнчлэн Би Иудагийн бардам занг болон Иерусалимын үлэмж бардам занг устгана. 10Үгсийг минь сонсохоос татгалздаг, зүрхнийхээ гөжүүдлэлээр алхдаг бөгөөд өөр бурхдын араас үйлчлэхээр бас бөхийн мөргөхөөр явсан энэ хорон муу хүмүүс яг энэ ямар ч хэрэггүй бүс шиг болог. 11Учир нь бүс хүний бүсэлхийд барьцалддаг шиг Израилийн бүхэл гэрийг болон Иудагийн бүхэл гэрийг Би Өөртөө барьцалдуулсан нь тэд Миний хувьд ард түмэн, нэр хүнд, магтаал, алдар болохын тулд байлаа. Гэвч тэд сонсоогүй” гэж ЭЗЭН тунхаглаж байна.
Дарсны домбо
12Тиймээс чи тэдэнд энэ үгийг хэлэх ёстой. “Израилийн Бурхан, ЭЗЭН ингэж айлдаж байна. «Домбо бүрийг дарсаар дүүргэх ёстой» хэмээв.” Тэд чамд “Домбо бүрийг дарсаар дүүргэх ёстой гэдгийг мэдэхгүй гэж биднийг бодоо юу?” гэхэд 13чи тэдэнд “ЭЗЭН ингэж айлдаж байна. «Үзэгтүн, Би энэ газар нутгийн бүх оршин суугчийг буюу Давидын сэнтийд суугч хаад, тахилч нар, эш үзүүлэгчид болон Иерусалимын бүх оршин суугчийг согтуурлаар дүүргэнэ! 14Би тэднийг эцгүүд болон хөвгүүдийнх нь хамт бие биеийнх нь эсрэг бут цохино» гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Би тэднийг өрөвдөх ч үгүй, харамсах ч үгүй, энэрэх ч үгүй устгана” хэмээв” гэж хэл гэв.
Олзлогдох аюул занал
15Сонсож, анхаарал тавь, битгий бардамна.
Учир нь ЭЗЭН айлджээ.
16Тэрээр харанхуйг авчрахаас өмнө,
Бүрэнхий уулс дээр мөн хөл чинь бүдрэхээс өмнө
Та нарыг гэрэл гэгээг найдан хүлээх хооронд
Тэрээр түүнийг үхлийн харанхуй, үхлийн сүүдэр болгохоос өмнө
Бурхан ЭЗЭНдээ алдрыг өргө.
17Харин чи үүнийг сонсохгүй бол
Сэтгэл минь бардам зангийн өмнөөс нууцгайлан уйлна.
ЭЗЭНий сүрэг олзлогдсон тул миний нүд гашуунаар уйлж, нулимс урсгана.
18Хаанд болон эх хатанд
“Дорд газар сууцгаа.
Учир нь та нарын гоёмсог титэм толгойноос чинь унасан юм” гэж хэл.
19Негевийн хотууд цоожлогдож, онгойлгох хэн ч алга.
Бүх Иуда цөлөгджээ, бүхлээрээ цөлөгджээ.
20Нүдээ өргөж, хойд зүгээс ирж байгаа хүмүүсийг хар.
Чамд өгөгдсөн хонин сүрэг, сайхан хонинууд чинь хаана байна вэ?
21Чи өөрөө тэднийг сургасан байтал
Урьдын нөхдийг чинь Тэр чиний дээр
Чамайг захируулахаар тавивал чи юу гэх вэ?
Хүүхдээ төрүүлж буй эмэгтэй шиг өвчинд чи баригдахгүй гэж үү?
22Хэрвээ чи зүрхэндээ “Энэ зүйлс яагаад надад тохиолдов?” гэж хэлбэл
Хилэнц чинь маш их болсноос банзал чинь сөхөгдөв,
Өсгий чинь ил гарав.
23Етиоп хүн арьсаа, ирвэс толбоо өөрчилж чадах уу?
Тэгвэл л мууг үйлдэж зуршсан чи сайныг үйлдэж чадах биз.
24Тиймээс Би тэднийг хийсэх сүрэлтэй адил цөлийн салхинд тараана.
25Энэ чиний шавга, Надаас чамд хэмжиж өгсөн хувь юм гэж
ЭЗЭН тунхаглаж байна.
“Учир нь чи Намайг мартаж,
Худал хуурмагт итгэсэн билээ.
26Иймээс, ичгүүрийг чинь харагдуулахын тулд
Би Өөрөө ч бас хормойг чинь нүүрэн дээгүүр чинь сөхсөн.
27Садарлал болон хүсэл тачаалыг чинь,
Тал хээр дэх толгодын дээр буй биеэ үнэлэх булай явдлыг чинь,
Би жигшүүрт зүйлсийг чинь харсан билээ.
Золгүй еэ! Иерусалим аа!
Чи хэр удаан цэвэр бус байсаар байх вэ?”
Одоогоор Сонгогдсон:
Иеремиа 13: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.